Машин ачихдаа эзэнд нь мэдээлэл хүргэдэг болъё
Ердөө АТМ буюу мөнгөний машинаар үйлчлүүлээд ирэхийн хооронд унааг минь ачаад явчихаж. Яасан хурдан, ямар шуурхай юм бэ.
Энэ бол ганц надад тохиолдсон явдал биш байж таараа.Учир нь, манай улс замын хөдөлгөөнд саад учруулсан буюу автомашины зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр буюу удаан хугацаагаар орхисон машиныг ачдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ манай хотын удирдлагууд замын түгжрэлийг багасгах зорилгоор ийм мэргэн санаа олсон ч зарим зүйлийг орхигдуулсны балгийг иргэд бид өнөөдөр ч амссаар байна.
Үнэндээ манай Үүл дарга мэргэн санаа “олсон” биш хуулбарласан юм л даа.
Мэдээж эрхэм дарга замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зөв санаачилгыг гаргасан ч “ачихын тулд ачдаг” систем нэвтрүүлчихээд байгаа нь харамсалтай. Хэдийгээр машин ачихын эерэг тал олон ч сөрөг тал нь түүнээсээ ч их болчихоод байна. Машин ачдаг хүмүүс гэрлийн хурдаар ажилладаг, тэр бүү хэл, нуугдаж байгаад эзэн нь буух төдийд машиныг нь ачаад оддог гэх яриаг та бид олонтаа сонссон бас харсан. Цаашлаад албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг гаднаа машины зогсоолтой болохыг үүрэгдээгүй атлаа ийнхүү ачдаг болсон нь маргаан дагуулах гол асуудал болсон. Угтаа машин ачихын гол утга учир нь хайхрамжгүй, бусдыг хүндэтгэдэггүй жолооч нарыг хазаарлах, тэдэнд сануулга өгснөөр аль аль талдаа чирэгдэл учруулахгүй байх.
Гэтэл машин ачдаг хүмүүс энэ бүхнээ ухамсарладаг эсэх нь эргэлзээтэй. Яах ийхийн зуургүй ачиж одоод эргэн хэдэн төгрөг салгах нь л тэдний зорилго мэт аашилдаг нь нууц биш. Тиймээс “ачихын тулд ачих” биш жолооч нарт анхааруулж, болгоомжлуулах, бусдад саад учруулахгүй байхыг сануулах үүднээс арга техникээ багахан ч болов сайжруулах хэрэгтэй байна. Жишээлбэл, автозамын нэгдүгээр эгнээнд машинаа орхисон жолоочийг тодорхой хугацаанд цагаан хоолойгоор зарлаж, машинаа холдуулахыг сануулах, эсвэл машиныхаа аль нэгтээ үлдээсэн утасных нь дугаарт залгаж, эгнээ чөлөөлөхийг мэдэгдэх хувилбар байж болмоор.
Замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан хүмүүс ихэвчлэн ойр орчны байгууллага эсвэл банк, ТҮЦ, дээр дурдсанчлан АТМ гэх мэт рүү орсон байдаг. Тиймээс машиных нь ойролцоо дугаарыг нь зарлахад сонсохгүй байх боломжгүй. Түүнчлэн манайхан нэг үеэ бодвол бас ч гэж соёлтой болсон. “Уучлаарай, түр зогсов” гэсэн бичигний ард холбогдох утасны дугаараа хүнд харагдахуйц байдлаар тавиагүй жолооч бараг л байхгүй болсон. Тиймээс энэ мэт боловсон арга хэрэглэж, хэн хэндээ түвэг учруулахгүй ажиллах боломж байгааг хотын дарга болон түүний машин ачигч албатуудад санал болгоё.
URL: