Эцэг эхчүүдээс 100 000 орчим төгрөг хураасан 14-р цэцэрлэг “но”-той
Төрийн сургууль цэцэрлэгүүд төсвийн мөнгө хүрэлцэхгүйн улмаас эцэг эхчүүдээс татаас авдаг нь үнэн. Харин энэ мөнгийг нь өгөх гэж эцэг эхчүүдийн дийлэнх нь хэдэн өдөр алхаж, өдрийн хоолоо сойдог. Хэмнэсэн мөнгөөрөө сургууль, цэцэрлэгээс нэхсэн мөнгийг өгөхгүй бол хүүхдийг, ангийн багштай нь “чангална” хэмээн айдастай байдаг нь өнөөдрийн нийгмийн үнэн төрх. Эцэг эхчүүдийн хувьд 10 000 – 20 000 төгрөгийг бол асуудалгүй өгчихдөг. Харин түүнээс их болоод ирэхээр дургүй нь хүрдэг. Тэгвэл эцэг эхчүүдийн дургүйг хүргэсэн ийм байдал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14-р цэцэрлэгт гарсан байна.
СБД-ийн 14 дүгээр цэцэрлэг нийт найман бүлэгтэй. Нэг ангид ойролцоогоор 40-50 хүүхэд байдаг. Өнгөрсөн намар тус цэцэрлэгийн өргөтгөл нь ашиглалтад орсон. Ингэхдээ шинэ цэцэрлэгт орох хүсэлтэй хүүхэд тус бүрээс 35 000 төгрөгийн хандив авсан юм. Мөн намар аравдугаар сард анги бүр хурлаа хийж эцэг эхийн зөвлөлөө сонгохдоо хандивын мөнгө гэж 50-60 мянган төгрөг мөн л бүх хүүхдээс хураасан. Үүнийгээ тайлбарлахдаа ангиудаа тохижуулна гэдэг. Мөн жил бүр намар хүүхдүүдийг нэгдсэн “ГЭР” хэмээх даатгалын газраар даатгуулж байгаа гээд 3000 төгрөг хураасан. Энэ нь хүүхэд цэцэрлэг дээрээ гэмтсэн тохиолдолд хэрэгтэй юм байх.
Одоо хаврын бэлтгэл бүлгийн төгсөлт болох гэж байгаа. Ингэхдээ бэлтгэл ангийн хүүхдүүдээс 30 мянгыг хурааж байгаа. Энэ нь анги засвар, төгсч байгаа хүүхүүд цэцэрлэгтээ юм үлдээх гэсэн байдлаар авч байгаа аж. Харин бэлтгэл бүлгээс бусад бүлгүүд нь 45-55 мянган төгрөг хураалгаж байгаа. Уул шугамдаа бол Нийслэлийн Боловсролын газрын дарга “Нэг хүүхэд анги засварт 15-20 мянган төгрөг хураахыг эцэг эх, цэцэрлэг зөвшилцөөд авч болно” гэж хэлж байсан. Гэтэл т”олгой” байгууллагынхаа энэ зарчмаас хазайж нэг хүүхдээс ойролцоогоор 30-55 мянган төгрөг хурааж байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. Хардлага төрүүлж байгаа нэг зүйл бол эцэг эхэд цэцэрлэгийн удирдлага “Бид ийм тохижилт, засварын ажил хийнэ” гээд төсөв төлөвлөгөөгөө танилцуулах ёстой. Гэтэл огт тийм зүйл байхгүй байна. Цэцэрлэгийн удирдлага ангийн багш нарт нь мөнгө хураах ёстой л гэсэн хатуу шаардлага тавьдаг. Хэрэв хурааж чадахгүй тухайлбал 30 мянган төгрөг авсан багшийг “арчаагүй юм” гэх байдлаар ханддаг байна. Энэ нь нэг биш удаа дараагийн үйлдэл гэдгийг тус эцэг эхчүүд хэлж байна.
Мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчтэй холбогдох гэсэн боловч чадаагүй.
Улмаар энэ асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас тодруулахад “Энэ үйлдэлд шалгалт хийхийн тулд эцэг эхчүүдээс өргөдөл ирүүлсэн байх ёстой. Өргөдөл ирүүлсний дагуу бид шалгалт хийж, зөрчил илэрсэн тохиолдолд арилгуулах, арга хэмжээ авхуулах зэргээр ажиллагаа явуулна. Одоогоор өргөдөл өгөөгүй болохоор шалгах боломжгүй” гэдгийг тайлбарлав.
Тус газраас цэцэрлэгүүдэд шалгалт хийж, энэ төрлийн зөрчил гаргасан цэцэрлэгийн эрхлэгч нар сануулга өгөх, цалингаас хувь тооцон хасах, зөрчлийг арилгуулах зэргээр олон арга хэмжээ авч байсан юм.
Бид энэ асуудлаар цэцэрлэгийн эрхлэгч болон эцэг эхчүүдийн төлөөллөөс тодруулга авч, мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийсний дараа эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: