Үхэл ханхлуулсан Дарханы зам

darhan_103

Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэсэн автозамаар зорчиход ихээхэн хүндрэлтэй байна. Энэ бол өнгөрсөн долоо хоногийн сүүлч үеийнхийг харуулсан зураг. Одоо ч энэ хэвээр. Өнгөрсөн сараас цаг агаар дулаарч, газрын хөрс гэссэнээс замын эвдрэл гарсан бололтой. Баруунхараагаас цааш 20 орчим км явахад замын эвдрэл бүр нэмэгджээ. Бүр 50 хүрэхгүй метр зайтай асфальтан хуулга хөрстэйгээ эргэсэн, энд тэндгүй овон товойсон эвдрэл давтагдсан байна.

Зарим хэсэгт цементтэй шороо овоорсон байхад зарим хэсэгт замын асфальтан хуулга хэдэн хэсэгт хуваагдан, шороон зам бий болчихож. Бүр тодруулбал, Хустайн даваанаас Хонгор орох хэсэг хамгийн түрүүнд эвдэрч, тал дахь үлийн цагаан оготны нүх шиг болчихсон байх агаад үүнээс болж олон машин эвдэрч, замын хажуугаар эгнэн зогссон байлаа.

Уг нь жилийн жилд л тус замд улсаас асар их хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж засдаг ч хэдхэн сарын дараа иргэд шороон замаар зорчиж машин тэргээ эвдлэн сүйтгэсээр байна. Товчхондоо бол цаг сайхан байх үед Улаанбаатараас Дархан ороход 224 километр замыг 2:30 цагт туулдаг байсан. Харин одоо замын эвдрэл, засварын ажлаас болж Дарханыг зорьсон суудлын жижиг тэрэг бараг таван цаг явж тус аймагт очиж байгаа бол хот хоорондын зорчигч тээврийн том автобусыг бол бүр ч ярилтгүй. Угтаа бол хоёр цаг гаруй явж очих ёстой газарт тав, зургаан цаг сэгсчүүлсэн зорчигчид уур бухимдлаа жолооч нарт гарган тэднийг хараан зүхэж бөөн хэрүүл шуугиан тарьж байна.

Одоо бол Баруунхараа буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас Дархан-Уул аймгийн Хонгор сум орох замын арваад км газарт машин огт явах боломжгүй болж машинууд уул хадаар тойрч, авто замын хажуугаар олон салаа шороон зам гарган, байгаль орчин сүйтгэж байгаа дүр зураг Дарханы замаас тодхон харагдаж байна.

Үүний улмаас сул тоос шороо ихээр босч, зам битгий хэл урдах машинаа харахад бэрхшээлтэй болсон дүр зураг харагдлаа. Иймээс жолооч нар дураараа зам үүсгэж замын хажуу талаар давхицгааж эс бөгөөс эвдэрсэн замаар хурд хэтрүүлж, жаахан хурдтай яваа машин осол аваар хийх хэмжээнд хүрчихсэн байна. Энэ замаар явж байгаа нийтийн тээврүүд тэр дундаа том оврын автобуснуудын нум тэсэхгүй байгааг жолооч нар нь хэлж байв. Том оврын автобус битгий хэл суудлын машинууд ч амаржинд нь дуу орж, дугуйгаа хагалах нь энгийн үзэгдэл болоод байна.
Төр мөнгөгүй, зам нөхөөсгүйн гайгаар хамгийн их хөдөлгөөнтэй Дарханы зам дээр хүмүүс эд хөрөнгө, амь насаараа хохирч байхад нийслэлд 122 км хурдны зам барихад 122 тэрбум төгрөг зарцуулахаар болж байсан.

Түүнчлэн 33 уулзвар тохижуулахад 200 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа. Энэ мэтээр нийслэлийн замд анхаарсан байж, эрх мэдэлтнүүд Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг хатуу хучилттай гэсэн шалтгаанаар өнгөрсөн хугацаанд огт хайхрахгүй байгаа нь төрийн харалган бодол гэж хэлэхээс өөр юу гэх вэ дээ. Яг үнэндээ энэхүү чанаргүй замаас болж Дарханы замд асар их осол аваар гарсаар байгаа. Өөрөөр хэлбэл, замын эвдрэлийг жолооч нар тойрч гарах гээд эсрэг урсгал руу орж, машинтай мөргөлдөх нь ихэсэх боллоо. Тухайлбал, 2013 онд 500 орчим иргэн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байдаг. Үүний 70 орчим хувь нь буюу 300 орчим хөдөө орон нутгийн замд осолдсон байдаг. Осолдсон газар нь аймаг, сумын төв бус Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ, Дархан-Эрдэнэт, Улаанбаатар-Багануур-Хэнтий, Лүн, Өвөрхангай чиглэлийн замуудад зам тээврийн ноцтой ослууд гардаг гэсэн албан ёсны тоо судалгааг Замын цагдаагийн газраас өгч байсан удаатай.

Угтаа бол нийслэлээс гарсан төв магистрал замуудын 150 км-ын радиустай дээрх замууд дээр ноцтой ослууд өдөр болгон гарч байна гэж хэлэхэд нэг их дэгсдсэн болохгүй байх. Тодруулбал, өнгөрсөн оны долоодугаар сарын 15-ны өдөр 361-ын гарам буюу Дарханаас ирэх замд “Приус” маркийн автомашин “Марк-2” машинтай мөргөлдөж хоёр хүний ам нас газар дэрээ эрсэдэж 10 хүн хүндээр гэмтсэн осол гарч байсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-22-ны хооронд МХЕГ-аас дэд бүтцийн салбарт аюулгүй байдлыг хангуулах зорилгоор зохион байгуулсан “Хүний төлөө -Зөв тус” сарын аяны хүрээнд Улаанбаатар – Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын ашиглалт, засвар арчлалт, шинэчлэлтийн ажил, болон уг чиглэлийн улс, хот хоорондын ачаа, зорчигч тээврийн үйлчилгээнд ЗТЯ, ЦЕГ, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран даргын баталсан 01/53 тоот удирдамжийн дагуу холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хяналт шалгалтыг гүйцэтгэсэн.

Тухайлбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн А0401 дугаартай улсын чанартай хатуу хучилттай зам нь 1971 онд баригдаж 1997-1999 онд хэсэгчилсэн их засварын ажил хийгдэж байжээ. МХЕГ-аас өнгөрсөн онд тус чиглэлийн авто замын ашиглалтын байдалд шалгалт хийж, эвдрэл ихтэй, осол гарах нөхцөл бүрдсэн, эвдрэл ихтэй хэсэгт тээврийн хэрэгслийн аюулгүй зорчих нөхцлийг хангуулах тухай улсын байцаагчийн дүгнэлтийг гарган ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлж байсан байна. Дээрх дүгнэлтийн дагуу тус авто замын ихээхэн эвдрэлтэй 26,3 км замд хэсэгчилсэн их засварын ажлыг өнгөрсөн онд гүйцэтгэж байсан ч өмнөхөөсөө шал дордсон дүр зураг шалгалтын багийг тосчээ.

Уг нь там болсон Дарханы замыг зам болгоход Засгийн газраас 3.5 тэрбум төгрөг гаргасан ч чанартай зам болж чадсангүй. Тиймээс төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд дээрх нөхцөл байдлыг судлан авто зам, замын байгууламжийн ашиглалтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч, авто тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцлийг хангаж өгөхгүй бол олон хүний амь эрсэдсээр байх бололтой.

Р.Төгс

Эх сурвалж:


URL:

Нэр: Тогтох Огноо: 29 May 2015

Зам муу болох гол шалтгаан Дайргандаа байдаг.Нарны замыг харалдаа,Багануурын диориттой дайргаар барьсан 15 жил ямар ч асуудалгуй.Жил болгон татвар тологчдын мунгыг хайр гамгуй дэмий юманд буу зарцуул.

Нэр: Ггг Огноо: 14 April 2016

Энэ зам дээр хайран сайхан найз минь цэл залуугаараа енгерсендее. 2 жилийн емне нэг таньдаг эгчийн маань ажил амьдрал нь тэгширсэн сайхан ах бас л энэ зам дээр енгерсен…

Сэтгэгдэл бичих