Г.Дэнзэнг баривчилсантай холбоотойгоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас байцаалт авах уу?
Түүнийг уг өдрийн 14:00 цагийн үед АТГ-т аваачсан бөгөөд орой 20:00 цагийн үед 14 хоног саатуулах прокурорын зөвшөөрөл үзүүлээд, түүнийг цагдан хорих 461-р анги руу авч явсан аж.
Энэ тухай түүний өмгөөлөгч П.Содномдорж : “Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг АТГ-ын алба хаагчид хууль бусаар албадан саатуулад байна. Надад огт мэдэгдээгүй. Өмнө нь нэг ч удаа АТГ-аас дуудаагүй мөртлөө шууд ингэж албадан баривчилж, өмгөөлөгчгүй мэдүүлэг авах эрх байхгүй. Хууль зөрчсөн асуудал. Тэд эрүү шүүлт тулгаж байгааг ч үгүйсгэх аргагүй. Үйлчлүүлэгчээ баривчлагдсан гэдгийг сонсоод АТГ-т ирсэн ч намайг нэвтрүүлсэнгүй. Хаана ямар өрөөнд байгааг нь ч мэдэж чадаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41-д өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ хаана ч, хэдийд ч уулзах эрхтэй гээд заачихсан байдаг. Хуулийн дагуу үйлчлүүлэгчтэйгээ уулзмаар байна гэсэн хүсэлтийг АТГ-ын удирдлагуудад тавьсан ч хүлээж авсангүй. Арга ядаад АТГ-ын үүдний өрөөнөөс үйлчлүүлэгчийнхээ нэрийг дуудаж хашгирлаа. Тэд хүний эрх, хууль журмыг уландаа гишгэж байна” хэмээсэн юм.
Харин АТГ уг баривчилгаатай холбоотой гаргасан мэдэгдэлдээ:
“Эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Галсангийн Дэнзэнг албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцож, түүнийг хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн.
Сэжигтэн Г.Дэнзэнгээс албадан мэдүүлэг байцаалт авсан зүйл байхгүй, сэжигтнээр тооцсон тухай болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар хуулинд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдсэн байна.
Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт прокурорын баталсан нэгжлэг хийх тухай тогтоолыг үндэслэн Монгол Улсын ЭБШХ-ийн 132, 133, 137, 140, 141 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу сэжигтэн Г.Дэнзэн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн орон байр, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийх ажиллагаа явуулсан бөгөөд нэгжлэгийн явц, үр дүнг видео бичлэгээр бүрэн бэхжүүлэн, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан байна.
2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 15 минутад Г.Дэнзэнгийн өмгөөлөгч гэх Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн №0221 дугаарын үнэмлэхтэй Д.Содномдорж гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус газарт ирж, өөрийн үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт тавьсан бөгөөд Г.Дэнзэнг цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн талаар түүнд мэдэгдэж, сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан Шүүгчийн захирамжийг танилцуулахад мөрдөн байцаагч болон албаны бусад хүмүүстэй зүй бусаар харьцаж, маргаан үүсгэсэн учир түүнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хүргүүлэн согтуурлын зэргийг нь тогтоолгож шалгуулах арга хэмжээг авахаас өөр аргагүй байгаа талаар түүнд мэдэгдэхэд шалгуулахаас зайлсхийж тэрээр гарч зугтсан байна.
Өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан асуудалтай холбоотой видео бичлэг, түүний орхиж явсан шүүхэд төлөөлөх эрхийн №0221 дугаартай үнэмлэхийг нь Монголын Хуульчдын Холбоонд хүргүүлэхээр шийдвэрлээд байна” хэмээсэн билээ.
Г.Дэнзэнгийн эхний мэдүүлэгтэй холбоотой олон асуудал үүсч, түүний ойр дотныхон сандарч эхэлсэн тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Түүний өмгөлөөгч Д.Содномдорж Г.Дэнзэнгийн өмгөөлөгчөөр ажиллахаасаа татгалзсан бөгөөд мөн “Говь пауер”, “Хаан жимс” компаниудад шалгалт хийж эхэлсэн аж.
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас байцаалт авах шаардлага ч үүсэж мэдэх гэнэ.
Э.Мягмардорж
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Н.Алтанхуягаас битгий хэл цэвэр агаарын сангаас мөнгө и дэх гэж төрийн санд шургуулсан түүний охин болон. нөгөө Гансүх, Батсуурь нараас нь ч мэдүүлэг ав, ээддээ наад хүргэн , охи н бэртэйгээ нийлж идсэн хөрөнгөөр болгосон хаан жимс ХХК -ийг нь бас шалга
Хаан Жимсийн үйл ажиллагааг зогсоо.
Туул голыг бохирдуулаад байна.