Г.Дэнзэнгийн өмгөөлөгч согтуу очиж маргаан үүсгэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас уржигдар баривчилсан. Тэгвэл энэ талаар АТГ-аас албан ёсоор мэдээлэл өглөө. Тодруулбал, Г. Дэнзэнг албан тушаалаа хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр сэжигтнээр тооцож, түүнийг хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн байна. Г.Дэнзэнгээс албадан мэдүүлэг байцаалт аваагүй бөгөөд сэжигтнээр тооцсон тухай болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар хуулинд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдсэн байна. Энэ талаар “Түүнийг саатуулсан өдөр буюу энэ сарын 21-ний 19:15 цагт Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Д.Содномдорж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт тавьсан бөгөөд Г.Дэнзэнг цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн талаар түүнд мэдэгдэж, сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг танилцуулахад мөрдөн байцаагч болон албаны бусад хүмүүстэй зүй бусаар харьцаж, маргаан үүсгэсэн учир түүнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хүргүүлэн согтуурлын зэргийг нь тогтоолгож шалгуулах арга хэмжээг авахаас өөр аргагүй байгаа талаар түүнд мэдэгдэхэд шалгуулахаас зайлсхийж тэрээр гарч зугтсан” хэмээн АТГ-аас мэдэгдсэн юм. Тиймээс өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан асуудалтай холбоотой видео бичлэг, түүний орхиж явсан шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийг нь Монголын Хуульчдын Холбоонд хүргүүлэхээр шийдвэрлээд байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL: