“Southgobi resources” компани Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхгүй

southgobi-resources-090942-852424827-101426-254567886-Ц.Болд, Ц.Цэрэнжээ нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй-

Өмнөговь аймагт байрлах Овоот толгойн ордыг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi resources” компани эзэмшдэг.

Тус компанийг татвараас зайлсхийсэн гэж үзэн, 35.3 тэрбум төгрөгийн хохирол барагдуулах шийдвэрийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэгдүгээр сарын 30- нд гаргасан билээ.

Харин тус компани энэхүү шийдвэрийг хэт нэг талыг барьж, баримтыг нягталж үзээгүй хэмээгээд давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингэснээр тэд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээр дамжуулж Монгол Улсын дээд шүүхэд давж заалдах хүсэлт гаргасан билээ.

Тэгтэл өнгөрсөн сарын сүүлчээр “Southgobi resources” компаниас Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх тэдний Монгол Улсын дээд шүүхэд гаргасан давж заалдах хүсэлтийг буцаасан талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн энэхүү үйлдлийг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэн, тайлбар авахыг хүсчээ.

Тиймээс тэд давж заалдах хүсэлтийг буцаасныг эсэргүүцэж байгаагаа бичгээр илэрхийлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хүргүүлсэн юм. Тэгвэл өчигдөр Улсын Дээд шүүхээс тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, Ц.Цэрэнжээ нарын дээрх гомдолд хариу өгсөн байна.

Эндээс үзэхэд, манай улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн нэгдүгээр хэсэгт “… шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах… эрхтэй” гэж субъектээр заасныг онцолжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар хяналтын шатны шүүхэд (Улсын Дээд шүүх) гомдол гаргах эрхгүй юм байна. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч (Ц.Болд), өмгөөлөгч (Ц.Цэрэнжээ) нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй гэжээ.

Тодруулбал, тэд энэхүү эрхээ эдэлсэн гэсэн үг. Харин хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй юм. Мэдэгдэл гарсны дараа Хонконгийн хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш 4.56 хувиар сэргэж, нэгж нь 5.73 хонконг доллартай тэнцсэн байна. Дашрамд сануулахад, “Turquoise hill resources” компани “Southgobi resources”-ийн эзэмшлээ Хятадын “Novel sunrise investment” компанид худалдсан билээ.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих