Төрийн ордонд гал гарахаас өмнө хулгайч нэвтэрчээ

90598f0964580361d4154e060a3c52c4original

Төрийн тусгай хамгаалалттай, онц чухал объект болох Төрийн ордон уржигдар барцад ихтэй байсан бололтой. Засгийн газрын хуралдааны танхимд 14.00 цагийн үед гал гарч, УИХ, Засгийн газрын гишүүд, ордонд ажилладаг хүмүүсийг “түргэн авахуулсныг” бүх л хэвлэлээр шуугицгааж, шалтгаан нөхцөл нь юу байна вэ хэмээн дор бүртээ таамаг дэвшүүлж байгаа. Харин Төрийн ордны хамгаалалтын албаныхан, үйлчлэгч нар “Цахилгааны богино холболтоос болж гал гарсан” гэж хэлсэн билээ. Гал гарсан шалтгааны талаар өчигдөр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгнө гэж байсан ч таг чиг. Гал гарахаас өмнө тусгай хамгаалалттай энэ объектод хулгайн хэрэг гарсан нь галын дуулианд дарагдаад өнгөрөв бололтой. Төрийн ордон дахь нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Даваа гаригийн өглөө 10.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн ажилтнууд энд ирж үзлэг шалгалт хийгээд явсан. Учрыг тодруулахад Төрийн ордон дахь хэвлэх үйлдвэрийн нэгэн ажилтны зөөврийн компьютер хулгайд алдагдсан байна лээ. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхнээс лавлавал илүү мэдээлэл өгөх байх” гэв. Цагдаагийнхан ямар нэг мэдээлэл өгөхийг хүссэнгүй.Дүүргийн I прокурорын газрынхнаас хулгайн хэрэг гарсан, эсэх  талаар лавлахад “Тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст гаргасан “Төрийн ордон дахь хэвлэх цехийн өрөөнөөс зөөврийн компьютер алдагдлаа” гэх гомдлын дагуу шалгалт хийж байгаа. Үүнээс илүү мэдээлэл алга” гэсэн юм.

монголньюс.мн


URL:

Сэтгэгдэл бичих