Зэсийн уурхайн төслөө сэргээх хүртэл Монгол Улс Хятадаас хамаарсан нь

5-28-2_700x7002

“Reuters” агентлагийн сурвалжлагч Тэрренс Эдвардс Оюутолгойн ордын тухай ингэж бичжээ.

6.5 тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгойн гэрээг үзэглэхээс өмнө Монгол Улс урьд нь эмээдэг байсан урд хөрш Хятадаасаа санхүүгийн тусламж гуйхад хүрсэн юм.

Оюутолгойн гүнийн уурхайг байгуулах тухай хэлэлцээ хоёр жилийн турш сунжирсан бөгөөд энэ хугацаанд Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчид бараг бүгд дайжиж, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаснаас болж өгөөж нь багассан юм.

Эрдэс түүхий эдийн баялгаасаа дэндүү хамааралтай тус улс энэ салбарын дэвжих, бас унах мөчлөгийн хямрал төдийгүй олон улсын чансаа тогтоох агентлагууд зээлжих эрхийн үнэлэмжийг нь бууруулсан хүндхэн цаг үеийг өнгөрөөсөн.

2014 онд тус улсын гадаадын хөрөнгө оруулалт даруй 87 хувиар огцом буурч, эдийн засгийн өсөлт нь 12.3 хувиас 7.8 хувь хүртэл огцом буурчээ. Ийм хүнд нөхцөл байдалд Монголын төв банкинд Хятадаас тусламж үзүүлэн эдийн засгийн огцом уналтыг зогсоох боломж олгосон байна.

Оюутолгойн төслийг өргөжүүлэх гэрээ байгуулсан нь тус улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулалттай уурхайн үйл ажиллагааг сэргээж байгаа бөгөөд гацаанд орсон Монголын бусад уул уурхайн төслийг хөдөлгөөнд оруулах нь дамжиггүй.

Монголбанкны нөлөө бүхий эдийн засагч С.Болд хэлэхдээ,”Оюутолгойн уурхайн өргөжилтийн талаар гэрээ байгуулсан нь хэсэгтээ зогсоод байсан гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол руу оруулж, иймэрхүү мега төслүүд улс орны эдийн засгийг удаан урт хугацаанд өөд татах нь гарцаагүй” гэж онцолжээ.

С.Болд цааш нь ярихдаа, “Хятадаас авсан зээл нь төсвийн алдагдлыг арилгах чухал арга хэмжээнүүдийн нэг байсан” гэсэн юм.

Хятадын банкнаас авсан тэрхүү зээл хүүтэй хэдий ч С.Болдын үзэж буйгаар их биш ажээ.

Энд тэмдэглэхэд, сүүлийн жилүүдэд байгалийн түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаадын хөрөнгө оруулалтын бууралт тус улсын эдийн засагт муугаар нөлөөлжээ.

Дэлхий нийтийн даяар санхүүгийн хямралын улмаас 2009 онд зэсийн үнэ огцом буурах үед тус улс Олон улсын валютын сангийн тусламж болон Оюутолгойн уурхайн эхний ээлжийг цогцлоож эхэлснээр бүрэн дампуурал, хямралд оролгүй тогтож үлдсэн билээ.

Зэс болон нүүрсний үнэ өсч байсан 2011 онд тус улсын эдийн засаг 17.5 хувиар өсч дээд цэгтээ хүрсэн бол сүүлийн саруудад уул уурхайн бүтээгдэхүүнийх нь гол хэрэглэгч болох Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, Засгийн газраас гаргасан тодорхой шийдвэрийн улмаас гадаадын хөрөнгө оруулагчид Монголд гурван жилийн өмнөхтэй харьцуулбал хөрөнгө оруулах нь багассаны улмаас эдийн засаг нь доголдож эхэлжээ.

Сингапур дахь зах зээлийн судалгааны “ING” судалгааны компанийн Азийг хариуцсан захирал Тим Гордон,”Монголыг зэс, нүүрсийнхээ ачаар Саудын Араб болох гэсэн популист үзэл бодол гадаадын хөрөнгө оруулагчидтай илүү хатуу хэлэлцээ хийхэд хүргэсэн” гэж дүгнэсэн юм.

Ийм ч учир Олон улсын валютын сан Монголын гадаад нөөц нь хэт агшсан тул цаашид зээл олгох боломжгүй гэдгээ анхааруулсан тул тус улс Бээжингээс зээлийн шугам нээхэд хүрсэн ажээ.

Хятадын ардын банк 24 орны төв банктай гэрээ байгуулан юанийг глобал, даяар валютын нэгж болгохыг оролдож байгаа билээ. Монголын хувьд тэргүүлэгч хөрөнгө оруулагч, худалдааны түнш болох Хятад нь тус улсын эдийн засаг дахь юанийн нөлөөгөө улам ихэсгэсээр байна.

Уг нь Хятадын зуу зуун жилийн ноёрхлыг амссан Монгол өмнөд их хөршдөө сэжиглэнгүй ханддаг. 1921 онд Монгол Улс Манж угсааны Хятадын дарангуйллаас салахын тулд Зөвлөлт холбоот улстай холбоотон болж, хагас зуун жил ЗХУ-ын нөлөөнд автан бусад ертөнцөөс тусгаарлагдсан байдаг.

Хэдий тийм ч тус улсын одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, тэр ч бүү хэл өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Хятадын хөрөнгө оруулалтад гараа дэлгэн нээлттэй хандахад хүрсэн юм.

Өнгөрсөн жилийн наймдугаар сард Хятадын дарга Си Жиньпинийг айлчлах үеэр тус улсын Засгийн газар 2012 онд байгуулсан гэрээнээс 50 хувиар их зээл авахаар тохиролцжээ.

Монголбанк Хятадаас 15 тэрбум юань буюу 2.42 тэрбум ам.доллараас илүү зээл авахаас сэрэмжилдэг бөгөөд тус улс урд хөршөөсөө тийм хэмжээний хөрөнгө зээлдээгүй байгаа аж.

Эдийн засагч С.Болд, Оюутолгойн талаархи маргаан эцэслэн хоёрдахь шатны бүтээн байгуулалт эхэлснээр тус улсын эдийн засаг энэ жил наймаас арав хүртэл хувиар өсөх магадлалтай байгаа гэжээ.

Гэвч бусад шинжээчид Монгол болон “Рио Тинто” корпорацийн хооронд удаан хугацаанд үргэлжилсэн маргаан болон Оюутолгойн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт эхлэхэд нэлээд цаг хугацаа шаардлагатайг бодолцон арай болгоомжтой таамаг дэвшүүлж байгаа юм.

Жишээ нь, Азийн хөгжлийн банк Монголын эдийн засаг энэ жил гурван хувиар өснө гэжээ. Тус банк Оюутолгойн гүнийн уурхай Монголын эдийн засагт 2016 оноос нааш эерэг нөлөө үзүүлэхгүй гэж тооцоолжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих