Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал ирэх оны 12 сард ашиглалтад орно

20150523044411

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдаж байгаа Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлын явц, үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа юм. Шинэ нисэх буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд том оворын хүнд даацын онгоц буух, хөөрөх зурвас, явгалах зам, онгоц байршуулах талбай /перон/ бие даасан ус, дулаан цахилгаан эрчим хүчний хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, нисэх онгоцыг газрын тоног төхөөрөмжөөр үйлчлэх болон гал гарсан үед унтраах албаны барилга, ачаа, шуудан хүлээн авах, явуулах барилга, онгоцыг шатахуухаар цэнэглэх газар доорх гидрант систем, 8000 тонн багтаамж бүхий шатахууны агуулах сав, борооны болон үерийн уснаас хамгаалах далан суваг зэрэг 30 гаруй барилга байгууламжаас бүрдэж байгаа юм.

Нисэх онгоцны буудалтай танилцсан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ,

Нэгдүгээрт: “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийг санхүүжүүлж буй Япон Улсын Хөгжлийн албан ёсны туслалцааны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт 2018 оноос эхэлнэ. Энэхүү зээлийг уг нисэх буудлын үйл ажиллагааны орлогоос эргэн төлөхийн тулд үр ашигтай ажиллуулах хамгийн оновчтой менежментийг сонгох нь нэн чухал. Иймд дээрх үйл ажиллагааг зохион байгуулах, нисэх онгоцны шинэ буудлын ашиглалтыг хариуцан хамгийн үр ашигтай ажиллуулж чадах компанийг 2015 оны 12 сард багтаан шалгаруулж ажилд нь оруулах нь чухал. Бусад улс орнуудын туршлагаас харахад нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангахад19-26 сарыг зарцуулдаг.

Хоёрдугаарт: Нисэх онгоцны шинэ буудлын Зорчигч үйлчилгээний барилгын төлөвлөлтийн шатанд жилдээ 12 сая хүртэл зорчигч хүлээн авч үйлчлэх  боломжтой болгон өргөтгөх боломжийг тооцсоноос гадна дахин нэмэлт зурвас барих зай талбайг төлөвлөсөн. Хэдийгээр нэмэлт зурвасыг барих төлөвлөлтийг хийсэн боловч уг зурвасыг барих газрын асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна. Иймээс нисэх онгоцны шинэ буудлын ирээдүйн хөгжлийг бүрэн хангахуйц зай талбайг тусгай хэрэгцээнд авах шаардлагатай.

Гуравдугаарт: Бүтээн байгуулалтын төслийн багийг тогтвортой ажиллуулах, ажилд аливаа улс төрийн шалтгаанаар оролцож хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх хэрэгтэй” гэв.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь 1993 онд Азийн хөгжлийн банкнаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд судалгаа хийжээ. Судалгаагаар тус нисэх онгоцны буудал нь хоёр талаасаа онгоц буух боломжгүй, буудлыг нэмж өргөтгөх боломжгүй, ашиглалтын хувь 73 хувьтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан аж. Зайлшгүй өргөтгөх бол Айдасын давааны оройг тэгшлэх шаардлага тулгарсан байна. Үүнийг хийхэд 50 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай гэсэн судалгааг танилцуулжээ. Үүнээс үүдэн шинэ нисэх онгоцны буудал барих газрын Улаанбаатар хотын орчимд долоон газарт тодруулснаас Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийг сонгосон аж. Одоогийн шинэ нисэх онгоцны буудал баригдаж байгаа газрыг Японы судлаачид судалж үзээд 28.8 тэрбум иенээр санхүүжүүлж, онгоцны буудал барих боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ.

Ингээд бүтээн байгуулалтын ажлыг 2013 оны 6 дугаар сард Шинэчлэлийн Засгийн газрын үед эхлүүлж чадсан байна. Бүтээн байгуулалтын ажлыг нийтдээ 1290 хоног буюу 43 сарын хугацаанд хийж гүйцэтгэн 2017 оны 1-р сарын 7-нд хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгажээ. Одоогоор бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөт хугацаанаасаа 1.5 хувиар илүү явж байгаа аж. Энэ хурдаараа явбал 2016 оны 12 дугаар сард дуусгах боломжтой юм байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицибүши-Чиёода түншлэл, Ерөнхий туслан гүйцэтгэгч БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байгаа юм. Мөн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр Монголын “Делта”, “Бүти”, “Mez Res”, “OTK”, “ND, Геокат, IT ZONE зэрэг компани, Япон, Солонгосын, Хятад, Чех улсын дангаараа болоод хамтарсан хөрөнгө оруулалттай 20 орчим компаниуд ажиллаж байгаа юм. Мөн өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын талбайд 1500 орчим ажилтан ажиллаж байгаагаас 85 орчим хувь нь монгол иргэд ажиллаж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих