Эр хүний ноён нуруу хаана хүрч хугарна вэ

tur-horoo

Сүүлийн арав гаран хоног Монголын чөлөөт бөхийн холбооныхны хэрүүлд монголчууд бялуурч байна. Бялуурч ч гэж дээ эгдүүцэж, залхаж байна. Хамгийн хачирхалтай нь гүндүүгүй, гүдэсхэн гэгдэн хэдэн үеэрээ хайрлан хүндэлж ирсэн бөхчүүд нус нулимсандаа холиолдох нь холгүй “Тэр намайг загнасан, дайрсан, дарамталсан” хэмээн хошуу унжуулан гонгинолдох нь эгдүү хүрмээр.

Энэ хорвоогийн хамгийн хатуу бэрхийг биеийн болоод сэтгэлийн хатаар туулан их спортын ид хавийг гайхуулдаг, төрийнхөө дууллыг харийн тэнгэрт эгшиглүүлэхдээ л хамрын самсаа нь шархирдаг чөлөөт бөхийн тамирчид, дасгалжуулагчид өнөөдөр хов зөөхдөө хамаг анхаарлаа хандуулан аньсагаа норгох нь холгүй “доошоо” орж явааг хараад хэлэх үг олдохгүй толгой сэгсэрч суугаа нь олон байх.

Тэр холбооных нь удирдлагуудад асуудал байдаг бол тэр сандал суудлын хэрүүлээ тэд нь л хийнэ биз, тамирчид маань тэдний золиос болон дагаж давхиж байгаа нь дэндүү муухай харагдаж байна. Адгийн амбицтанд толгойгүй мэт хөтлөгдөн гүйж яваа нь өнөөдөр өөрсдийг нь муухай харагдуулж байна.

Хэн ч харсан ойлгомжтой холбооны өмнөх удирдлага хийгээд өнөөгийн удирдлагын хоорондох сандал суудлын төлөөх тэмцэлдээний хавчуурганд дэлхийн дайдад эх орныхоо нэрийг гаргадаг тамирчид хутгалдан яваа нь  Монголын чөлөөт бөхийн түүхэн гавъяаг муухай харлуулж байна.

Монгол эр хүний ноён нуруу хаана хугарч байна вэ. Энэ асуултад Монголын чөлөөт бөхийн холбооныхны энэ дүр зургаас л лав олигтой хариулт гарахгүй бололтой. Сумогийн их аварга хэмээн дэлхий дахинаа нэр алдараа түгээсэн залуу ид хаваа гайхуулан орж ирээд урьдны удирдлагуудынх нь тогтоож орхисон дэг жаягийг өөрчлөн бужигнуулаад, босгоод эхэлснийг олон нийт ч анхаарч, олдог амжилт нь ч нэмэгдэж. Ердөө л үүнд өмнөх удирдлагууд нь эвгүйцэж, эгдүүцэж. Хэн ч харсан арав гаран хоног телевизийн дэлгэцээр хийсэн тэдний нэг зүйлээ л давтан гоншгонож байгаагаас ийм л дүгнэлт гарч байна.

Улс төрчид, улс төрийн намууд хэдэн хэсэг хуваагдан хэрүүл тэмцэл хийхэд монголчууд гайхах нь битгий хэл анхаарч харахаа ч байсан цаг. Гэхдээ монгол эр хүний бүхий л нэр нүүр, бахархал нь хэмээн билэгддэг бөхчүүд гоншгонох нь, тэр тусмаа албан тушаалын төлөө үймрэн гүйх нь, эх орныхоо ч нэрийг бодохгүй хил дамнан тоглолт хийн уруудаж байгаа нь  гутамшиг.

Өнөөх монголчуудын л сайрхан ярьдаг “Монгол эр хүний ноён нуруу” хаана хүрээд хугарна вэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: zail Огноо: 23 May 2015

та нар хүнэий захиалгаар юм бичдэгээ болиоч, тэгээд сэтгүүл зүйд ардчилал эрх чөлөө хэрэгтэй байна гээд байдаг, одоо бүр даврахнээ та нар барилдвал барилд дуугүй сууж бай гэхгээ юу, энэ сэтгүүлчээ зайлуулаачээ

Нэр: nasa Огноо: 24 May 2015

Hudlaa dawgaag l magttsan baina shdee. Holboo niih amjilttai sain boloogui shdee.

Сэтгэгдэл бичих