Л.ЭНХ-АМГАЛАН: ОЛОН УЛСЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖ АВАХААС ӨӨР ГАРЦГҮЙ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Манай улс “Стэнд бай” хөтөлбөрт орох талаар ярих боллоо. Гэтэл энэ хөтөлбөрийг бүр хүнд байдалд орсон үед авдаг гэх юм. Тэгэхээр манай улс энэ хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчихээд байгаа хэрэг үү?
Аргагүй нөхцөл байдал үүсчихлээ шүү дээ. Бид валютын нөөцгүй болчихоод байна, тэр бүү хэл хасах руугаа орчихлоо. Хятадтай хийсэн 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх юанийнхаа свопоор л өдөр хоногийг аргацааж байна. Нэгэнт Оюутолгой, Тавантолгойгоо шийдэж чадахгүй юм байна. Тэгэхээр хаанаас валют олох вэ гэхээр экспорт, гадаадын хөрөнгө оруулалт бас байхгүй учраас зээл тусламж авах ёстой. Энэ нь олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас өгч байгаа удаан хугацааны, бодлогын хүү багатай зээлийг авч байж л хямралаас өртөг зардал багатай гарахаас өөр шийдэл харагдахгүй байна.
Тэгэхээр заавал валютын санг авчихвал манай эдийн засаг одоогийнхоос хүндэрчихнэ. Олон улсын валютын сан ороод ирвэл арилжааны банкуудад болон хувийн хэвшлийнхэнд их дарамт учруулна. Ам.долларын ханш 3000- д хүрч, монгол төгрөгийн ханш буурна гэх мэтээр хий хоосон айдас төрүүлж байна. Угтаа олон улсын валютын сангийн хөтөлбөрүүд тодорхой нөхцөлөөсөө шалтгаалаад уян хатан болсон шүү дээ. 2008-2009 онд бид олон улсын валютын сангийн хөтөлбөр авч байсан уу гэвэл, тийм.
Тэр үетэй харьцуулахад манай эдийн засаг үндсэндээ дөрөв дахин томорчээ. Өөрөөр хэлбэл, тэр үеэс дөрөв дахин том асуудал байна гэсэн үг л дээ. Тэгэхээр үүнийг Олон улсын валютын сантай хамтарч, тодорхой хөнгөлөлттэй нөхцөлөөр тохирч хэрэгжүүлэхээс өөр арга зам байхгүй л гэж харж байна.
-“Стэнд бай” хөтөлбөрийг Засгийн газар судалж байгаа гэсэн. Гэтэл энэ хөтөлбөрийг мөнгөний хатуу бодлого барьдаг учраас улс орнууд зайлсхийдэг шүү дээ?
Яг юуг мөнгөний хатуу бодлого гэдгийг бид ойлгох ёстой. Үндсэндээ УИХ, Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжье гэдэг тогтоол гаргасан мөртлөө энэ Засгийн газар хэмнэлт хийж чадахгүй байна. Цаашдаа төсвөөс ер нь ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх, ямар бодлого барих вэ гэдгээ бид шийдэж чадахгүй байна. Тиймээс 2008 оны эдийн засгийн хямралыг давж гарсантай адилхан цаг алдалгүй Олон улсын валютын сантай хамтарч, хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой.
Яагаад гэвэл, дөнгөж саяхан Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаад байхад Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.доллар 9.6 хувийн хүүтэй гарч байна. Гэтэл бид “Самурай” бонд гаргаад 280 сая ам.доллар оруулж ирсэн. Үүн дээр ч гэсэн Засгийн газар баталгаа гаргасан. Дээрээс нь Японы даатгалын компаниуд даатгал хийсэн юм. Энэ бүхнээс харахад хөрөнгө оруулагчид манай улсын Засгийн газрын баталгаанд цаашдаа итгэхээ больчихлоо л доо.
Уг нь улсын баталгаатай зээл 2-3 хувьтай л гардаг. Хамгийн дээд тал нь л таван хувь байдаг. Гэтэл өнөөдөр 9-10 хувьтай гарч байна. Уг нь энэ бодлогын биш, дотоодын арилжааны зээл байхгүй юу. Тийм учраас Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж, 1-1.5 тэрбум ам.долларыг маш бага хүүтэйгээр, олон жилийн хугацаатайгаар зээлийн эх үүсвэр татах ёстой.
-Хөгжил буурай орнууд л “Стэнд бай” хөтөлбөрт хамрагддаг гэх юм. Хөгжингүй орнууд энэ хөтөлбөрийг тоодоггүй гэсэн үг үү?
Европын орнууд ч гэсэн ордог шүү дээ. Ер нь Европын орнууд манай улсын нэг хүнд ногдох ДНБ- ээс хэд дахин том эдийн засагтай мөртлөө Олон улсын валютын сантай тохирч байгаа тохиолдол олон бий.
Олон улсын валютын сангийн хөтөлбөр хөгжил муутай оронд хүрдэг гэсэн ойлголт байхгүй. Хаана мөнгөний бодлого нь буруу, хаана төсвийн бодлого дээрээ реформ, өөрчлөлт шинэчлэлт хийж чадахгүй байна. Тэр улстай л бодлогын хамтын ажиллагаа явуулдаг.
-Гаднын ямар нэг хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засаг шууд сэргэчихгүй байх. Гэхдээ тодорхой хэмжээний эерэг үзүүлэлт гарах болов уу?
Зээлийн энэ эх үүсвэр орж ирвэл нэгдүгээрт, монгол төгрөгтэй харьцах валютын ханш тогтворжино. Өнөөдөр валютын ханшийн эрсдэлээс болоод хоёрхон жилийн дотор хувийн хэвшил болон төр 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээчихээд байна. Зөвхөн валютын ханшийн эрсдэлээс болоод шүү дээ. Энэ мэтчилэн зовлон их байгаа үед валютын ханш тогтворжвол хувийн хэвшлийнхэн маань сэргэх хандлага гарч таарна л даа.
-Дэлхийн банкны төлөөллүүд манай улсад ажиллаж байна. Манай улс тус банкнаас мөн л их хэмжээний зээл авахаар ярилцаж байгаа гэх юм. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?
Одоо зээлээс өөр гарц байхгүй. Гаднын хөрөнгө оруулалт байхгүй боллоо. Хасах 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт гадагшилчихлаа. Экспортын орлогууд тасарч байна. Үндсэндээ нүүрс өрсөлдөх чадваргүй болчихлоо. Одоо ганцхан зэсийн үнэ л тогтвортой байна. Өөрөөр бидэнд ам.доллар орж ирэх эх үүсвэргүй болчихсон учраас зээл авахдаа өндөр хүүтэй, урт хугацааных байх хэрэгтэй байна.
Дотоодын Засгийн газрын бондын хүү чинь арилжааны банкууд дээр 15-16 хувийн хүүтэй гарч байна шүү дээ. Уг нь хувийн хэвшил рүүгээ зээл олгох ёстой арилжааны банкууд Засгийн газрын бонд аваад сууж байх жишээтэй. Засгийн газар нь эргээд эдийн засгаа боомилоод байна л даа. Тэгэхээр Засгийн газар хямд хүүтэй зээл авъя гэвэл бодлогын банк буюу Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хөтөлбөрт орохоос л өөр арга зам байхгүй.
-Ингэж олон улсын хөтөлбөрүүдэд орлоо гэхэд манай улс том төслүүдээ явуулах үүрэг хүлээх үү?
Үүрэг хүлээх ёстой шүү дээ. Цаашдаа эдийн засгаа хөгжүүлье, валютынхаа эх үүсвэрийг сайжруулъя гэвэл Оюутолгой, Тавантолгойн төслийг зайлшгүй л явуулах ёстой. Энэ төслүүдээ явуулахгүй л юм бол Засгийн газарт хийх ажил байхгүй.
-Таны хэлж байгаагаар олон улсын хөтөлбөрт хамрагдаж зээл тусламж хүсэхээс өөр гарц үлдээгүй юм байна. Нэг ёсондоо манай улсын өр нэмэгдэнэ гэж ойлголоо. Гэтэл 2017 оноос эхлээд гаднаас босгосон “Самурай”, “Чингис” бондын үндсэн төлбөрийг төлөх хугацаа тулчихлаа. Энэ их өрийг яаж төлөх юм бол. Танд ямар гарц харагдаж байна вэ?
Тиймээс л томоохон төсөл буюу Оюутолгой, Тавантолгойн гэрээнээс гадна дэд бүтцийн ажлууд, V цахилгаан станцаас гадна төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих гэж байгаа эрчим хүчний эх үүсвэрийг сайжруулах төслүүдээ л хурдан явуулах хэрэгтэй байна. 2017 онд бид эхний 500 сая ам.долларыг төлнө. 2018 онд “Чингис” бондын мөнгийг төлнө. Тийм учраас маш их гадаад болон дотоод өрийн дарамт ирж байна. Тэгэхээр бид Олон улсын валютын сангийн хөтөлбөрт цаг алдалгүй орох ёстой.
Яагаад ийм хөтөлбөрт орох ёстой вэ гэвэл бид олон улсын зах зээл дээр гаргахад 9-10 хувьтай гаргаж байгаа. Энэ хямд эх үүсвэрийг ашиглаж чадвал жилийн 1-1.5 хувийн хүүтэй эх үүсвэр орж ирснээр манай валютын гол нөөц болж, төгрөг ам.долларын ханшийг тогтворжуулах боломжтой юм. Ийм л арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй гэж бодож байна.
-Тэгэх, ингэх хэрэгтэй гэдэг зүйлийг хэн хүнгүй л ярих юм. Гэтэл энэ бүхэн хэзээ биеллээ олж, эдийн засаг сэргэх юм бол. Ер нь ойрын хоёр жилийн хугацаанд эдийн засаг сэргэх үү?
Магадлал маш бага. Би хувьдаа итгэл муутай байна. Ямар ч байсан Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг авбал одоогийн хүндрэлээс арай бага өртөг зардалтай гарах болов уу гэж харж байна.
-Таны харж байгаагаар 2017-2018 оны төсвийн төсөөллийн баримт бичгийг УИХ гаргахдаа гол нь ямар зарчмыг илүү баримтлах шаардлагатай байна вэ?
Үндсэндээ эдийн засгийн өсөлтийг таван хувьд ч хүрэхгүйгээр төсөөлж байгаа шүү дээ. 2015, 2016, 2017 онд адилхан гэсэн үг л дээ. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнхан манайхнаас илүү сөрөг төсөөлөл хийж байгаа.Хамгийн гол эрсдэл нь манай экспортын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадваргүй болчихлоо. Экспортын орлогоо нэгдүгээрт, алдана гэсэн үг.
Хоёрдугаарт, валютын нөөцийн хамгийн гол эх үүсвэр бол экспортоос гадна гадаадын хөрөнгө оруулалт байдаг. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ эхний таван сарын байдлаар хасах 100 сая болчихлоо л доо. Энэ нь Монголоос хөрөнгө гадагшилж байна гэсэн үг.
Валютын эх үүсвэргүй болчихоор монгол төгрөгийн ханш суларна. Тийм учраас хамгийн түрүүнд анхаарах зүйл бол мөнгөний болон төсвийн бодлогоор валютынхаа нөөцийн удирдлагыг яаж сайжруулах юм бэ гэдэг асуудал УИХ, Засгийн газрын өмнө байна.
-Таныхаар үүнд ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ?
Мэдээж хамгийн түрүүнд хэмнэлтийн горимд шилжих ёстой. УИХ-д өргөн барьсан 2016-2017 оны төсвийн төсөөллөөр тодорхой хэмнэлтийн горимд шилжиж чадаагүй. Үүнээс илүү хэмнэж болох зардлууд бий гэж би харж байгаа. Тухайлбал, төсвийн урсгал зардлуудаас гадна шаардлагагүй хөрөнгө оруулалтыг түр зогсоох шаардлага байна. Нөгөө талаар валютынхаа эх үүсвэрийг нэмэхийн тулд экспортынхоо өрсөлдөх чадварыг нэмэх нь чухал.
Үүний тулд дэд бүтцийнхээ асуудлыг шийдэх учиртай. Тэр дундаа төмөр замынхаа бүтээн байгуулалтыг өдөр хоног алдалгүй эхлэх ёстой. Өнөөдөр төмөр зам, дэд бүтцээ барьж чадахгүй учраас л манай экспортын бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадваргүй болчихоод байна шүү дээ.
Уг нь гол худалдан авагч Хятад улс авч байгаа экспортын бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгаагүй. Хамгийн гол нь манай гаргаж байгаа нийт бүтээгдэхүүний 60 хувь нь тээврийн зардал учраас өрсөлдөх чадваргүй болчихсон. Тиймээс тээвэр, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, төмөр замаа цаг алдалгүй эхлүүлэх ёстой гэж харж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Амгаа чи хөгжлийн банкнаас авсан мөнгөө тайлбарлачаад олон юм ярьчих Чамайг тэжээх гж иргэд ажилдаггүй бх шүү сануулчий лалар
МАН -ынхан дэндүү утгагүй улс төр хийх юм даа Харваас болхи гэдэг нь
Avsan zeel n bagdaad bgaam bh daa. Oortoo l avah sanaa bgaadaa. Muu hujaa