“Хуулиа л дагана”

48pu37rgjb28qpb2ua71vp9k2v

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар айхтар хэдэн тоо хэлсэн юм байна. Тэрбээр “…Цагдаагаас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ хэмээн тэдний санхүүгийн бүх тооцоог шалгаад явж байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар орооцолдчихсон. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл дарамтлаад явж байна. Уг нь татварынхан НӨАТ-ийг хуурамчаар үйлдэж зохиомлоор дампуурал үүсгэн хариуцлагаас мултарсан байгууллагуудын араас хөөцөлдөж, хохирлыг нь барагдуулж чадахгүй байгаа нь бодит үнэн. Гэтэл үнэнчээр татварын орлого бүрдүүлж байгаа байгууллагууд руу халдан дайрч, өөрсдийн дураар өндөр дүнтэй акт тавин, хүлээн зөвшөөрөхгүй бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн дарамталж, цагдаа нарыг урдаа түлхэж байгаа нь хуульд нийцэхгүй л баймаар. Уг нь цагдаа ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах үүрэгтэй байгууллага. Гэтэл баялаг бүтээгчдээ дарамталж олон мянган хүнийг ажлын байргүй болгон дарамталж байгаа нь зүйд нийцэхгүй гэдгийг холбогдох албаных нь хүмүүст дуулгах ёстой…” гэсэн байна.

Энэ “дуулгах” ёстой гэсэн нь хэрэгжиж цагдаагийн Р.Чингис даргад нь хаягласан ил захидал болоод биет хүсэлтүүд очиж эхэлжээ. Дээрхийн нэгэн адил утгатай сануулгыг Ерөнхий сайд өөрийн биеэр Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, ЦЕГ-ын дарга Р.Чингис нарт хэлсэн нь саяхан.

Одоо энд яг баримт л хэрэгтэй байна л даа. Жишээ нь үнэнчээр татварын орлого бүрдүүлж байгаа ямар байгууллагууд руу хэн гэдэг байцаагч очиж яаж дарамт үүсгэсэн. Ямар үндэслэлээр цагдаад өгсөн. Тэр нь үнэхээр цагдаа шалгахаар үндэслэл мөн байсан уу, үгүй юү гэх зэрэг хэдэн тодорхой баримт гаргаад олон нийтэд дэлгээд орхих хэрэгтэй юм. Тэгэхэд бараг дахиж эрхээ хэтрүүлэх байцаагч гарахгүй болно доо. Тэр үл бүтэх татварын байцаагчийг тэгээд жиргээч комментч нар хамжаад “дэлхийгээс зайлья” гэтэл нь харааж зүхэж дарамтлах байх. Гэхдээ энэ бол аргаа л барсан улсын яриа л даа.

ДеФакто гээд яривал энэ татварын асуудалд цагдаа оролцоод байгаа гэдэг нь цагдаагийн байгууллага болоод Р.Чингис даргынх нь санаачлага биш л дээ. Хуулинд байгаа үндэслэлээр өргөдөл гомдол ирсэн бол шалгаж мухарлах үүрэгтэй байгууллага нь цагдаа. Тэгээд одоо яах юм бэ. Р.Чингис дарга хэрэг мөрдөгч нартаа шалгах үндэслэл байсан ч татвартай холбоотой мэдээллүүдийг хараагүй мэт өнгөр гэж үүрэгдэх эрхгүй. 

Хуулийн хатуу заалтыг соргог мэдэрч нугалаа гарган татвар төлөгчдийг шантаажилж чадаад байгаа татварынхныг бас буруутгаад байх хэцүү. Тэднийг ямар нэг аргаар төсөв бүрдүүл гэж дээрээс нь шахаж хоол цалинтай нь ярьж  байгаа. Татвар авах, өр барагдуулах зэрэг ажлыг нугалдаг хүмүүс сайн нэртэй, зөв мөртэй байх тун хэцүү харагддаг. Гэхдээ татварынхан бол даварсан л нөхдүүд юм билээ. Орлого төлөвлөгөөгөө давуулсан биелүүлсэн гээд бие биенийгээ баруун зүүнгүй зөрөөд хэдэн саяар шагначихсан л байсан.

Хуулиа л хурдан шинэчлэх хэрэгтэй байгаа юм даа. Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар одоо яригдаад байгаа гажуудлыг засах гэж экс сайд Х.Тэмүүжин нэлээд олон өөрчлөлтийг хийж эхэлсэн. Одоо бүгд эргээд хуучин байдалдаа орж байна. Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргийн тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүд нь гацаанд орж өргөн барьсан хуулиудынх нь шинэчлэлийн үзэл санаа үндсэндээ үгүй болсон гэхэд болно. Х.Тэмүүжин сайдын өөрийнх нь хэлснээр “Яг кадр буцааж байгаа юм шиг” үйл явц өрнөж байна.

Ямар ч эрх зүйн зохицуулалт хууль байлаа тэр нь иргэнийхээ жам ёсны төрөлх эрхийг үгүйсгэж болохгүй зарчим манайд алдагдаад удсан байгаа юм. Үүнийг л засч залруулбал хуулийн төгс шинэчлэл болох байлаа. Энэ зарчмыг хангах хуулийн шинэчлэлийг эхлүүлсэн ч дуусгах амаргүй бололтой. Үүнийг хуульч, экс сайд Х.Тэмүүжин хойноос нь сэтгүүлч Ерөнхийлөгч хамжаад ч барахгүйг бид харлаа.

Одоо цагдаа, татварын байцаагч хоёр нийлээд бизнесийнхнийг дарамтлаад байна гэдэг нь хуулийн талаасаа ийм боломж байгаа л хэрэг. Тэрнээс татварын нэг байцаагч цагдаагийн мөрдөгч хоёр үгсээд л хууль давуудуулж ажиллаад байгаа хэрэг биш байх л даа.

Цагдаагийн алба хаагчтай адил хэмжээний эрх мэдэлтэй болчихсон татвар, гааль, мэргэжлийн хяналтын байцаагч нарт нэгдсэн нэг стандарт байхгүй. Байгууллагын даргын гаргасан дотоод журам, тушаал шийдвэр, эсвэл өөрийн үзэмжээр ажиллах боломжтой байгаа гэдэг нь энэхүү татварын байцаагч нарын даварсан үйлдлээр илэрч байна. Дургүй нь хүрвэл бусдын эд хөрөнгийг битүүмжилдэг, хураадаг, бизнесийн үйл ажиллагааг таслан зогсоодог, цагдаагийн нэр барьж дарамталдаг татварын байцаагч нар өнөөдөр бий болчихсон хэрэг бус. Энэ бол ужиг үзэгдэл. Хямралын энэ үеэр дээрээсээ шахалтад орж хэрээс хэтэрч байгаа хэрэг. “Ажил үүрэг, өөрт олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд гэсэн” гэсэн тайлбартай хүний эрхэнд шууд халдаж байгаа субьектүүдыг нэг стандарт, нийтлэг журамтай болгох ёстой гэсэн Х.Тэмүүжингийн шинэчлэлийн зорилт зөв л байсан байна.

Манай татварын хуулиуд хэм хэмжээний тодорхой бус заалтууд ихтэй давхардсан татварууд олонтой, маргаантай байдал үүсдэг нь татварынхан болон цагдаагийн байгууллагын хууль хэрэглэх хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг тал байдаг ч гэдэг. Татварынхан дөрөөлөөд байгаа “татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн” гэсэн эрүүгийн хуулийн заалт бол эргэж харах л заалт гэж хуулийн шинжээчид хэлдэг. Гэхдээ хуулийн нэг заалтыг өөрчилсөн төдийхнөөр асуудал шийдэгдэхгүй.

Р.Чингис дарга бий болсон нөхцөл байдлыг анхаарч цагдаа нар одоогийн нөхцөлд нэг удаа бизнесийнхэнд зөөлөн хандлаа гэхэд цаашдаа “хуулиа л дагана” гэдгээр явах л болно.

Монгол Улсын эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд “Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэл, эс үйлдэхүйг” эрүүжүүлж ялтай болгосон байдаг.

Нэгэнт татварын орчны хэрэг зөрчил түүнд хүлээлгэх хариуцлагын тухай хөндсөнийх бага зэрэг нуршья. Бусад орнуудын энэ чиглэлийн хууль эрх зүйн зохицуулалтууд ямар байдаг вэ. Энэ талаар УДШ-ийн судалгааны төвийн ахлах шинжээч Б.Айбекийн хийсэн харьцуулалтуудаас зарим нэгийг иш татья.

Гадаадын зарим  улс орнуудад бол татварын эрх зүйн зөрчилд хүлээлгэх эрүүгийн эрх зүйн хариуцлагыг эрүүгийн хууль тогтоомжоор биш, харин татварын хууль тогтоомжид хамаарах эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулдаг байна. Франц улсад татварын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагын асуудлыг зохицуулсан хууль тогтоомжийн гол акт нь 1950 оны татварын тухай Ерөнхий хууль (1990 оны есдүгээр сарын 10-ны өдрийн №90-798 декретээр нэмэлт өөрчлөлт орж батлагдсан) байдаг байна. Итали Улсад татварын салбар дахь эрүүгийн эрх зүйн зөрчил нь  гэмт хэрэг (delitti) болон эрүүгийн зөрчил (contravvenzioni) гэж ангилна. Татварын гэмт хэрэгт хорих болон торгох ял, харин эрүүгийн зөрчил гаргасан бол үндсэн ялын хувьд баривчлах буюу хохирол арилгах ял ногдуулдаг.

Гадаад улс орнуудын татварын санкц тогтоох “европын” гэж нэрлэгдэх -хоёр дахь хандлага ньтатварын хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэрэнгүй хандах байдлаар ялгардаг байнаЕвропын улс орнуудын татварын хууль тогтоомжийн шинэчлэлтийн нэг гол чиглэл нь татварын зарим деликтүүдийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоо болих (эрүүгүйжүүлэх-декриминализаци) явдал мөн. Эрүүгийн ял шийтгэлийг заримдаа шүүхээр бус, харин захиргааны байгууллагуудаас татварын нэмэлт болон нөхөн төлбөрөөр солих нь цөөнгүй байна. Харин татварын эрх зүйн зөрчлийг дахин гаргасан тохиолдолд торгуулийн санкцын хэр хэмжээг үлэмж хэмжээгээр (давтан торгууль) нэмэгдүүлнэ.

Барууны улс орнуудын татварын хууль тогтоомжийн өөр нэг онцлог бол зарим тохиолдлыг хариуцлагаас чөлөөлөх асуудлыг хуульчилсанд оршино гэжээ. Үүнд Германы хууль тогтоомжийг жишээ болгон авсан байна. 1977 оны Татварын тухай хуульд (§ 371) зааснаар санхүүгийн байгууллагад урьд өмнө нуусан мэдээллээ гаргаж өгсөн, эсхүл татварт хамаарах бүрэн бус буюу худал мэдээллийг засч залруулсан этгээдийг ял шийтгэлээс чөлөөлнө гэж зааж өгчээ.

Татварын орчны хуулийн энэ мэт нарийн зохицуулалтууд өөр хандлагыг бид судлах ёстой л байх.

Төгсгөлд хэлчихэд, татварынхан ч цагдаагийнхан ч тэр “…баялаг бүтээгчдээ дарамталж олон мянган хүнийг ажлын байргүй болгон дарамталж байгаа нь зүйд нийцэхгүй…” байж болно. Гэхдээ хуулиндаа нийцэж байгаа бол энэ байдал цаашид ч үргэлжлэх байхдаа Ч.Хүрэлбаатар гишүүнээ.

Б.Хэгжүүн


URL:

Сэтгэгдэл бичих