Хаан хор хүнцлээр Дорнодын ХӨРС БОХИРДСОН ТҮҮХ

huntsel

- Мардай орчмын бүс дэх хүнцлийн хор орос ах нараас эхтэй юү-

Монгол орон зах зээлд шилжин, эдийн засгаа өөд нь татахын тулд газрын хэвлий дэх үүцээ дэлгэсэнтэй зэрэгцээд химийн хортой, аюултай янз бүрийн бодисыг манай улсын хилээр олон мянган тонноор нь оруулж ирэх болсон. Уул уурхайн компаниуд натрийн цианид, мөнгөн ус, хүнцэл гээд жирийн иргэд нэрийг нь мэдэх, мэдэхгүй олон бодис оруулж ирэн, эрдэс баялаг ухахдаа ашиглаж байгаа. Монгол Улсын хэмжээнд 4326 тн химийн бодисын хог хаягдлыг хяналттай, хяналтгүй зориулалтын бус газарт хадгалж байгаа гэдэг.

“ШИНЬ ШИНЬ”-ИЙНХЭН ҮЙЛДВЭР БАРИХААСАА ЭХЛЭЭД МАНАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧЖЭЭ

Бүх аймагт уул уурхай тэр дундаа алтны, бусад ашигт малтмалын төлөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж очоод хувин, түмпэн харшуулан шороо угааж байгаа гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Харин тэр бүх уурхай нэртэй газруудаас байгаль орчин, хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлөх химийн хорт бодис ялгарч байгааг ашигт малтмалын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй байгаа нөхөд мэддэггүй. Байгаль орчинтой холбоотой химийн хорт бодис гэхээр натрийн цианид, мөнгөн ус гэдэг. Тэгвэл тэдний дундаас дэлхий дахинд хаан хор хэмээн нэрлэгдсэн химийн онц аюултай хүнцэл хэмээх бодисыг Монгол орны зүүн хэсэг дэх Дорнодын их талд маш ихээр асгачихаад байгаа юм. Тамсагийн сав газраас нефть олборлогч компаниуд, Мардай орчмын стратегийн орд газраас холимог металл зэрэг байгалийн баялаг олборлогч аж ахуйн нэгжүүд хөрсөнд хүнцэл асгасан тухай мэдээлэл хэвлэлээр байсхийгээд л гардаг.

Тэдний нэг бол Монгол Улсын стратегийн ордын жагсаалтын хоёрдугаар хавсралтад заасан, Дорнод аймгийн Дашбалбар сум дахь Улааны холимог металлын ордыг ашиглагч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компани. Тус компанийнхан Монгол Улсын стандартад нийцээгүй зураг төслөөр, хямд төсөр, хэврэг материал ашиглан хаягдлын далан байгуулсан аядаж, эх орны минь зүүн хязгаарын хөрсийг бохирдуулчихаад байгаа талаар бид өнгөрсөн дөрөвдүгээр сард бичсэн өмнөх хоёр цувралдаа тодорхой мэдээлсэн билээ. Монгол орны байгалийн баялгийг ухаж авчихаад, “алтыг нь аваад авдрыг нь” гэгчээр тус ордыг ашиглаж буй “Шинь шинь”-ийнхэн хүйтэн хөндий сэтгэлээр хөрс, усыг нь бохирдуулж хаячихаад нутаг буцчихад бид яах вэ. Мал бэлчих боломжгүй, хортой шороо пургисан тал ирээдүй хочид минь үлдэж магадгүй болчихоод байгаа. “Шинь шинь”-ий хятадууд, цоорхой хаягдлын далан, уурхай хүлээн авсан Улсын комиссынхонд хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад тэдний буруутай үйл ажиллагаанаас болж хөрсөнд хүнцэл их хэмжээгээр шингэж байгааг тогтоосон байдаг. Тухайлбал, “Шинь шинь” компанийнхан уурхайн хаягдлын далангаа барихдаа тус сан дорх хөрс, усанд гидрогеологийн судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй аж.

Үүний уршгаар хаягдлын далангаас химийн хортой ус хөрсөнд шингэж байхад мэдэхгүй, мэдсэн ч арга хэмжээ авч чадахгүй, шинжээчид очоод өрөмдлөгийн багаж ажиллуулах ямар ч боломжгүй байжээ. Магадгүй хөрсийг асар ихээр бохирдуулчихаад 10-20 метрийн гүн дэх хөрсийг нь шинжлүүлэхгүй байх башир арга хэрэглэхийн тулд ингэсэн ч байж болох. Бидэнд олдсон мэдээллээр шинжээчид “Шинь шинь”-ий уурхайн хаягдлын сан, үйлдвэрлэлийн бүс орчмын газар доорх хөрсөнд шинжилгээ хийхдээ 2-6 метр өрөмдөөд дээж авсан байгаа юм. Түүнээс цааш өрөмдөх боломжгүй байсан гэнэ. Уг нь мэргэжлийнхний хэллэгээр нэгдүгээр уст үе буюу 12-18 метрийн гүнээс цаашихыг шинжлэх шаардлагатай байсан юм билээ. Тэгэхээр Улааны холимог металлын ордын 247А дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Шинь шинь”-ийнхэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг анхнаас нь зөрчиж, манай экологид харь хүний сэтгэлээр хандан уландаа гишгиж байсан нь тодорхой болж байгаа юм.

УЛААНЫ ОРД ГАЗАРТ ЯАРАЛТАЙ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ

“Шинь шинь” компанийн уурхайн орчимд хүнцлийн агууламж Монгол Улсын MNS 5850:2008 стандартад зааснаас хэд дахин өндөр байгаа нь тэнд хийсэн цагдаагийнхны шалгалт, шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болсон юм. Тэнд ажилласан шинжээчийн 01 дугаартай дүгнэлтэд “Хаягдлын сангийн ойр орчмоос авсан хөрсний нийт дээжин дэх хүнцлийн дундаж агуулга 33.5 мг/кг. Хаан хороор бохирдсон байх магадлалтай жалга болон түүний нөлөөлөлд өртөөгүй гадаргын хөрснөөс авсан дээжнээс илэрсэн хүнцлийн хэмжээ хүлцэх болон, хортой агууламжаас өндөр илэрсэн нь хөрс үүсгэгч чулуулгийн литогеохимийн аномаль гэж үзэж байна. Улааны ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан орчим болон тус үйлдвэрийн эргэн тойрноос шинжээчид 40 дээж авч Shi-02-0-10 (Хаягдлын сангийн дэргэд)- аас Shi-y3-1 (уурхайгаас багагүй хэмжээний алсад байх талбай) хүртэл 40 газраас дээж авч шинжилснийг бид графикаар үзүүллээ.

Эндээс харахад хүнцлийн хэмжээ нь хүн, мал, амьтан, байгаль орчинд ноцтой хохирол учруулахуйц хэмжээнд байгаа нь тогтоогдож, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болчихоод байгаа юм. Тухайлбал, дээрх 40 дээжийг харахад стандарт буюу хүлцэх хэмжээнээс давж хортой агууламжийн хэмжээнд хүрсэн 40, хортойгоос давсан 10, аюултай хэмжээнд хүрсэн зургаа, аюултай агууламжийн хэмжээнээс хэтэрсэн нь хоёр байгаа юм. Дэлхий нийтэд мөрдөж байгаа стандартаар усанд байх хүнцлийн агууламж 0.001 мг бол манайд нэг кг хөрс, усанд зургаан мг-аас их байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж тооцож байгаа. Агаарт ердөө 0.05 мг/л байхад л амьсгалаар дамжин биед орж, үхэлд хүргэх аюултай гэдгийг эрдэмтэн судлаачид батлаад буй. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Дорнод аймгийн Дашбалбар сум химийн хороор хордож, нэн яаралтай нөхөн сэргээлт хийхгүй бол хүн, малд хортойгоор нөлөөлөн, Минаматагийн сүүдэр манайд хүүшлэхэд энүүхэнд болчихоод байгааг илэрхийллээ.

Магадгүй тухайн орчимд амьдардаг айл өрхийн хүмүүс, малд нь сөрөг нөлөө үзүүлээд эхэлчихсэн ч юм бил үү, бүү мэд. Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагынхан тус сумын хүн амын өвчлөлийн талаарх мэдээллийг нууцалж, мэдээлэл өгөхөөс татгалзаж буй. Магадгүй тэдний зөв л дөө, хүний эрүүл мэнд гэдэг бол хувь хүний нууцад хамаарах учраас хэлэхгүй байх нь аргагүй. Хүнцэл буюу олон улсын нэршлээрээ мыщъяк, арсени гэж нэрлэгдэх химийн энэ бодисын хор аюулын талаар цахим хуудсуудад ч тэр, химийн мэргэжилтнүүд ч ялгаагүй “Тун аюултай бодис. Залгих, амьсгалын зам болон арьсанд хүрэхэд маш хортой. Арьс, уушги, элэгний хорт хавдар үүсгэдэг. Өөр бусад өвчний голомт болно. Устөрөгчтэй нэгдэж, хортой хий ялгаруулна.

Хорт хавдар үүсгэх концентраци нь 15-хан минутад 0.002 мг/ шоо метр, амь нас эрүүл мэндэд хортой тун нь таван мг/ шоо метр байдаг гэнэ. Ийм аюултай бодисоор Дорнодын хөрс бохирдчихоод байгаа талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдох байгууллагаас нь мэдэгдэж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг сануулаад байхад тус яамныхан нүдэн балай чихэн дүлий суугаа нь хачирхалтай. Түүгээр ч зогсохгүй “Шинь шинь” компанийнхан экологид учруулсан хохирлын нөхөн төлбөрт 300 гаруй сая төгрөг Байгаль хамгаалах сангийн дансанд оруулчихаад байхад нь улс татаж аваад юунд зарцуулсан нь тодорхойгүй болгочихоод байгаа сурагтай. Урин дулаан болж, газар гэсэж байгаа энэ үед яаралтай нөхөн сэргээлт хийхгүй бол хүнцлээр хордсон шингэн газрын хөрс рүү улам л гүн шингэх болно шүү дээ.

Арга хэмжээ авахгүй удвал юун Минамата, юун Хонгорын хордлого. Түүнээс ч аюултай, хэдэн үеэрээ хүн амьдран суух боломжгүй нутаг болох аюулын харанга гэсэн үг. Хүнцлийн агууламж Дорнод аймгийн Дашбалбар сум дахь Улааны орд газарт л өндөр байгаа юм биш. Тус сумтай залгаа Баяндунгийн нутагт орших геологийн тогтоцын хувьд ойрхон байх холимог металлын ордуудад ч хүнцлийн агууламж өндөр гарсан юм билээ. Түүгээр ч зогсохгүй “Эмээлт майнз”, “Хан ресурс” компанийн орд зэрэг хуучнаар Мардай орчмын бүсэд хамаарагдаж байгаа газруудад хүнцлийн агуулга нь өндөр байсан нь тогтоогдсон байна. Яагаад энэ бүсэд хаан хор хүнцэл ийм өндөр хэмжээтэй байгааг хэн ч мэдэхгүй.

Орон нутгийн иргэдийн зарим нь Мардайн ураны орд газрыг орос ах нар ашиглаж байхдаа хүнцлээр бохирдуулчихсан юм болов уу гэж хардаж байгаа бол өөр нэг хэсэг нь байгалиасаа л хүнцэл ийм өндөр хэмжээтэй байдаг биз гэлцэж байгаа юм. Аль нь ч байлаа гэсэн тус бүс нутагт салбарын эрдэмтэд, байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий компани, аж ахуйн нэгж, хөндлөнгийн хяналтын баг оролцуулсан мэргэжлийн хүмүүсийг томилж, Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулаад нүүдлийн мал аж ахуй, айл амьтан суурьшиж болох эсэхийг тогтоох шаардлагатай болжээ. Хэрэв аюултай байдал үүссэн нь тогтоогдвол үйлдвэрлэлийн хориотой бүс бий болгож, хорыг нь саармагжуулж, нөхөн сэргээх арга хэмжээ авахгүй бол Дорнодын их талын хойд хэсэгт гамшиг болох нь.

Г.РАВЖАА /монголньюс.мн/


URL:

Сэтгэгдэл бичих