Д.Дагвадорж: Спортыг улстөржүүлэх шаардлагагүй
“Монгол Ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд чөлөөт бөхийн холбооны удирдлагууд оролцож үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Учир нь чөлөөт бөхийн азийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш тус холбоог тойрсон үнэн, худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гарч байгаа.
Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт Монголын Чөлөөт бөхийн холбоог шинэчлэн байгуулах “Түр хороо”-ны зүгээс хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл гаргасан юм. Уг мэдэгдэлд “Монголын чөлөөт бөхийн холбоо( МЧБХ)-ны одоогийн хууль бус удирдлагууд 2012 оны Олимпын наадмын дараагаас эхлэн удаа дараа дүрэм журмаа зөрчиж, баг, тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэл сургуулилт хийх хэвийн нөхцөлөөр хангахгүй, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсаар байна хэмээн мэдэгдсэн юм. Мөн үүний зэрэгцээ энэ байдлаас болж байнгын айдас хүйдэстэй явсан багш, дасгалжуулагчид, тамирчдын тэвчээр барагдсан тул ийнхүү зохион байгуулалтад орж шударга ёсны төлөө тэмцэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж дээрх зүйлүүдийг ор үндэсгүй, гүтгэлгийн шинжтэй зүйл болохыг хэллээ. Тэрээр “Удирдах зөвлөлийн шийдвэрээр албан ёсоор Ерөнхийлөгч болсон. Баг тамирчдаа дарамталдаггүй. Шигшээ багийг бэлтгэл хийж байх үед очиж байгаагүй. Хүдэрбулгыг медалийн төлөө барилдах гэж байхад нь “Ална шүү П….” гэж хэлээгүй. Яагаад би ингэж хэлэх ёстой гэж. Би өөрөө тамирчин байсан хүн учраас тийм алхам гаргахгүй. Ерөнхийлөгчийн зүгээс тамирчид болон дасгалжуулагчиддаа шаардлага тавих үүрэгтэй. Энэ дагуу ганц хоёр удаа хандсан тал бий. Түүнээс биш харааж зүхсэн зүйл огтхон ч байхгүй. Шаардлага тавихаар дарамталсан гээд байгаа. Төрийн бус байгууллага хэдий ч үе үеийн түүхтэй холбооны хувьд ерөнхийлөгчийн зүгээс би шаардлага тавих үүрэгтэй. Спорт чинь маш их тэмцэл дунд явдаг. Түр хорооныхон “Шаардлага” дээрээ Казахстан найздаа монголын багийн хувцсыг өмсгөсөн гэж байсан. Энэ хүн Монгол улсын иргэн хүн. Бид цөөнхөө дэмжих хэрэгтэй. Тэр хүн МЧБХ-ны Төв Ази, Баян-Өлгийг хариуцаж ажилладаг. Мөн намайг болон холбоог санхүүгийн будлиантай гэж байгаа бол аудитын шалгалт оруулахад бэлэн байгаа. Монголын чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхээр, хийж бүтээх гэж зорьж явахад иймэрхүү асуудал ярих нь гомдолтой санагдаж байна. Намайг Улаан-Үд хотод болсон тэмцээний үеэр Монголоос залуу охидыг дагуулан очиж, гадаадын шүүгч нарт зарж биеийг нь үнэлүүлсэн гэж байгаа бол шүүхэд ханд. Тэнд үнэн мөнийг нь тогтооно” гэсэн юм.
Уналтанд ороод байсан Монголын чөлөөт бөхийн спортын нэр хүндийг буцааж сэргээхийн тулд их аварга Д.Дагвадорж нэлээдгүй зүйлийг хийсэн нь тодорхой. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар олон ажлуудыг хийсэн. Хамгийн наад зах нь гэхэд тамирчдын хувцас хэрэглэл, гадаад дотоодын тэмцээнд оролцох зардал, эм витамины хэрэгцээ гээд олон төрлийн зардлыг гаргасан байх юм. Гэхдээ дан ганц мөнгө өглөө гээд чөлөөт бөхийг хөгжүүлэх гэж байгаа юм биш. Харин тэрхүү спортын төлөө сэтгэлтэй байгаа учраас л цаг хугацаа, зардал мөнгийг тоохгүйгээр ажиллаж байгаа хэрэг. Орчин үед спорт гэдэг зүйл мөнгө төгрөг болон анхаарал халамжтай салшгүй холбоотой болсон.
Яг үнэндээ 2010 он хүртэл чөлөөт бөхийн спортоор ганцхан Б.Наранбаатар гэдэг тамирчин барилддаг юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Хуучин цаг шиг олимп, дэлхийн аваргаас медаль авах нь байтугай шагналт байранд ч орж чадахгүй үе чөлөөтийнхөнд байсан. Харин Д.Дагвадорж аварга тус холбоог хариуцаж эхэлснээсээ хойш зардал мөнгө, бэлтгэл сургуулилалт, олон улсын тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах гээд тулгамдсан олон чухал асуудлыг нь шийдэж өгсөн нь үнэн. Үүнийг дагаад баг тамирчдын амжилт ч гэсэн өссөн. Тасраад байсан олимпын медалийг 2012 онд хүртсэн. Дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл гээд хүссэн медалиа хүртэж болов. Тамирчид чансаагаараа дахин “А” зэрэглэлд очсон. Үүнийг тамирчид нь ч хүлээн зөвшөөрдөг юм билээ. Чөлөөт бөхийн холбоог аврах түр хорооноос гаргасан мэдэгдэлд “Тамирчдын хувцас хэрэглэгдэхүүнийг хангаж чаддаггүй. Эрэгтэйчүүдийн шигшээ багийн дэмждэггүй” гэсэн зүйлийг ярьсан. Тэгвэл МЧБХ-ноос үүнд доорх тоо баримтаар хариулт өгч байна.
- Хувцас хэрэглэлийн хангалтад - 584’059’950 төгрөг
- Олимпод оролцох ҮШБ-ийн хувцас хэрэглэлийн хангалтад - 484’011’780 төгрөг
- Тамирчдын витамин, эм бэлдмэл - 150’370120 төгрөг
- ОУ-ын найрамдал зуслан дахь чөлөөт бөхийн бэлтгэлийн бааз - 900’000’000 төгрөг
- Хасу Мегаватт клубын спорт эко цогцолборт - 950’000’000 төгрөг
- Олон улсын шаардлага хангасан дэвжээ өндөрлөгөө - 95’000’000 төгрөг
- Материаллаг баазад хөрөнгө оруулалт /Олимп сургууль/ - 85’000’000 төгрөг
- Нийт дүн -3 тэрбум 191 сая 411 мянга 850 төгрөг зарцуулжээ.
Уг тайланг харахад чөлөөт бөхийн холбоо баг тамирчдаа дэмжиж ажиллаагүй гэх ямар ч үндэслэлгүй мэт санагдаж байна. Харин гарсан ганц асуудалтай холбоотойгоор нэг хүн рүү дайрах, нэр хүндийг нь унагах гэсэн явуургүй бодлого гэлтэй. Сая азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гарсан визний асуудлаас болж МЧБХ-ны өнгөрсөн бүх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг хараар будаж болохгүй биз ээ.
Г.Болд
URL: