“Хөгжимчин” (өгүүллэг)
Нэг орой миний танил утасдаж чи будгийнхаа ажилд нэг хүн аваач саяхан Монголоос ирсэн юм гэснээр тэр залууг би туслахаар авч ажиллуулсан юм. Түүнийг Золбоо гэнэ, цонхигор царай, турьгүй гар хуруу нь хар бор ажил хийж байсан шинж үгүй. Нэг өдөр бид хоёр Оакландын ар талын ууланд байдаг баян айлын байшингийн дотор талыг будсан юм. Хэсэг ажиллаж байгаад эргээд харахад Золбоо ажилаа ч мартсан бололтой нэг зүйлийг гөлөрсөн харагдана. Тэр нь эртний маш гоёмсог төгөлдөр хуур байв. Үүнийг харсан гэрийн эзэн дооглонгүй харж наадах том хайрцаг чинь төгөлдөр хуур гэдэг хөгжим байгаа юм гэхэд нь Золбоо би дарж болох уу? гэвэл тэд дуртай дургүй толгой дохив.
Түүний бүхий л санаа сэтгэл тэр хөгжим дээр харагдана. Золбоо хөгжмийн ард зөөлхөн сууж хэсэг чимээгүй байснаа өнөөх хэдэн турьгүй хуруу жирэлзэн хөдөлхөд үнэхээр тансаг аялгуу дуурсан цацарч тэр өрөөг нь концертийн танхим шиг болгоодхов. Гэрийн эзэд бүгд хөшиж орхисон байлаа. Энэ удаа тэр Бетховеноос тоголж байлаа. Тансаг ая дуусхад гэрийн эзэд алга ташин баяр хүргэж хаана ингэж сайн сурсан юм бэ? гэхэд Золбоо би Москвагийн Хөгжмийн Дээд Сургууль төгссөн юмаа гээд будаг, багсаа бариад эргэв. Би ч будаг багсаа бариад бүүр хөшиж орхисон байлаа.
Ажлаа дуусаад явахад гэрийн эзэн, маргааш орой манайд олон зочид ирж баяр тэмдэглэх юм, та хоёр ирж сайхан хөгжим тоголж өгнө үү? гэв. Маргааш нь хоёулаа ажилаа тараад гайгүй гэсэн хувцсаа өмсөөд нөгөөх Америк айлыг зорилоо. Гэрийн эзэн босч өнөөдөр алс Монголоос ирсэн энэ залуу та бидэнд зориулж сайхан аяс тоголж өгөхөөр ирсэн юм дараа нь танилцуулья гэв. Золбоо хэзээний сурсан хүний маягаар толгойгоо хэдэнтэй мэхийн ёслоод хөгжмийн ард сууж суудлаа зассанаа нөгөө л хэдэн турьхан хуруу нь жирэлзэн хөдөлж гоё тансаг ая дуурсан давалгаалж, цуурайтаж зочидыг бишрүүлж байлдан дагуулваа. Босох нь босч, алга ташицгааж “браво” гэж чанга хэлэх нь ч сонсогдоно.
Золбоог нилээд хэдэн дэлхийн сонгодог хөгжмөөс тоголсоны дараа гэрийн эзэн босч, бидэнд энэ сайхан хөгжим тоголж өгсөн залуу бол Москва хотын Хөгжийн Дээд Сургууль төгссөн, хөгжимчин Золбоо гэж танилцуулхад зочидын ам алд дэлэм унаад явчихав. Бид хоёрыг явхаар гархад зочид гаргаж өгцгөөв. Золбоотой гар барин зарим нь тэврэн авч гүн хүндэтгэл үзүүлцгээв.
Бүдэг гэрэлтэй уулын замаар машинтайгаа биднийг уруудахад тэр олон хүмүүс гар далалсаар үлдэж билээ. Энэ өдөр би үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Тиймээ дэлхийн тэргүүний хөгжилтэй орны өндөр соёлтой гэж ихэрхдэг эдгээр баячуудыг хар ажил хийж байсан жирийн Монгол залуу дэлхийн сонгодог хөгжмөөс маш чадварлаг тоголж бишрүүлсэнд би сэтгэл өндөр байсан юмаа. Үүнээс хойш Золбоотой барилга дээр хамт ажиллаж байхдаа -Хөөш чи наадах гар хуруугаа болгоомжтой байгаач… гэж хашгирдаг болж билээ.
URL: