ҮЕРИЙН АМАНД БУУСАН АЙЛУУДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ
Нийслэлийн Засаг даргын “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд дүүргүүд ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаа тухайгаа Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанд танилцуулаа.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн гэр хорооллын нам дор хэсгүүд болон үерийн аман дээр буусан айл өрхийн судалгааг шинэчлэн гаргаж, 9 айл өрхөд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргүүлээд байна. Мөн дүүргийн 12-р хороо 28-р сургуулийн баруун талын үерийн даланг сэргээн засварлахаар “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 60 хүний бүрэлдэхүүнтэй баг 9 болон 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших үерийн хамгаалалтын барилга байгууламжийг цэвэрлэж, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлын түүвэр цэвэрлэгээг зохион байгууллаа. Тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн гудамж 1, 2 дугаар хэсгийн 30-39 дүгээр гудамжны нийт 35 гаруй өрх айлууд нь голын уртын дагуу татамд болон эргээс мөн булгийн доош урсах эргээс 5-10 м хүрэхгүй зайд 21 айл өрх газар өмчилж, 11 айл өрх газар эзэмшиж байна. Зайлшгүй нүүлгэн шилжүүлэх айл өрхүүдийн жагсаалтыг газрын алба болон хорооны хэсгийн ахлагч нартай хамтарч гарган дүүргийн нутаг дэвсгэрт тухайн айлуудыг нүүлгэн шилжүүлэх газрын нөөцийг судалж байна.
Сонгинохайрхан дүүргийн үерийн аман дээр буусан айл өрхийн судалгааг гарган байршлын зургийг хороо бүрээр 1/10000 мас штабын зураг дээр гаргасан бөгөөд үерийн аман дээр буусан айл өрхүүдийн судалгааг хороо бүрээр гаргахад 12 хорооны нутаг дэвсгэрт 940 айл өрх үерийн аман дээр буусан байна. Эдгээр айл өрхөд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Өмч, газрын харилцааны албатай хамтарч 04-р сарын 15-наас эхлэн мэдэгдэх хуудас хүргүүлээд байна. Цаашид айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах юм.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаа шар усны үерийн үед бөглөрч аюул гамшиг болж болзошгүй газруудад, Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, хог тээврийн ТҮТ, “Эко-Орчин” ХХК-нуудтай хамтран үзлэг шалгалт хийлээ. Үзлэгт 8 хорооны 13 үерийн жалга, труба гүүр хамрагдаж 101м3 буюу ойролцоогоор 80.8 тн хог шороо, цас мөс байгааг урьдчилан тооцож цэвэрлэхээр төлөвлөж байна.
Чингэлтэй дүүрэгт “Цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай” дүүргийн Засаг даргын А/167 дугаар захирамж, “Далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” дүүргийн Онцгой комиссын даргын 12 дугаар тушаалын дагуу дүүргийн Хөдөлмөрийн хэлтэсээс тодорхой хөдөлмөр эрхлээгүй 50 ажилгүй иргэдийг түр ажлын байраар ханган цэвэрлэгээний ажилд хамруулаад байна.
Налайх Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хөдөлмөрийн хэлтэс, “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-тай хамтран 3 өдөр 15 иргэнийг ажиллуулан дүүргийн 2,7 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг 3,2 км үерийн шуудууг цэвэрлэжээ.
Багануур Дүүргийн Онцгой комиссын “Үер усны үед ажиллах ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүний гар утас болон яаралтай цугларах бүдүүвчид тодотгол хийсэн.
Үер усны үед дайчлан ажиллах бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэлд тодотгол хийсэн.Тус дүүргийн хэмжээнд байгаа далан, шуудуунд үзлэг шалгалт явуулж гэр хорооллын дотор
х 15, гадна төв замын 6-н ус зайлуулах гаргалгааны сувгуудын цас, шаврыг Онцгой байдлын албан хаагчид цэвэрлэж ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ.
Багахангай Шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1-р хорооны хороолол дунд 390м үерийн далан, дүүргийн 1,2-р хороог холбосон 4.5км авто замын дагуух гуу жалга, 400м үерийн далан улсын болон орон нутгийн чанартай авто зам, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн Төмөр замын дагуу тус тус цэвэрлэгээ үйлчилгээг хийж 3,5 удаагийн ачилтаар 17.5тн буюу 28м3 хог хаягдлыг татан авч зайлуулсан.
URL: