Улаанбаатарын бохирыг гурав хоног туул руу цутгана
Нийслэлийн нэг сая иргэний хэрэглэсэн бохир усыг нэг л өглөө цэвэрлэж чадахгүй болж мэдэхээр байгааг Ус сувгийн удирдах газрынхан өчигдөр дахин санууллаа. Дахин гэдгийн учир нь Улаанбаатар хотын бохирыг шүүж, цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламж хэдийнэ насгүй болчихсныг мэргэжилтнүүд хангалттай ярьж, хэлж, сануулсаар ирсэн. Харамсалтай нь хамгийн чухал энэ асуудалд хөрөнгө мөнгө хангалттай төсөвлөдөггүйгээс Төв цэвэрлэх байгууламж тэг зогсолт хийхэд хүрлээ. Тодруулбал, ойрын өдрүүдэд уг байгууламжийн аэротенкийн хэсгийг нөхөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болжээ. УСУГ-ын дарга С.Үнэнгийн хэлснээр засварын ажлыг өнөөдөр ч эхлүүлж магадгүй байна. Аэротенкийн хэсэг гэдэг нь нийслэлийн иргэдийн хэрэглэсэн бохир усанд биологийн цэвэрлэгээ хийдэг бөгөөд 1979, 1985 онд тус тус ашиглалтад оруулж байснаас хойш огт шинэчлэл хийгээгүй гэнэ. Тиймээс тус хэсэг нь цоорч, хэмжээ нь улам томорсоор бохир усаа ариутгах байгууламжгүй болохоор байна гэв.
Хамгийн том асуудал нь засвар хийх гурав хоногийн хугацаанд нийслэлийн иргэдийн хэрэглээний усыг хязгаарлаж, хоол ундаа бэлтгэхээс эхлээд гар, нүүрээ угаах, бие засах гээд өдөр тутмын бүх хэрэглээгээ зогсоох эсвэл бохир усыг цэвэрлэлгүй шууд Туул гол руу цутгах хоёр сонголт байгаа гэнэ. Харин хэрэглээний усыг хязгаарлах нь боломжгүй зүйл тул Туул гол руу хэрэглэсэн бохироо тэр чигээр нь асгах сонголтыг хийхээс аргагүй гэв. Одоо 65 хувийн цэвэрлэгээ хийгдсэн бохир усыг Туулд цутгадаг. Тэгвэл засвар хийх гурав хоногийн хугацаанд нийслэлийнхний гаргасан бохирыг ямар ч шүүлтүүргүйгээр тэр чигээр нь гол руу асгана гэсэн үг. Эхний ээлжийн гал унтраах засвараа хийх 40-50 сая төгрөгийг УСУГ-аас гаргаж, бие даан шийдвэрлэхээр болсон байна. Харин Төв цэвэрлэх байгууламжаа тэр чигээр нь шинэчилж, нийслэлчүүдийн өмнө тулгараад байгаа бохирын асуудлыг шийдэхэд 300 сая ам.доллар хэрэгтэйг С.Үнэн дарга хэлэв. Хэдийгээр гал намжаах төдий засвар хийсэн ч ирэх жил гэхэд Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа бүрэн зогсч, нэг л өглөө нийслэлчүүд бохиртоо хутгалдаж мэдэх аюул хэвээр үлдэхийг мэргэжилтнүүд сануулж байна. Засварын хугацаанд бохирыг цэвэрлэлгүй Туул гол руу шууд цутгах талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тодруулахад “Манайд энэ талаар ямар нэг мэдээлэл ирээгүй. Туул руу бохироо шууд цутгаж болохгүй. Нийслэл усны аюулгүй байдлын хөтөлбөртэй. Түүгээрээ шийдэх ёстой” гэсэн хариултыг өгсөн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: