УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар маргалджээ
Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн байгуулсан “Оюу толгой”-н далд уурхайн гэрээтэй холбоотой мэдээллийг “МАХН-МҮАН Шударга ёс” эвслийнхэн сонслоо. Гэвч уг хурал УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Баасанхүү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын мэтгэлцээн болж хувирсан байна. Тус хурал дээр О.Баасанхүү гишүүн уг гэрээг хурцаар шүүмжлэхэд хариуд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Танай намын сайдын даалгаврыг хэрэгжүүлж ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг томилсонд та надад өш санаад байгаа юм уу” гэж хариу барьжээ.
Гэтэл үнэндээ ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд Г.Ганчимэг гэх эмэгтэйг Г.Шийлэгдамба ямар ч сонгон шалгаруулалтгүй томилуулсан нь хууль зөрчсөн тул Г.Шийлэгдамба сайдыг Эрүүл мэнд спортын сайдаас нь эргүүлэн татах талаар асуудал тавина хэмээн Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү гишүүн өмнө нь мэдэгдээд байсан юм. Г.Ганчимэг нь тус яаманд мэргэжилтэн хийж байсан өмнө нь удирдах ажил хийж байгаагүй нэгэн бол, түүний дүү Г.Ганзориг нь АНУ-д ажиллаж, амьдардаг, чулууны үйлдвэрийн эзэн, Христийн сүмийн номлогчоор ажилладаг, УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын үй зайгүй найзуудын нэг ажээ. Г.Шийлэгдамба сайд Г.Ганчимэгийг яамныхаа ТНБД-аар томилсон нь Төрийн албаны тухай хууль Үндсэн хуулийг зөрчсөн нь нотлогддог.
Засгийн газар Үндсэн хууль бусад хуулиа зөрчөөд тус яамны Төрийн НБД-ыг томилсоныг Төрийн албаны Зөвлөл нь нотлоод УИХ-ын даргад албан тоот илгээсэн байх юм.
Дээрх сонсгол дээр Оюу толгойн гэрээг хэлэлцэх гэсэн биш үндсэндээ ЭМСЯ-ны ТНБД-ын томилгоотой холбоотой хэрүүлээр солигдож, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар удтал маргалдсан байна.
Эвслийнхэниий хувьд О.Баасанхүү гишүүнээс бусад нь бүлх залгисан мэт Ерөнхий сайдын аяыг харан “бөмбөлзөж” байсан гэнэ. Үнэн хэрэгтээ МАХН дотооддоо эв нэгдэлгүй, өөр хоорондоо өш шидэлцсэн, намын ажил нь навс унасан найдваргүй болоод байгааг амтай болгон ярьж байгаагийн илэрхийлэл нь энэ сонсгол дээр нийтэд ил болжээ.
Ядаж байхад МАХН-аас Засгийн газарт орсон ганц сайд, намын генсек нь үе үе “шилтэй цэнхэр тэврээд шилрээд алга” болдог нь энэ намынханы нүүрийг халууцуулж, чихийг нь улайлгаж байгаа гэнэ. Хамгийн сүүлд Энэтхэгийн Ерөнхийлөгч ирэхэд их чухал гэрээнд гарын үсэг зурах ёстой тул Эрүүл мэндийн эрхэм сайд өөрийн биеэр байх атал хаа яваа нь мэдэгдэхгүй 10 хоног сураг алдарсан байна. Засаг нь хэлээ хазаад, МАХН ч амаа таглаад, цаагуураа шуугилдахаас үл хэтэрч Засгийн ажлыг замруулж байгааг эх сурвалжууд хэлэх болсон.
Б.Төр
URL: