Улстөрийн зурхайг гаргажээ

3777c56e230982b8original

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэм улстөрийн ойрын ирээдүйн зурхайг ийн өгүүлжээ. Бүр нарийн хараад байвал агуулга, хэлбэр, онол практик талаасаа яах аргагүй бодит зүйл юм шиг. Тиймээс энэ тухайд товчлон өгүүье. Тэр тусмаа 2016 оны сонгуулийн зурхайг сайтар өгүүлсэн байна. Юуны өмнө айсуй сонгуульд шинээр улстөрийн хүчин байгуулагдаад гарч ирвэл саналыг олноор авах магадлалтай аж. Мөн бие даагчдад туйлын ээлтэй сонгууль болох гэнэ. Шинээр төрж санал цуглуулах улстөрийн хүчин төрчихсөн байгаа ч олонд ил гарахыг хүсэхгүй байгаа бөгөөд цагаа хүлээж байгаа тухайг ч нарийн зуржээ. Ийнхүү нэр нь ч тодроогүй баатарт иргэд итгэл үзүүлэхээс өөр гарцгүй сонгууль болно хэмээн төлөглөжээ. Бодоход өнөөдөр олон жилийн турш төрийн эрхэнд байсан, байгаа улстөрийн хүчнүүдээс сонгогч олон залхаж байгааг хэлсэн бололтой.

Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улстөрийн намуудын насжилт хэр зэрэг байгаагаас шалтгаалж саналын рейтэнг хэлбэлзэх юм байх. Тодруулбал, хамгийн олон жилийн насжилттай намд санал бага хамгийн бага насжилттай буюу цэл залуу улстөрийн хүчинд санал овоорох төлөвтэй. Сонгуулийн тогтолцоо яаж ч хэрэлдсэн хуучин хэвээр буюу 48:28 харьцаагаар явах бөгөөд унасан нэг нь хар машинд буруугаа чихэх хандлага ч урьдын адил газар авах нь. Харин хар машины тухай буруу ойлголтыг улстөрд цоо шинэ хүмүүс гарч ирснээр цэвэрлэх нигууртай аж.

Өөрөөр хэлбэл хэн ч танихгүй хүнд сонгогч олон санал өгөөд байхаар итгэхээс өөр аргагүй байдалд орох гэнэ. Тухайлбал, Сэлэнгийн тойрогт С.Баярцогт хэмээх одтой хэн ч танихгүй нэг залуу мөрийн хөтөлбөрөө танилцуулаад монголчууд бид урьд өмнө ямар муухай замаар явж ирснийг сануулахад л гарч ирэх гэнэ. Өмнөговьд “ажнай” Д.Бат-Эрдэнэтэй хэн ч мэдэхгүй нөхөр үзээд, газар шороогоо яаж ухаж байгаа тухай ойлгуулахад л ялаад байхаар хар машинд итгэхээс өөр аргагүй гэнэ.

Энэ мэтээр сонгууль өрнөж насжилт өндөр улстөрийн хүчнүүд ялагдлаа хүлээхгүйгээр үл барам бүр итгэж ядан тэмцэх ч нийт иргэд олны эсэргүүцэл тэднийг хааш нь ч хөдөлгөхгүй байх талтай аж. Зурхайн төгсгөлд 2016 оны сонгуулийн дараа урьд өмнө хэзээ ч байгаагүй эрээвэр хураавар ч нэгэн хүсэл зорилготой улстөрийн шинэ бүрэлдэхүүн засгийн эрхэнд гарч ирэх тухайг ч зуржээ.

Мөн төгсгөлд өнөөгийн 76 гишүүний ихэнх нь жанч халж, хар болох тухайг нарийн тоогоор гаргасан байна лээ. Тухайлбал, АН-аас Р.Гончигдорж, Н.Батбаяр гээд нэр бүхий 23 хүн, МАН-аас Д.Дэмбэрэл нарын 20 хүн, МАХН-МҮАН-ын “шударга ёс” эвслийн Д.Тэрбишдагва нарын 7, ИЗНН-аас С.Оюун нарын 2 хүн тус тус улстөрийн талбарыг орхино гэжээ. Эндээс харвал АН-ын 23, МАН-ын 20, МАХН-МҮАН-ын “шударга ёс” эвслийн 7, ИЗНН-ын 2 гэхээр нийтдээ 52 гишүүн суудлаа орхих аж. Энэ нь яг өнөөдрийн парламентад сууж байгаа 76 гишүүнээс нэрлэж гаргасан байна лээ. Тэгэхээр өнөөдрийн парламентийн 70 гаруй хувь нь ийнхүү улстөрийн талбарыг орхино гэхээр 20 орчим нөхөр нэр хавчуулж ахин УИХ-д орж ирэх юм байна.

Эндээс харвал айсуй сонгуульд шинээр байгуулдаад байгаа улстөрийн хүчнээс нэрээ дэвшүүлбэл магадлал өндөр гэдгийг хэлж байна. Нөгөө талаар бие даан нэр дэвших нь ямар ч өрсөлдөгчгүй мэт ялалт байгуулахыг ч давхар сануулсан бололтой.

Н.Дөл


URL:

Сэтгэгдэл бичих