МАН-ын бүлэг Тавантолгойн асуудлаар тодорхой шийдэлд хүрэхийг шаардлаа
С.Бямбацогт: Хүүхдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалт бий болгоно
УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөр байр сууриа нэгтгэж, Тавантолгой асуудлаар тодорхой шийдэлд хүрэхийг эрх баригчдаас шаардлаа.
Сүүлийн үед хүүхдийн эрхийг зөрчих явдал даамжирч байгаа учраас Засгийн газраас өргөн барьсан Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөлд МАН-ын бүлэг онцгой анхаарал хандуулж байр сууриа нэгтгэлээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан өргөн мэдүүлсэн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой заалт бүхий Гэр бүлийн тухай хуулийн төслийг эдгээр хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна.
Хөвсгөлд аймагт гурван хүүхэд гэртээ цоожтой байхдаа шатаж нас барсан, хараа хяналтгүй гэртээ орхисноос хүүхэд амиа алдахад хүрсэн тохиолдлууд давтагдаж байна. Иймд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, эрхийг нь хангах үүднээс тодорхой заалтуудыг дээрх хуулийн төслүүдэд оруулахаар ярилцсан гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Тухайлбал, гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын уламжлалыг хадгалах, хууль зөрчсөн иргэн, эцэг, эх, харгалзан дэмжигч, албан тушаалтны хүлээх хариуцлагыг тодорхой болгох, хөдөө орон нутгийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсэхэд 6-8 насны сонголтоор суралцах боломжийг бий болгох, эцэг эхчүүд хүүхдээ тээвэрлэхдээ стандартын хүүхдийн суудал бүс хэрэглэх, зөвхөн хичээлийн цагаар хүүхдийг нийтийн тээврээр тогтсон чиглэлд үнэ төлбөргүй тээвэрлэх, хүүхдээ гэр орондоо хараа хяналтгүй, хайхрамжгүй орхисон эцэг эхэд хариуцлага хүлээлгэх гэх мэт тодорхой саналуудыг өргөн барьсан хуулийн төслүүдэд тусгахаар санал нэгдлээ.
Н.Номтойбаяр: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн төслийг дэмжихгүй
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Учир нь Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, албан тушаалтнуудыг энэ хуулийн төсөлд хамааруулахаар заасныг дэмжих боломжгүй гэж үзжээ. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэхдээ “Энэ хуулийн төсөл нь хууль зөрчсөн, мөнгө зувчуулсан хүмүүст хөрөнгөө ил болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж байна. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж эхэлсэн “Чингис”, “Самурай” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийж байгаа. Энэ шалгалтын дүнг эцэслээгүй байхад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг гаргаж болохгүй” гэв.
Д.Хаянхярваа: Ойрын үед Тавантолгойн асуудлаар эцсийн шийдвэр гаргах ёстой
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцээд энэ талаар тодорхой шийдэлд хүрэхийг шаардлаа. Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Тавантолгойн гэрээний төсөл УИХ-д өргөн баригдаад 21 хоног өнгөрлөө. Гэтэл энэ хугацаанд ямар ч ахиц гарсангүй. Тавантолгойн асуудлыг яаралтай хэлэлцэж, Монголын төр дотоод, гадаадынханд маш тодорхой байр сууриа илэрхийлэх ёстой гэж бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн. Төслийг өргөн барьснаас хойш УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. АН-ын Гүйцэтгэх зөвлөл энэ ордын 51 хувийг төр авна гэдэг шийдвэр гаргасан. Энэ төсөл хэзээ УИХ-аар хэлэлцэгдэх нь тодорхойгүй байсаар байна. Тавантолгой төслийг цааш нь явуулах эсэх, энэ консорцуиумд өгөх эсэхээ тодорхой болгож, аль нэг талд нь гарах нь зүйтэй. Хэрвээ цааш явуулах боломжгүй гэвэл олон нийтэд мэдээлэх ёстой. УИХ дээр ингэж удааж болохгүй” гэлээ.
URL: