Долларын ханш буурч, махны үнэ нэмэгдэв

Өнөөдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар 1939 төгрөгтэй нэг ам.доллар тэнцжээ.

2b858657186201505210027

Харин арилжааны банкууд 1930-1935 төгрөгөөр авч, 1940-1946-аар зарж байна. Валют арилжааны төвд авах үнэ нь 1935-1937,харин 1938-1939 төгрөгөөр худалдаж байгаа юм.

Ийнхүү ам.долларын ханш хоногт 1-2 төгрөгөөр буурч буй энэ үед хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш буурах нь бүү хэл нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа. Хүнсний голлох нэрийн бүтээгдэхүүн болсон махны үнэ нэмэгдсээр л байна.

Тавдугаар сарын гурван долоо хоногийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 7570 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8140 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 55 төгрөгөөр, үхрийн цул мах 85 төгрөгөөр тус тус өсөв.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр зарагдаж байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 85 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байна. Хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6870 төгрөгөөр, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байгаа нь ажиглагдав.

Бидний өдөр тутмын хэрэглээний амин чухал зүйл бол гурил, мах. Одоо гурилын үнэ нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-970 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалав. Төмс хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 30 төгрөгөөр буурчээ.

 

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих