АН, МАН, МАХН ер нь бүгд буруутай

namuud-middleЗасаглалын жанжин шугам нэгэнт алдагдсан, бүр улстөрийн хямрал болчихсон. Ялсан ялагдсан, ганцаардсан, гологдсон, гомдсон бүгд нийлээд засгийн эрхийг барьж, Монгол Улсын төрөөр тоглож байна. Эдийн засгийн хямрал ч яахав, улстөр дэх олигархи бүлэглэлийг нэгэн цагт зайлуулчихвал илааршиж болох зүйл. Харин энэ улстөр дэх хямрал чухам хэзээ илааршиж эдгэхийг таашгүй.

 

Уг нь АН-ыг нэг сонгоод үзье. Улс орны амьдралд яаж нөлөөлөхийг л эергээр харах гэж сонгогч олон ялалт өгсөн байх. Түүнээс бусдаасаа илүү юм байна гэж сонгоогүйг бид мэднэ. Гэтэл өнөөдөр дээрх бүгд хамтраад Монгол Улсыг өрөнд унагачихлаа. Энэ их өрийг төлж ард нь гарна гэхэд туйлын хүнд байгааг эдийн засагчид хэлж буй. Нийгэм тэр чигээрээ уруудаж байна. Үнэндээ энэ нь засгийн эрхийг барьж байгаа ганц АН-ын ч буруу биш. Ерөөсөө л улстөр дэх бизнес бүлэглэлийн хийж байгаа ажил. УИХ-д сууж байгаа, засагт хамтарч байгаа бүхий л улстөрийн хүчний буруу.

 

Түүнээс бус “фортуна” Н.Батбаяртангууд “Чингис” бондын 1.5 тэрбум төгрөг аваад зам бүтээн байгуулалт нэрээр хувааж авч байхад хамгийн том сөрөг хүчин МАН УИХ-ыг хаяж эцсийн арга хэмжээ авч болох л байсан. Тэгээгүй. Тухайн үед засгийн хатавч бараадан сууж байсан “Шударга ёс” эвсэл засгийн хаалгыг савж хориг тавьж болох л байсан. Бас л тэгээгүй. Тэр ч бүү хэл Үндэсний эв эгдлийг илэрхийлэгч Ц.Элбэгдорж хориг тавьж болох л байсан. Огт тэгээгүй. Бусад УИХ дахь жижиг бүлэглэл ч хэвлэлээр эх оронч царайлснаас бус жинхэнэ улс орны эрх ашгийн төлөө яваагүй. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр энэ бүгд нийлээд эдийн засгаар ямар нэгэн хэмжээгээр холбоотой байгааг л хэлж байгаа хэрэг.

 

Үүнээс хойш “Самурай” бондын, хятадаас, энэтхэгээс гээд шил дарсан их өр зээл тавьж байхад бас л дуугарсангүй. Саяхан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт гэж нэг том луйвар явагдаад дууслаа. Хэн нь ч дуугарсангүй. УИХ дахь бие даагчдын зүгээс л хүчтэй шүүмжлээд хүчтэйн өмнө хүчгүйгээ харууллаа. Энэ нь олигархи бүлэглэл дэндүү нягт ажиллагаатай байгааг харуулсан хэрэг. Одоо боломж гарвал Тавантолгойн гэрээг үзэглэчих санаатай өнгөлзөж сууна. Үнэн хэрэгтээ бүгд л хэтэвч нэг байгааг олон тал дээр харуулах боллоо. Одоо бол бүр ч дуугарахгүй. Яагаад гэхээр сонгууль дөхөж байгаа учраас чимээгүйхэн шиг сууж байгаад мөнгө авах гэсэн байдалтай хандаж байна.

 

Тэгээд 2015 он гарах гарахгүйн зааг дээр өнөөх хамтраад луйвар хийж байсан улстөрийн хүчнүүд гэнэт “энхийн цагаан тагтаа” болж хувирна. Засгийн хаалгыг ч савж гарна. Тэртээ тэргүй хугацаа нь дуусч байгаа УИХ-ыг тарах хэрэгтэй ч гэж хэлж чадах гарууд. Харин МАН нь эхэлж засгийн хаалгыг савах уу, МАХН-МҮАН-ын “шударга ёс” эвсэл нь эхэлж савах уу гэдэг нь одоогоор тодорхой бус байна.

 

Уншигч та ажиглаж байгаа бол МАН-ын хувьд АН бидний санаснаар зөв явахгүй байна. АН урьчихаад буруу замаар будаа тээгээд үгэнд орохгүй юм гэх зэргээр хаяагаа манасан үгийг өдөр шөнөгүй хэвлэл мэдээллээр чулуудаж байна. Энэ нь ерөөсөө сонгууль дөхөхөөр амиа бодож, засгаас гарчихаад гаднаас нь хамтарч гаргасан шийдвэрээ муучлах гэсэн санаа. Уснаас хуурай гарч сонгогч олонд сайхан харагдах гэсэн л санаа. АН ч 2012 оны сонгуулиар ийн “энхийн цагаан тагтаа” болон ниссэн шүү дээ. Өөрсдийнх нь мэхийг өөрсдөд нь хийх гэсэн явуургүй арга л даа.

 

МАХН-ын нэр нөлөө бүхий Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ч ерөөсөө болохгүй юм. Бидний үгийг үл ойшоож байна. Манай бүлэг дээр байдал ийм байгаад байвал засгаас гарах тухай ч ярьж байгаа гэх зэргээр бурж байна лээ. Хамтарч цуслачихаад юугаа яриад байгаа хэрэг вэ. Адилхан л үүрэх ёстой ял биз дээ. Сонгууль дөхөхөөр л гэгээнтэн хувилгаадын дүрд тоглодгоо болчихвол яасан юм. Одоо та нарын энэ мэт тактик чинь дэндүү хуучин, иргэдийн уурыг төрүүлж байгаа мэддэг ч болоосой.

 

Иргэдийн өмнө хэрвээ яллахдаа тулвал ганц АН биш бүгдэд нь тохирох хэмжээний ял өгч таарна. Иргэдийн шударга шүүх бол ерөөсөө сонгууль шүү дээ.

 

 

С.Ууганбаяр

unen.mn


URL:

Tags: , ,

Сэтгэгдэл бичих