Монголын загварын ертөнцийн “тулаан”
“Загварын ертөнц бол дайны талбар” гэж эх орныхоо нэрийг олон улсад гаргаж яваа нэгэн залуу сануулсан удаатай. Тэгвэл мисс Э.Сэлэнгэ арваад жил хилийн чанадад загвар өмсөөд ирснийхээ дараа үүнийг нотлох гэсэн мэт загварын ертөнцийн “аймшигт” дайралтуудад хэрхэн өртсөн тухайгаа олонд дэлгэж, түмнийг алмайруулсан.
Чин үнэндээ монголчууд ч Монголд огт тийм байдаггүй мэтээр дуу алдан хүлээж авсан. Тэгвэл Монголын загварын ертөнцийн “тулаан” хэрхэн өрнөдөг юм бол?
Саяхныг болтол монгол загвар өмсөгчид тун ч эвтэй найртай байлаа. Гэвч загварын агентлагууд олширч, шинэ залуу моделиуд хаврын нялх ногоо шиг өндийн цэцэглэх тусам загвар өмсөгчдийн дунд өрсөлдөөн хурцдаж эхэлсэн.
Үнэндээ үүнийг нь өрсөлдөөн гэж тодорхойлох ч бас хэцүү. Учир нь бие биенээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр “царай муутай, чадваргүй” гэх мэтээр хэлж, тун даруухнаар хор шараа тайлж байсан загвар өмсөгчид амраг залуугаа булаацалдаж эхэлсэн.
Магадгүй энэ “тэмцэл”-ийн эхлэлийг манай загвар өмсөгчдийн алтан үеийнхний нэг болох модель бүсгүй эхлүүлсэн болов уу. Тодруулбал, найз залуугаа шавь нартайгаа хардаж, багагүй дуулиан дэгдээсэн.
Энэхүү шуугиан хараахан намжиж амжаагүй байтал ард түмний мисс Д.Ариунцэцэг загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнгээс нөхрийг нь булааснаар дараагийн тэмцлийн галыг өрдсөн юм. Гадаад төрхөөрөө тун төстэй ч дотоод сэтгэхүйгээрээ эрс ялгаатай хоёр бүсгүй хэзээ ч загварын тайзнаа нэгэн зэрэг алхаж, мэргэжил чадвараараа өрсөлдөж байгаагүй. Гэтэл хэл амаараа, доромж сэтгэхүйгээрээ ан мана үзэлцэж, шар хэвлэлийн хуудсыг хэсэгтээ л “чимсэн”. Тэд Алтны магнатаас үүдэлтэй тэдний хэрүүл Пүүжээг нөхөрт гартал үргэлжилснийг бодоход тэд үнэхээр биесээ үзэн ядсан бололтой юм.
Ийнхүү авгай хүүхний хэрүүлээр эхэлсэн загвар өмсөгчдийн тэмцэл сүүл сүүлдээ эрх ашгийн төлөөх “тулаан”-аар үргэлжилсэн юм.
Тодруулбал, загварын агентлаг, моделиудаа булаацалдсан багш, шавь хоёр бие биенээсээ зайгаа барьж, тайзнаа төдийгүй амьдрал дээрээ ч мөнхийн өрсөлдөгчид болж хувирсан. Аливаа салбарт эрх ашиг ямагт тэргүүн эгнээнд тавигддаг гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Тэд энэхүү хэрүүлдээ бас л хэвлэл мэдээллийн хэрэгслийг “хутгасан” боловч ард түмэн багш, шавь хоёрыг нэг их буруутгаагүй. Эргээд бодох нь ээ, эрс булаацалдсанаас хамаагүй “цэвэр” тэмцэл юм даа.
Барууныхны барин тавин ярьдаг шиг нэгнээ хутгалах, нүүрээр нь хана мөргүүлэх, найзуудаараа нийлж, гоо үзэмжинд нь халдах зэрэг ноцтой асуудал одоогоор манайд гараагүй байгаа нь ёстой л зол гэлтэй. Гэвч манай моделиуд огт гар зөрүүлж байгаагүй цэвэрхэн хүмүүс бас биш ээ. Учир нь, загвар өмсөгчдийн дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээний үеэр манайхны “зөрчил” гэнэт ил гарсан юм. Тодруулбал, “Модель” болон “Андра модель” агентлагийн залуус сагсан бөмбөгийн талбайг боксийн ринг гэж андуурсан бололтой.
Цус нөжиндөө хутгалдаж, хувцасаа уралцан зодолдсоноор “нөхөрсөг” гэх тодотголтой уг тэмцээнийг тэд ёстой л “нөжирхөг” болгож хувиргасан. Энэ нь бас л өнөөх янаг амрагийн явдлаас үүдэлтэй гэж байгаа. Өөрөөр хэлбэл, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт эхнэртээ хаягдсан бухимдлаа мэргэжил нэгтэндээ гаргаж, гарын чилээ болоод сэтгэлийн шаналлаа “зад татсан” хэрэг. Чин үнэнийг хэлэхэд түүнийг загварын тайзнаа алхсанаас илүү зугаа цэнгээн, охид бүсгүйчүүд, зодоон цохионоороо нэрд гарсан нэгэн гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Ямартаа ч түүний загварын ертөнцөд хийсэн “тулаан” дээрх зодооноордээ өндөрлөөгүй. Тэрбээр экс гэргий С.Төгстэйгээ цахим ертөнцөөр “хэрүүлийн алим” шидэлцэж, өнгөрсөн оны хамгийн “сүрт тулаан”-ыг хийсэн.
Хагас жил хэртэй үргэлжилсэн олон нийтийн сүлжээний хэрүүл сүүлдээ бүр С.Төгсийн шинэ амраг Ч.Сүбээдэйг хүртэл татан оролцуулсан. Хэн нэгэн анхны нөхрөөсөө салсан эмэгтэй улам өнгөждөг, эхнэрээсээ салсан эр доройтдог гэж даапаалсан нь бий. Үнэндээ ч С.Төгс загварын тайзнаа ч, хувийн амьдралаараа ч улам тод гялалзаж эхэлсэн. Харин Н.Эрдэнэцогтын хувьд экс гэргийтэйгээ хийх тэмцэл нь амжилтын төлөөх тэмүүллээр солигдсонгүй. Хүүхэн эргүүлж л “хариугаа авсан” болов уу.
Аз болоход олон жил барууны загварын “тогоонд чанагдсан” загвар өмсөгчид эх орондоо ирмэгцээ иймэрхүү тулга тойрсон хэрүүлийг арай бүтээлч шүүмжлэлээр солилоо. Тодруулбал, Сингапурын тайзнаа эх орныхоо нэрийг тахалж яваа Нора буюу Д.Оюунномин Монголд ирмэгцээ мэргэжил нэгтнүүдээ хатуухан шүүмжилсэн юм. Тэрбээр “Тайзан дээр өмсөж буй хувцасныхаа гуравны нэгд ч хүрэхгүй үнэлгээтэй хэрнээ тэрбумтны охин шиг аашилдаг, нэрэлхүү баярхуу бүсгүйчүүдээр Монголын загвар ертөнц дүүрчихэж. Бас загвар өмсөгч хүн хаа сайгүй юм болгонд “давхиж” ороод байвал үнэ цэнэ, чанар, нэр хүнд гээч зүйл алга болно” хэмээсэн юм.
Харамсалтай нь, түүний энэхүү шүүмжлэл янаг амрагийн хэрүүлээс илүү давж, мэргэжил нэгтнүүдийнх нь анхаарлыг татаж чадаагүй юм. Гэвч “Эм хэдий гашуун ч өвчинд тустай, үг хэдий хатуу ч явдалд тустай” гэгчээр анзаарсан нэгэнд нь эрх биш нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгасан байлгүй дээ.
Гэтэл мисс Э.Сэлэнгэ өнгөрсөн намар эх орондоо ирснээр ёстой л “бантан” хутгаж орхисон. Тэрбээр багын найзынхаа төдийгүй загварын “А” үсэг заасан багшийнхаа янаг амрагийн явдлыг олонд дэлгэж, өөрийгөө “өөд татсан”. Азаар түүний дайралтанд өртөгсөд болох топ модель Д.Болормаа, мисс Б.Батцэцэг нар энэ үйлдлийг харьцангуй тайван хүлээж авснаар Э.Сэлэнгэ амаа хамхихаас өөр аргагүй болсон юм.
Дуулианы эзэн Э.Сэлэнгэ бас л удаан дуугүй сууж тэвчээгүй бололтой. Хэдхэн хоногийн өмнө загварын ертөнцийн төгс бүсгүй гэгддэг С.Төгс рүү ээлжит дайралтаа хийсэн. С.Төгс ч хариуг нь хатуухан барьсан.
Дахиад л огт утгагүй бас нэгэн “хэрүүл”.
Монголын загвар өмсөгчид иймэрхүү байдлаар ямар ч гавьяагүй тулаан хийдэг улс. Өөрөөр хэлбэл, өөрт ч, өрөөлд ч ашиг тус өгөхгүй авгай хүүхний хэрүүлээр л “өрсөлдөж” байгаа нь даанч хачирхалтай. Уг нь загвар өмсөгчид янаг амрагаа булаацалдаж биш алдрын титмээ солилцож, биесийнхээ “бөгсийг ухаж” бус мэргэжлийн шүүмжлэл хэлж өрсөлддөг баймаар.
Басхүү хэн хувцсаа илүү нимгэлснээрээ биш хэн нь мэргэшиж, нөхдөөсөө дээш цойлж чадснаараа биесээ үнэлдэг болчихмоор санагдах юм. Шулуухан хэлэхэд, эрхэм загвар өмсөгчид өө, та бүхэн арай бүтээлч “тулаан” хийчихэж чадахгүй гэж үү?
“Өглөөний сонин”
URL: