Оюутолгой маань буруу гараар, буцаж ирэхээргүй хөдөллөө
-Ч. Сайханбилэг газар нутгаа худалдаж, барууны ноёддоо, англичууддаа, Тони Блейр найздаа мөнхийн гавъяа байгууллаа-
(Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн)
Том гүрэн яг ийм байдлаар бага буурай улсыг тонон дээрэмдэж, эрхэндээ оруулдгийг та бүхэн олонтоо уншсан биз. Монгол маань энэ л замаар явж байгаа. Барууны тэжээврүүд, огцорсон сайддаа Ерөнхий сайдын сэнтий бэлэглэж байсны далд учир утга ч энэ л юм. Ч. Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа ард түмэндээ “ Бүсээ чангалах уу. Оюутолгой мэтийн орд газраа хөдөлгөх үү” хэмээн хоёр асуулт тулгаж байсны амьд дүр зураг гарч байгаа нь энэ. Бүсээ чангалж өлсөж үхэхгүй гэхдээ олонх маань.: “Оюутолгойгоо хөдөлгөё” гэж санал өгсөн байна билээ. Ард түмнийхээ саналыг авсан нэрийн доор хөдөлгөж байгаа нь энэ. Даанч буруу гараар, буцаж ирэхээргүй хөдөлчихлөө дөө, Оюутолгой маань!
Та нар ажигладаг байсан бол Оюутолгойг хаана, хэнд өгөх нь тодорхой байсан л даа. Сүүлийн жилүүдэд Ч.Сайханбилэг гэдэг хүн Английн ерөнхий сайд байгаад буусан Тони Блейр гэж нөхөртэй “хүзүү сээрээрээ холбогдчихоод” л давхиад байсан. Оюу-толгойн бүх асуудлыг нууцлах болсон. Тони Блейр сэм сэмхэн Монголд ирээд л, Ч.Сайханбилэг ч сав л хийвэл Англи руу явсан дуулддаг. Оюутолгойтой холбоотой хурал зөвлөгөөнийг Монголдоо биш, Англид очиж хийдэг болсон.
Гаднын улсуудаас өдий төдий долларыг улсаа барьцаалан авсан хэрнээ дээгүүрээ тансаглал нь хэтэрч, бидэнд хоёр кг махны үнэ л өгсөн. Зориуд биднийг ядууруулчихаад: “Оюутолгойг хөдөлгөхгүй болохоор эдийн засгийн хямралд орж, ард түмэн ядуурч байна” гэж ард түмнийхээ тархийг угаах болсон.
Үнэхээр эдийн засгийн хямрал нүүрлэсэн бол Монгол банкны ерөнхийлөгч нь тушаал гарган тэрбум тэрбумаар нь ажилчиддаа “буцалтгүй тусламж” олгож, банкных нь удирдлагууд баруун солгойгүй мөнгө цацалж байх уу. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн сайд нь Америкийн гэр бүлийн хоёрт хуулийн зөвлөгөө авах нэрээр 17 тэрбум төгрөг шидэж, Ерөнхийлөгч нь гадны луйварчдын гараас 35 тэрбум төгрөгөө авалгүй суллаад явуулчихаж байх уу. Ийм баримтыг би хэдэн арав зуугаар нь бичиж чадна. “Эдийн засгийн хямрал” нэрээр ард түмнээсээ харамлаад нуугаад байсан их мөнгөний учир , одоо тайлагдаж байгаа биз. “Оюутолгой, Тавантолгойгоо хөдөлгөхгүй бол болохгүй нь” хэмээн ард түмнийхээ тархийг угаасаар санасандаа хүрлээ л дээ. Оюу-толгойн нууц гэрээнд гарын үсэг зурахын тулд маш нарийн арга заль хэрэглэсэн. Нэрийг нь хүртэл бүдгэрүүлж өөрчилж байгаа юм. “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө” гэж. Зүгээр л “гэрээнд гарын үсэг зурсан” гэдгээс зугтаалгаж байгаа нь энэ. Гэрээг үзэглэхийн тулд хэдэн тив алгасуулан “газрын мухарт” Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубайг сонгосон байгаа юм. Монголдоо бол бүр болохгүй. Ард түмэн эсэргүүцэж тэмцэнэ. Бослого хөдөлгөөнд хүрч ч юуны магад. Англид гэхээр, тэнд Монголчууд олонтой. Үгүйдээ л гарын үсэг зурж байгаа газрыг нь туг лоозон бариад тойрохыг байг гэх газаргүй. Тэгээд Дубайг сонгож, тэнд “нүднээс далд газар” Рио Тинто болон английн ноёддоо буулт хийн Оюутолгойгоо “борлуулчихаад” цаашид улсаа худалдах замаа засчихаад ирж байгаа нь тэр. Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар “Энэ төлөвлөгөө гэгч гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл тэг болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын ордыг тавих нөхцөл байдал үүсээд байна гэсэн үг” гэж бичсэн байгаа. С.Ганбаатар гишүүн бол эднээс тохой илүү мэдлэгтэй эдийн засагч, эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө цуцалтгүй тэмцэгч гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Бид Оюутолгойнхоо ашгийг хүртэнэ гэж гучин жил хүлээх хэрэгтэй болж байгаа. Гучин жилийн дотор энэ том орнууд хүчирхэг техникээр ухаад гурван жилийн дотор зөөгөөд дуусгачихыг байг гэх газаргүй. Манай улсын олон орд газар ингээд л хоосон нүх болж үлдсэн байгаа шүү дээ. Тэр үед би лав байхгүй. Ч. Сайханбилэг байх эсэхийг мэдэхгүй. Хойч үеийн залуучууд маань хэдэн үеэрээ төлж барахгүй өртэй, хоосон нүх сахиад үлдэх байх даа.
Улс орон, ард түмний хувь заяаг шийдвэрлэх ач холбогдол бүхий ийм гом гэрээг Ерөнхий сайд нь дур мэдэн шийдэж, алс холын нэг улсад хэдэн дагуулуудтайгаа очоод шийдэж, гарын үсэг зурчихаж болдог юм уу. Ч.Сайханбилэг, Да.Ганболд хоёр бол нэг гарын алга, ар л гэсэн үг. Хувийнх нь ашиг сонирхол л биелэж байвал юугаа ч өгөхөд бэлэн хүмүүс гэж би боддог. Харин Бямбасайхан гэж залууг ирээдүйтэй сайн хүү гэж итгэж явсансан. Ийм бохир хуйвалдаанд голлон оролцож нэр нүүрээ барах гэж дээ. Энэ гэрээтэй улсын ерөнхийлөгч маань танилцсан уу. Зөвшөөрсөн үү. Их хуралд гишүүдээс нь эхлээд даргаа хүртэл танилцсан хүн бий юу? Хэн хэн зөвшөөрсөн юм? Өнөөх эвсэж засгийн газраа байгуулсан намуудын нөхөд танилцсан уу. Аль нам, ямар удирдлагууд нь дэмжиж байгаа юм. Иргэний нийгмийнхэн, ард түмэнд дуулсан мэдсэн зүйл байна уу. Энэ чинь, Монголын төр, ард түмэн хэлэлцэн шийдэх ёстой асуудал мөнөөс мөн юм байгаа биз дээ.
Улсын их хурлын чуулган дээр бараг бүх зүйл ойлгомжтой болсон доо. Төлөвлөгөөнд (гэрээнд) гарын үсэг зурсан Ерөнхий сайд бусад хүмүүс нь бултаж булзайруулсаар сүүлдээ хэлэх үггүй болно билээ. Олон улсын 14-16 банкинд газар нутгаа, лицензээ, баяжмал худалдах гэрээгээ барьцаанд тавьчихлаа гэж Улсын их хурлын олон гишүүн үзэж байгаа юм билээ. Ямар лицензээ Рио Тинтод өгчихсөн бэ гэсэн асуултанд Ч.Сайханбилэг гурван лицензнийхээ нэгийг өгсөн бололтой ярьсан. Би тэндээс “ Мань хүн газрын лицензээ өгчихөж. Бараг л Өмнөговь аймгийг тэр чигт нь Рио Тинтод (Англид) өгчихөв үү дээ” гэсэн бодол төрж байлаа. Ер нь тэгээд Монголын өмнө талын нутаг, тухайлбал Өмнөговь, Дорноговь маань Монголын газар нутаг хэвээрээ байна уу, аль эсвэл нууц хуйвалдаанаар харийнханд оччихсон уу гэдэгт эргэлзэж суух боллоо.
Нууц хуйвалдааны явцад нэг сонин зүйл ажиглагдаж байгаа. Анх 600 сая ам.долларын татварын өрийг Оюу-толгойгоос манай татварын байцаагчид ирүүлсэн байдаг. Гэтэл эрх баригчид илт Рио Тинтогийн талд үйлчлэн 130 сая ам.доллар болгож нэг үзээд, бүр сүүлдээ 30 сая ам.доллар хүртэл буулгасан. Барууны ноёддоо үйлчилж байгаа нь энэ. Тэгээд ч сэтгэл нь ханасангүй Монголынхоо татварын шударга байцаагчдыг ажлаас нь халж, арга хэмжээ авсан сураг байна. Энэ гучин сая ам.долларыг Рио Тинто Монголд буулт хийж, нэг их юм өгчихсөн юм шиг рекламдаад байгаа. Энэ чинь 8.1 тэрбум ам.долларын дэргэд юу юм, дуслын төдий л зүйл байхгүй юу.
Ард нь барууны ноёд байгаа Рио Тинто янз бүрийн аргаар Монголын төрийг айлгаж сүрдүүлж, дарамталсаар байгаад “зөөлхөн хоол” олоод залгичихлаа даа. Цаашдаа ийм л аргаар монголчуудтай харьцана. Гэдийнэ, тунирхана, айлгана, үйлдвэрлэлээ зогсооно. Тэр болгонд нь Ч.Сайханбилэг шиг нууц хуйвалдаанаар буулт хийгээд байвал монголчууд газар нутгаасаа ашиг хүртэх биш, дааж давшгүй өртэй хоцроно л гэсэн үг. Барууны ноёд, Ази Африк, Латин америкийн бага буурай улсуудыг яг л ийм замаар сөхрүүлсэн шүү дээ. Үүний, Монгол дахь хувилбар өнөөдөр биелэлээ олж байгаа нь энэ.
Одоо сонгуулийн өмнө “Оюутолгойгоо хөдөлгөсний үр шим” гэж их рекламдана аа, харж байгаарай. Олон улсын 16 банкны хяналтанд байгаа их мөнгөнийхөө зууны нэг хувиар цалин тэтгэврийг нэмнэ. Валютын ханшийг түр буулгана. Хувийн хэвшлийнхэн рүү хэдэн “ногоон” илүүчилнэ. Малчид руу ч гар сарваиж магадгүй. Энэ бол түр зуурын үзэгдэл. Үүлэн чөлөөний нар л гэсэн үг. Сонгууль өнгөрөөд бүх зүйл мартагдана.
Монголчуудын анхаарлын төвд одоо хоёр л асуудал үлдлээ. Ч.Сайханбилэгийг Дубайгаас эргэж ирэхээс өмнө Засгийн газрыг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах их аян эхэлсэн. Ч.Сайханбилэг “Одоо би хэргээ бүтээсэн. огцорсон ч яадаг юм” хэмээн бодож байж болох л юм. Үнэндээ ч тэр хүнд харамсах зүйл байхгүй. Англидаа очоод л жаргачихна биз. Тэнд, гавъяа зүтгэлийг нь үнэлэн орд харш, бүхэл бүтэн хотхон ч барьж өгч байгаа юм бил үү, бүү мэд.
Гол асуудал, Монголын өрийг нэмбэл Засгийн газраас гарна гэсэн андгай тангарагтай улстөрийн хүчнүүд, хувь хүмүүс олон бий. Ерөнхий сайд нь долоохон хоногт долоон тэрбум ам.долларын өр тавьчихаад байхад энэ амлалтынхан яаж хандах вэ гэдэг л сонин байгаа юм. Ардын намын зарим удирдлагууд бараг л ардчилсан намын гишүүн шиг зангаа хувиргасныг хүмүүс их л бухимдалтай хүлээж авч байх шиг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энхамгалан, Засгийн газар зээл авахыг дэмжиж том ярилцлага өглөө. Ардын намын ч юмуу, ардчилсан намын ч юмуу , аль учир нь олдохоо больсон. Сангийн сайд Ж.Эрдэнэбат Оюутолгойн нууц хуйвалдааныг илт дэмжин “Хөрөнгө оруулалт нэмэгдэх тал дээр мэдээж хэрэгтэй байлгүй яахав” гэсэн байна. Эвсэлд орсон МҮАН-ын дарга М.Энхсайхан ч, энэ гэрээг хоёр гараа өргөн дэмжээд л, гүйгээд байгаа. Тэр ч яахав, өөрт ашигтай л бол хэнийг ч дагаж, аль ч нам эвсэлд нэгдэж чадах хүн гэдгээ олон удаа харуулсан.
Хөөрхий дөө, монголчуудыг 200 жил тэжээх нөөцтэй Оюутолгой маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөгнөж хэлсэн шиг “харийн бэр” болоод эргэж ирэхээргүй явчихлаа даа. Гадаад, дотоод эзэд нь: “Оюутолгой нас бие гүйцэхтэйгээ зэрэг хэдэн арван жилийн дараа та нарт өгөөжөө өгнө” гэж биднээр доог тохуу хийхийг нь яана гээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: