Шонхорыг ашгийн төлөө экспортолъё

Монгол Улсын үндэсний баялгийн нэг болсон идлэг шонхорын хувь тавилан туйлын аюултай байдалд хүрээд буйг “Төө хол хаягдсан төрийн бахархал” нийтлэлээрээ хөндөж байсан билээ. Одоогоос хоёр жилийн өмнө хөндөгдсөн энэ сэдэв өнөөдөр ямар хэмжээнд яригдаж байгааг сонирхож, мэргэжлийн болон төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Чихэнд чимэгтэй мэдээ нь энэ асуудлаар илүү олон хүн ярьж, судалгаа ч өргөн цар хүрээг хамарчээ. Их сургуулийн хэдэн багшийн судалгаанаас өөрцгүй байсан энэ сэдэв өдгөө илүү баяжиж, зарим талаараа үр дүн нь ч харагдаж байна. Нэг үгээр хэлбэл идлэг шонхорыг аврах ажил эхэлжээ. Гэхдээ төрийн гэхээсээ илүү мэргэжлийн байгууллагуудын түвшинд илүү дэвшил гарсан байна.

6hec8mh57m5k2q046bvl0llq73

Үрждэггүй, үхдэггүй амьтан

 

Шонхорыг төрийн бахархалт шувуугаар өргөмжилсөн. Тэгэхээр энэ амьтны асуудлыг төрд заавал нялзаах ёстой гэсэн үг. Тиймээс ч төрийн төлөөлөл болгож, БОНХЯ-ны мэргэжилтэн Баясгалантай холбогдлоо. Манай улсад хэдэн шонхор байгааг тодруулсан эхний асуултад тэр “6800 үржлийн хос” бий гэсэн хариултыг өгөв. 2013 онд энэ асуудлыг хариуцаж байсан БОНХЯ-ны мэргэжилтэн Ё.Онон яг энэ тоог хэлж байсан. Тэрбээр шонхорыг тооллогыг дөрвөн жилд нэг удаа хийдэг. Хамгийн сүүлд  2010 онд тооллого хийхэд 6800 хос идлэг шонхор зусч, үүрээ засдаг гэсэн судалгааг танилцуулж байсан. Тэгэхээр салбарын яам мэдээллээ шинэчлээгүй байх нь.Таван жилийн хугацаанд шонхор үхээгүй, өсөөгүй гэсэн тайлбарыг өгөхгүй нь мэдээж байх. Ганцхан асуултаар салбарын яам шонхор хамгааллын талаар ямархан ажиллаж байгааг дүгнэж болох нь. Дараагийн асуулт ч оновчгүй хариулттай байлаа. Жилд 1000 орчим махчин шувуу өндөр хүчдэлд цохиулж үхдэг. Тэдний 60 хувь нь идлэг шонхор гэсэн мэдээллийг өгөв. Зөвхөн идлэг шонхор жилд хэдэн мянгаараа тогонд цохиулж, үхэж байгааг мэргэжлийн байгууллага судалсныг дараагийн хэсэгт дурдана. Ер нь бол БОНХЯ-наас шонхорын тоо толгой, хамгааллын талаар дорвитой мэдээлэл авахгүй нь ийн тодорхой болов. Авууштай нэг мэдээ нь тус яамны ахалсан ажлын хэсэг байгуулагдсан гэнэ лээ. Тус ажлын хэсэг өндөр хүчдэлийн шугам шувуунд аюулгүй байх стандартыг боловсруулж байгаа аж.

 

Жилд 4000 идлэг шонхор тогонд цохиулж энддэг

 

Зэрлэг амьтан хамгаалах, судлах төв өнгөрсөн жил томоохон судалгаа хийжээ. Тус байгууллага анх арабуудын хөрөнгөөр хиймэл үүрч барьж, шонхорыг өсгөн үржүүлэх зорилготой байсан. Таван аймгийн 20 суманд хиймэл үүр байрлуулж, жилд 2000 гаруй шонхор бойжуулдаг ажлын үр дүнд нь өндөр хүчдэлийн шугам гэх том “дайсан” байгааг ажигласан судлаачид энэ чиглэл рүү ажлаа шуударсан байна. Жилд бойжуулдаг 200 ангаахайн 10-20 хувь нь тогонд цохиулан эндэж байгаа нь зүй ёсны шаардлага болсон гэсэн үг.

 

Тус байгууллагын судалгаанд жилд дундажаар 4116 илдэг шонхор хүчдэлд цохиулж үхдэгийг дурдсан байна. Жил бүр 4000 орчим шонхор үхэж, сэг болдог гэсэн үг. Үүнийг Засгийн газраас тогтоосон 12 000 ам.доллараар үнэлж үзвэл жил бүр 48 сая ам.долларыг шатаадаг болж таарах нь.

 

Буруу стандарттай, байгаль орчны үнэлгээ хийгдээгүй цахилгаан түгээх шугамнаас болж, жилд 20 гаруй зүйлийн хэдэн мянган шувуу үхдэг. Тэдний 60 хувийг бидний доллар болгож хардаг идлэг шонхор эзэлдэг байна. Үүнийг идлэг шонхор элбэг байгаатай холбон тайлбарлаж болно. Олон улсад устаж буй зүйл ангид багтдаг идлэг шонхорыг манайх анхаарал татахааргүй гэж ангилсан байдаг аж. Өөрөөр хэлбэл одоогоор тоо толгойд нь санаа зовох шаардлагагүй гэсэн статус. Гэвч жилд 4000 идлэг шонхор хүчдэлд цохиулж үхэж байгааг яриад өнгөрч болохгүй. Энэ тоон дээр зүй бус хорогдол, гадагш экспортлох 100 толгой нэмэгдвэл жилд цөөнгүй тооны шонхор хасагдана. Товчхондоо хамгаалах ажлыг одоо л хийхгүй бол мөдхөн устаж буй ангилалд бичигдэнэ гэсэн үг. Тэр цагт гадныхны шүлсийг гоожуулж, доллараа тэмтэрдэг баялаг маань үгүй болно.

 

15 кв-ын шугамыг дахиж байрлуулахгүй

 

Ийм байдад хүрэхгүйн тулд яах ёстой вэ? Хариулт нь тун энгийн. Өндөр хүчдэлийн шугамуудыг шувуудад аюулгүй болгох. Тэр дундаа улсын хэмжээнд 3000 км үргэлжлэх 15 кв-ын шугамд гол анхаарлаа хандуулах хэрэгтэйг судлаачид хэлж байна. Ингэхийн тулд мөнгө хэрэгтэй, бүр багагүй хэмжээний. Зэрлэг амьтан хамгаалах, судлах төвийн захирал Б.Нямбаярын хэлж байгаагаар нэг тулгуурт 60 000 төгрөгийн засвар орж байж, шувуудад аюулгүй болох аж.Хүчдэлийн нэг шугамд 500 тулгуур байдаг гэхээр 30 сая төгрөг шаардлагатай. Энэ шугам нь Монгол орон даяар 3000 км үргэлжилдэг гэхээр тооцоо багаар бодогдохгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагын зүгээс Эрчим хүчний яаманд хэд хэдэн зөвлөмжийг хүргүүлжээ. Энэ дунд хөрөнгө мөнгө шаардахгүй ажил ч бий гэнэ. Тэгвэл энэ зөвлөмжийг Эрчим хүчний яам хэрхэн хүлээж авсныг тодруулахад нааштай хариу өгсөн шүү. Яамны зүгээс махчин шувуу тэр дундаа идлэг шонхорт заналхийлэл болоод байгаа 15 кв-ын шугамыг дахиж байрлуулахгүйгэсэн таатай мэдээг дуулгав. Мөн нэгэнт байрлуулчихсан 15 кв-ын шугамаа шувуудад аюулгүй болгох үүднээс мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу ажиллаж эхэлснээ ч мэргэжилтэн Ц.Атаржаргал хэлэв. Мэдээж  3000 км үргэлжлэх шугамыг засч, янзлах амаргүй ажил. Гэхдээ эхэлсэн нь л хамгаас чухал.

 

Шонхор шонхорыгоо хамгаална

 

Шонхорыг манайх шиг судалсан улс дэлхийд байхгүй гэнэ шүү. Ямар бүс нутагт илүү тархсан, юунаас болж хорогдож байгаа, хэдэн сард үрждэг, хэзээ үүрнээсээ нисдэг гээд энэ амьтны амьдралын бүхий л хэмнэлийг маш нарийн судалжээ. Одоо судалгаанд суурилсан бодит ажил хийгдэх л үлдээд байгааг Б.Нямбаяр захирал хэлж байна. Харин судалгаа ажил болохгүй байгаагийн гол шалтгаан нь хөрөнгө мөнгө. Тухайлбал, өндөр хүчдэлийн шугамыг шувуудад аюулгүй болгоход багадаа л 2 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг улс өгөхгүй, өгөх боломж ч байхгүй. Тэгвэл шонхор шонхорыгоо аврах нэг гарц байна. Манай улс 1994 оноос эхлэн шонхорыг экспортолж эхэлсэн. Жилд дундажаар 300 шонхорыг араб руу экспортолж, тодорхой хэмжээний ашиг олсон. Харин 2013 оноос эхлэн ашиг олох зорилгоор шонхорыг экспортлохыг хориглосон. Зөвхөн судалгаа шинжилгээ, соёлын чиглэлээр гадагш гаргах Засгийн газрын шийдвэртэй. 2018 онд хугацаа нь дуусах энэ шийдвэрийг эргэж харах шаардлага байна. Нэг шонхор 12 000 ам.доллараар үнэлэгддэг. Нэг жилд 300 шонхор гаргахад 3.6 сая ам.доллар болно. 3000 км үргэлжлэх өндөр хүчдэлийн шугамаа аюулгүй болгох мөнгийг ганцхан жилийн экспортоос олчихно гэсэн үг. Засгийн газарт мөнгө бус шийдвэр гаргах нь илүү хялбар болов уу. Жилд 300 шонхор гадагш нь гаргахад түүний тоо толгойд нь огтхон ч нөлөөлөхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагын судалгаа харуулна.

 

Хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сарын 27-ны Засгийн газрын хуралдааны шийдвэрээр 100 идлэг шонхорыг тусгай зориулалтаар гаргахаар болсон. Зуу зуугаар нь гаргахыг хориглосон 2013 оноос хойш 40 идлэг шонхорыг соёлын зориулалтаар гаргаад буй аж. Тэр бүхэн төсөвт тодорхой хэмжээний орлого оруулсан. Гэхдээ орлогоос ширхэг зоосыг ч шонхорыг хамгаалалтад зориулаагүй.

 

Гадагш нь гаргахгүй хэмээн харамласан атлаа хамгаалж ч чадахгүй шатаасаар устгах уу? Эсвэл тодорхой хэмжээг гадагш нь гаргаж, мөнгө босгон үлдсэн хэсгийнх нь өсч үржих боломжийг хангах уу. Энэ асуултыг БОНХ-ын сайд Д.Оюунхорол болон Засгийн газарт хаяглая.

 

Шонхорууд “гэртээ” дасан зохицжээ

 

Шонхор бол мөнгө гэдгийг дээрх хэсэгт тооцооллоо. Харин энэ мөнгөө “хадгалж”, хамгаалах чиглэлээр хийж буй ганц гялтайх ажил нь хиймэл үүр. Өмнө нь ч, одоо ч хийгдэж байгаа энэ ажил хуучнаар БОАЖЯ, Абу Дабигийн Байгаль орчны агентлагийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй томоохон төсөл. Санхүүжүүлэгч нь Араб. Харин гүйцэтгэгч нь Зэрлэг амьтан хамгаалах, судлах төв. 2010 оноос хойш таван жилийн хугацаанд хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Төв, Дундговь Хэнтий, Сүхбаатар, Дорноговь гэсэн таван аймгийн 20 суманд 5000 хиймэл үүр байрлуулсан байна. Энэ хиймэл үүрэнд 2011 онд 200 үржлийн хос үүрэлж 600 ангаахай, 2012 онд 380 үржлийн хосын 1298 ангаахай, 2013 онд 574 үржлийн хос үүрэлж 2000 ангаахай үүрнээс ниссэн байна. Үүрийн ашиглалтад жилээс жилд нэмэгдэж, шонхорын тоо толгойн өсөлтөд ч чухал нөлөө үзүүлж буйг дээрх тооноос харж болно.

 

Зэрлэг амьтан хамгаалах, судлах төвийнхөн үүрэнд бойжсон ангаахай бүрийг утасны дугаар, и-майл хаяг бичсэн бөгжөөр тэмдэгжүүлдэг гэдгийг тус төвийн захирал Б.Нямбаяр хэлж байна. Энэ нь наанадаж л үүрэнд бойжсон шонхорын хэдэн хувь нь хүчдэлд цохиулан эндэж байгааг тооцоолоход тус нэмэр болдог аж. Цаашлаад махчин шувуу үүрлэх боломжгүй бүс нутагт үржлийн шинэ орчинг бий болгох, идлэг шонхорын популяцийг доройтуулахгүй байх ач холбогдолтойг Хиймэл үүр төслийн тайланд дурджээ.

 

Салбарын яамны нэг мэргэжилтэн, хэдхэн шувуу судлаачаас өөр энэ сэдвээр дуугардаг хүн байхгүй байсан цаг саяхан. Харин одоо бол идлэг шонхорт “хайртай” хүмүүс олон болжээ. Энэ хэрээр хамгаалж, өсгөж үржүүлэх, аюулгүй байлгах талаар ч тодорхой асуудал дэвшүүлж, ажил ч эхэлж. Энэ дэвшилд Засгийн газрын шийдвэр, БОНХЯ, ЭХЯ, БХБЯ, МХЕГ-ын оролцоо туйлын чухал байгаа юм. Шонхорт шонхорыгоо аварч, хамгаалах “хүч” байна.

 

“Төө хол хаягдсан төрийн бахархал”  нийтлэлийг энд дарж үзнэ үү.


URL:

Сэтгэгдэл бичих