Ерөнхий сайдыг огцруулах бичиг угтах нь

5-21-3_700x700

Арабын Нэгдсэн Эмирт улсад ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр эх орондоо ирнэ. Айлчлалын үеэр  Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжүүлтийг шийдэж гарын үсэг зурсан нь зарим гишүүнд таалагдаагүй бололтой.

Энэ бол хөрөнгө оруулалт биш, Засгийн газрын тэргүүн эрх мэдлээ хэтрүүлэн Монгол Улсад дахин өр нэмлээ гэж гишүүн Г.Уянга үзэж Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өчигдөр гаргажээ. Энэ саналыг УИХ-ын хэд хэдэн гишүүн дэмжин, огцруулах тухай бичигт гарын үсэг зурсан гэнэ.

Тухайлбал, гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Л.Цог нар аж. Ерөнхий сайдыг огцруулах бичигт 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-ын даргад өргөн барих боломжтой. Одоогоор бие даагч гурав, “Шударга ёс” эвслийн бүлгийн хоёр, МАН-ын нэг гишүүн дэмжиж байгаа бол цаашид олон болох магадлалтай. Хэдийгээр УИХ-д суудалтай бүх нам Засгийн газарт хамтарсан ч гэлээ МАН-ын дотоод уур амьсгал үүнд ихээхэн нөлөөтэй юм.

Шадар сайд У.Хүрэлсүхийн багийнхан огцруулах саналыг дэмжих эсэхээс ихээхэн зүйл шалтгаална. Хэрэв тэд дэмжихгүй байсан ч түүнтэй хамт Засгийн газрын багт ороогүй хотын фракц гэх намын дарга М.Энхболдын талын гишүүд УИХ-д олон бий. МАН дотооддоо ойлголцохгүй байгаа ойрын жишээ л гэхэд НАМЗХ-ны хэсэг залуус удирдлагаа эсэргүүцэж эхэлсэн юм. Ардчилсан нам ч дотооддоо хага­ралтай байгааг хэсэг залуусын эсэргүүцэл, шүүмж­лэлээс илт байна. Тэд экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багийнхан юм. Энэ талын гишүүд УИХ-д цөөнгүй бий. Иймд Ерөнхий сайдыг айлч­лалаас ирэхэд нь Оюутолгойн далд уурхайн асуудлыг шийдсэн гэж баяр хүргэхээс илүүтэй огцруулах бичиг угтав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих