Ч.Сайханбилэгийн давхар мэх буюу дахин сэргэлт

4ch8eqf5dt489kel2670ce5pn7

Шийдлийн Засгийн газар хэлсэндээ хүрч, төлөвлөснөө хэрэгжүүлж, хямарсан эдийн засгийг дампуурлын ангалд унагачихалгүй тогтоон барьж, дээш нь сэргээж чадлаа. Үүнийг энэ оны төсвийн тодотголт, хэмнэлт, таналт зэрэг эдийн засгийг хумисан бодлогын хэрэгжилт, Энэтхэг улстай тогтоосон стратегийн түншлэлээр үргэлжилсэн хөрөнгө оруулалт, нэг тэрбум ам.долларын хөнгөлөлт зээл олгох шугам, цаашлаад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан баяр мэдээллүүдээр үргэлжлэн хөвөрч байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийж, Монголын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компанийн удирдлагууд Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцсон нь Монголчууд бидний төдийгүй олон улсын анхаарлыг татаж чадлаа.

Тун удахгүй “Оюутолгой”-н далд уурхайн үйл ажиллагаа эхлэнгүүт манай улсад эхний ээлжинд 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Хэлэлцээрийн хүрээнд “Оюутолгой” 30 сая ам.долларын татвараа төлөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү дотооддоо валютын урсгал нэмэгдэж, хүлээгдээд байсан бүтээн байгуулалтын ажлууд ч ар араасаа өрнөх бололтой. Оюутолгойн далд уурхай нийт ордын 80 хувийг эзэлдэг, хамгийн ашигтай хэсэг нь. Тиймээс далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр дотоодын аж ахуйн нэгжүүд гүйцэтгэх, бараа таваар нийлүүлэх захиалгат тендэрт оролцоно. Ингэснээр зогсонги байдалд байсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргэж, ажлын байр бий болж, хүмүүсийн амьжиргаа ч сэргэх юм.

“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гарын үсэг зурсан даруйд олон улсын зах зээл дэх манай бондын ханш огцом өслөө. Монголдоо бус АНЭУ-д “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эдийн засгийн бодлогынх нь давхар мэх байлаа.

АНЭУ нь 9 орчим сая хүнтэй. Нэг хүнд ногдох ДНБ  нь 50 мянга орчим ам.доллар. Энэ нь нэг хүнд ногдох ДНБ-ээрээ  дэлхийд зургаад ордог, баян орон. 1970-аад оны дунд үеэс газрын тос, байгалийн хийн олборлолт тус улсад хүчтэй өрнөсөн учраас өнөөдөр эдийн засаг нь хурдацтай хөгжиж, хүмүүс тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, дэлхийн эдийн засгийн томоохон төв болж чадсан улс. Тиймээс ч тус улсын улс төр, эдийн засагтай холбоотой үйл ажиллагаа олон улсын анхаарлын төвд байж, хөрөнгө оруулагчид байнга тэдний зүг хараа бэлчээж байдаг билээ.

Нүүрээ бууруулсан хөрөнгө оруулагчид манай руу хараагаа бэлчээж эхэллээ. Үүнийг дагаад олон улсын хэвлэл мэдээлэл ч манайтай холбоотой мэдээллийг цаг алдалгүй мэдээлж байна. Бонд арилжааны “Tradeweb” компанийн ханшийн мэдээллээр, Монголын засгийн газрын 2022 онд эргэн төлөх бондын ханш өнөөдрийн хамгийн эхний худалдаагаар 3.125 хувиар өсч 92.375 цент болсон бол Монголын Худалдаа, хөгжлийн банкны /ХХБ/ өнгөрсөн долоо хоногт 105.1/106.1 центийн ханшаар гаргасан засгийн газрын баталгаатай, 2020 онд төлөгдөх 9.375 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бондын ханш өнөөдөр бараг гурван хувиар өссөн байна. ХХБ-ны энэ бондын ханш тавдугаар сарын 12-нд гаргаснаас хойш тав гаруй хувиар өсөөд байна гэжээ. Тиймээс ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “нэг сумаар хоёр туулай харвалаа”.

Харин одоо иргэд ирээдүйдээ итгэлтэйгээр сэтгэл тайван урам зоригтой ажиллаж байна. Гэтэл Ерөнхий сайдыг Ч.Сайханбилэгийг Монголдоо биш харьд очиж “Оюутолгой”-н далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа гэж шүүмжлэх улс төр дотоодод өрнөлөө. Эдийн засаг хүндрэхийн хэрээр ард түмний нуруун дээр ачаа нь ирдэг “жам”-тай. Одоо улс төржих цаг биш. Ирэх оны сонгуулийг тооцоолж, нийгмийг бусниулах, иргэдийн сэтгэл санааг дарамтлах хийрхэл хэрэггүй. Эдийн засаг сэргэснээр улс орон хөгжинө.

Харин одоо улс төржилтөд өртөн, парламентад дарагдсан “Тавантолгой”-н гэрээний төслөө УИХ шуурхай хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй болов уу.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх шийдвэрт нөгөө талтай хүрч чадсан нь зөвхөн Засгийн газраа төдийгүй парламент дахь улс төрийн хүчнүүдийг, тэр дундаа АН-ыг ч ирэх сонгуулиар сонгогчдодоо “хэлэх үгтэй, хийсэн ажилтай” нүүр бардам очих боломжийг бүрдүүллээ.

Эдийн засаг дахин сэргэлтийн үедээ ирсэн энэ цагт улс төржилт, хийрхлээ зогсоож ажлаа хийцгээе, улстөрчид өө.

Н.Энх


URL:

Сэтгэгдэл бичих