ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЦААШИД Ч БУУРАХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
Сүүлийн есөн сар дараалан уруудсан орон сууцны үнэ цаашид ч буурах хандлагатай байгааг судлаачид хэлж байна. “Тэнхлэг зууч” компанийн судалгаагаар өнгөрсөн сард орон сууцны үнэ өмнөх жилийн мөн үеэс долоон хувиар буурсан дүн гараад буй. Шинэ орон сууцны үнэ бага зэрэг буурч байгаа бол хуучных нь өнгөрсөн оны наймдугаар сараас огцом уруудсан нь ийнхүү индексэд нөлөөлжээ. Тухайлбал, шинэ орон сууцны нэг ам метрийн үнэ 2.17 сая төгрөг байсан бол хуучин хоёр өрөө байрны үнэ 93.3 сая төгрөг болоод байгаа юм. Харин “Мастер пропертис” компанийн судалгаагаар шинэ орон сууцны ам метрийн үнэ 2.26 сая төгрөг байсан бол хуучин хоёр өрөө байрны үнэ 94.7 сая төгрөгтэй тэнцэж байжээ.
Орон сууцны үнэ буурч буйг зарим эдийн засагч хөөс хагарч эхэллээ гэж үзэж байна. Харин “Тэнхлэг зууч” компанийн захирал Б.Батзориг “Орон сууцны эрэлт, нийлүүлэлт богино хугацаанд их хэмжээгээр өссөн. Зөвхөн 2013, 2014 он гэхэд орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг 30 гаруй мянган өрхөд олгосон. Ийм байхад үнэ өсөхгүй яах вэ. Үнэ нэмэгдэх шалтгаан нь тодорхой байсан учраас хөөс гэж үзэх боломжгүй” гэв. Ямартай ч өнгөрсөн оны эцсээс саарч эхэлсэн орон сууцны үнэ он гарснаас хойш уруудлаа. “Тэнхлэг зууч” компанийн судалгаагаар өнгөрсөн оны нэгдүгээр улиралд орон сууцны үнэ жилийн өмнөх үеэсээ 24 хувиар өсөж байсан бол хоёрдугаар улиралд 19, гуравдугаар улиралд ес, оны эцсээс 0.5 хувиар хямдарчээ. Цаашид ч буурах төлөвтэй гэнэ.
“Мастер пропертис” компанийн ахлах судлаач Н.Батзориг “Орон сууцны үнэ энэ онд ч буурахаар байгаа. Гэхдээ шинэ орон сууцны үнэ ялимгүй буурсан. Энэ он дуустал сард дунджаар 1.5 хувиар буурах таамаг бий” гэв. Манай улсын эдийн засгийн өсөлт өмнөх онд 7.8, өнгөрсөн дөрөвдүгээр сард 4.4 хувь хүрч буурсан. Энэ нь эдийн засгийн салбарууд, тэр дундаа барилгын эрэлтэд нөлөөлж байна. Хэдийгээр энэ он гарснаас хойш шинээр олгосон орон сууцны найман хувийн хүүтэй зээл болон борлуулсан орон сууцны тоо тогтвортой байгаа ч сүүлийн саруудад эрэлт мэдэгдэхүйц хумигдсан аж. Нийслэлд 320 гаруй мянган өрх байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс 130 гаруй мянган өрх орон сууцанд амьдардаг.
Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 30 гаруй мянган өрх шинээр орон сууцны зээлд хамрагдсан гэвэл нийт өрхийн 50 хувь нь орон сууцанд амьдарч байгаа юм. Энэ нь эрэлт өнгөрсөн жилүүдийнх шиг огцом өсөх боломжгүйг харуулж байгаа аж. Үүнээс гадна төрөөс хөнгөлөлттэй зээл гэх мэтээр орон сууцны салбарт үзүүлж байсан дэмжлэгээ зогсоосон учраас нийлүүлэлт өсөх магадлал бага байна. Иймд эрэлт, нийлүүлэлт цаашид тогтвортой, иргэдийн худалдан авах чадвар буурсан зэрэг нь орон сууцны үнэ цаашид ч хямдарна гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.
“Мастер пропертис” компанийн судалгаанаас үзвэл өнгөрсөн сарын байдлаар зах зээлд нийт 235 барилгын төслийн 46.8 мянга гаруй орон сууц борлуулж байна. Үүний 46.3 мянган орон сууц нь энгийн, 515 нь хаусын зориулалттай гэнэ. Нийт төслийн 53 хувь буюу 125 нь 1.8-2.8 сая төгрөгийн үнэтэй бол 29 хувь нь 1.8 саяас доош, 17 хувь нь 2.8 сая төгрөгөөс дээш ханштай байгаа гэнэ. Харин борлуулж буй нийт төслийн 17 мянга нь ашиглалтад орсон, 29 мянгыг нь энэ сараас ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна нийт төслийн 49.6 хувь нь стандарт, 41.3 хувь нь нь стандарт сайн, 9.6 хувь нь тансаг зэрэглэлийнх юм байна.
Н.САНЖАА
URL: