Оюутолгойн орлогын 54 хувийг монголчууд хүртэнэ

oyu0529“Сайдын цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид оролцож мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Энэ он гарснаар Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай асуудлыг УИХ-аар шийдүүлэх шийдвэрийг гаргуулсан. Цаашдаа Монгол Улс хэдэн хувь эзэмших тухай асуудлууд үлдээд байгаа. Энэ чиглэлээр хөрөнгө оруулагч талтай манай яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг яриа хэлэлцээр явуулж байна. Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулсан байгаа. Энэ бол стратегийн ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод улс 50 хүртэл хувь эзэмших, хувийн хэвлийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордын 34 хүртэлх хувийг нь улс эзэмших заалт байдаг. Үүнтэй дүйцүүлээд стратегийн ордын хувьд ашигт малтмал ашигласны тусгай төлбөр гэдэг ухагдахууныг гаргаж ирсэн. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх боломжийг нээж байгаа хууль гэж хардаг. Урсац бүрэлдэх эхийн хувьд хамгаалалтад авна гэдэг зарчим баримтална. Ойн сан бүхий газар бол ойн хуулиараа асуудлыг шийдэх, усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсийн хувьд бүсийг нь шинэчлэн тогтоогоод дотор нь холбогдох арга хэмжээг нь авч, нөхөн сэргээлт хийнэ гэсэн үндсэн зарчмууд тусгасан. Өнгөрсөн долоо хоногт батлагдсан төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны 30 хувийг нь орон нутагт хуваарилах боломж нээгдэж байгаа. 30 хувиа 100 хувь гэж авч үзвэл түүний 70 хувийг нь нийслэлд, 20 хувийг нь аймагт, 10 хувийг нь сумд нь хуваарилахаар зохицуулалт орж ирж байгаа юм. Ингэснээр уул уурхайг орон нутагт хөгжүүлэх нөхцөл бололцоог нь хангах хууль эрх зүйн орчин бүрдэж байна” гэлээ.

 

Мөн тэрбээр “Оюутолгой” төсөл олны анхаарлын төвд байгаа. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсэг сүүлийн 3 сарын хугацаанд эрчимтэй ажилласны үр дүнд энэ сарын 18-ны өдөр Дубай хотноо Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд Монголын талаас “Эрдэнэс монгол” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК компани, хөрөнгө оруулагч талтай гарын үсэг зурсан. Ингэснээр төслийн санхүүжилт болон татварын талаарх санал зөрүүтэй байсан асуудал болон хөрөнгө оруулалтын гэрээний зарим тодорхой бус байсан заалтуудыг ойлгомжтой болгож, далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх боломж бүрдсэн. Улмаар Монгол Улсын эдийн засаг дахь гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлсэн. Энэ төлөвлөгөөгөөр “Оюутолгой” төслийн нийт орлогын 54 орчим хувийг Монголын тал хүртэхээр болж, тус компанийн санхүү, үйл ажиллагаанд Монголын тал хяналт тавих тогтолцоог бий болгож, менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед гурван хувь байхаар тогтсон. Мөн 4.2 тэрбум ам.долларыг төслийн зээлд зарцуулахаар тохирсон байна” гэв.

 

Нүүрсний салбарын зах зээл уналттай байгаатай холбогдуулан Уул уурхайн сайдын ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг 14 хоног тутамд хуралдаж, голлох үйлдвэрлэгч, экспортлогчдод тулгамдаж буй асуудлыг судлан, гарц шийдлийг олох ажил зохион байгуулжээ. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангиллын дагуу тооцох авах болсон. Мөн нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний гаалийн коджилтийн ажлыг ГЕГ-тай хамтран хийсэн байна. Одоо “Нүүрс” хөтөлбөр боловсруулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээр тооцож авах Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-т хүргүүлэх, нүүрсний зах зээл, экспортод учирч байгаа хүндрэлийг судлах, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа гэнэ.

 

Г.Мягмарсүх

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих