Уул уурхайн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нь сэдэвт олон улсын бага хурал болж байна
БОНХАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/, Уул уурхайн яам, Монголын уул уурхайн үндэсний ассациацаас хамтран зохион байгуулж буй “Уул уурхайн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нь: Биологийн олон янз байдал, төрөл зүйлийг дүйцүүлэх хамгаалах олон улсын зарчим, стандарт, туршлага, сургамж”сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр эхэлллээ.
БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар хурлыг нээж хэлсэн үгэндээ “Биологийн олон янз байдлын дүйцүүлэх хамгааллын асуудлаар олон улсын хурал зохион байгуулж байгаа нь зайлшгүй авч үзэх, онцгой асуудал гэдгийг илэрхийлж байна” хэмээн онцолсон. Мөн тэрээр, Монгол Улсын Их хурлаас 2012 оны тавдугаар сард Байгаль орчны багц хуулиудыг шинэчлэн баталсан. Энэ хуулиар биологийн олон янз байдлын дүйцүүлэх хамгааллын арга хэмжээг анх удаа хуульчилж өгсөн. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд, тухайн газар нутгийн биологийн олон янз байдал хэвийн нөхцөлөөс сайжирсан байх нь гол зорилго юм. Дүйцүүлэн хамгааллын асуудлыг Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам, аргачлалд тусгаснаар хууль, бодлогын баримт бичгий хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж эхлээд байна. Ландшафтын төвшний төлөвлөлт буюу экологийн бүс нутгийн үнэлгээ нь нөлөөллийг бууруулах эдгээр алхмуудыг зохистой хэрэгжүүлэх үндэс болох тул эхний ээлжинд энэ аргыг хэрэгжүүлэх нь зүйтэй” гэлээ.
Биологийн олон янз байдлын дүйцүүлэх хамгаалах арга хэмжээ гэдэг нь дүйцүүлэх хамгаалахаар тогтоогдсон газар нутагт сонгон авсан биологийн олон янз байдлыг хамгаалах, тэдний амьдрах орчныг сайжруулахад чиглэгдсэн хамгааллын менежментийн багц арга хэмжээ юм.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хурлын зорилго нь биологийн олон янз байдал, төрөл зүйлийг дүйцүүлэн хамгаалах олон улсын зарчим, стандарт, туршлага, сургамжийн талаар нэгдсэн ойлголттой болох,БОНХАЖЯ-аас дүйцүүлэх хамгаалахтай холбоотой баримталж буй бодлого, хууль эрх зүйн баримт бичгийг олон талын оролцоотойгоор зөвшилцөх, хамтарсан зөвлөмж гаргах, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд дүйцүүлэн хамгаалах асуудлыг оруулах зарчим, туршлага, зэргийг хэлэлцэхийн зэрэгцээ, техникийн шийдлүүдийн талаар салбар хуралдаануудаар хэлэлцүүлнэ.
Хуралд БОНХАЖЯ, Уул уурхайн яамны удирдлагууд, байгаль орчны болон уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн, үнэлгээний шинжээчид, аймгуудын МБОИЗ-ийн салбар зөвлөлийн дарга нар, Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Маркус Вальдвогель, Европын сэргээн босголтын хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Метью Лэ Блан зэрэг албаны хүмүүс оролцож байна.
URL: