АН-ыг цэвэрлэх гал дүрэлзлээ

gal AN    АН-ын шинэчлэлийн багийн залуус өнгөрсөн сард болсон намынхаа баярын хурал дээр сүүлийн үед явуулж буй намын бодлогоо эсэргүүцэж, удирдлагууддаа шаардлага хүргүүлсэн билээ. Гэвч АН-ын удирдлагууд тэдгээр залууст хүч хэрэглэж, уриа лозунг нь ураад зогсоогүй албан тушаалаас нь хүртэл чөлөөлжээ.

Түүгээр ч барахгүй, шинэчлэлийн багийнхны хамтран ажиллагсдыг ямар ч шалтгаангүйгээр баривчилж хорих, ар гэрт нь гэнэтийн нэгжлэг хийх гэх мэтээр зүй бусаар авирласан байна. Иймд тэд ардчилсан нэртэй боловч дарангуйлал тогтоож буй намаа шинэчлэхийн тулд хөдөлгөөн болтлоо өргөжөөд байна.Шинэчлэлийн багийнхныг дэмжиж, хөдөө орон нутгуудаас гишүүд дэмжигчид ирж нэгдэн, анх таван залуустай эхэлж байсан намаа шинэчлэх хөдөлгөөнийхөн өнөөдөр 70 орчим гишүүд дэмжигчидтэй болжээ. Одоогоор тэднийг дэмжиж, Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Дархан-Уул аймгуудаас гадна нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн АН-ынхан нэгдээд байна.Гэхдээ тэд бусад шиг гудамжны аргаар хашгирч тэмцэхгүй, аль болохоор улстөрийн зөв бодлогыг хэрэгжүүлж, шударга ёсыг тогтоох болно гэдгээ өгүүлж байна. Шинэчлэлийн багийнханы үйл ажиллагааг дэмжиж,  МУИС-ийн улстөр болоод эдийн засгийн тэнхимийн доктор, профессорууд хүртэл хамтдаа тэмцэхээ илэрхийлжээ.

Тэд шинэчлэлийн хүрээндээ улстөр болоод эдийн засгийн сэдвээр уулзалт ярилцлагыг хийж байгаа бөгөөд намынхаа шинэ дүрмийн төслийг хүртэл боловсруулснаа тун удахгүй намынхаа удирдлагуудад хүргүүлэх гэнэ.Шинэчлэлийн багийн залуус ийнхүү шийдвэртэй тэмцэхээр зориг шулууджээ. Ямартай ч АН бугшаад байсан бүхий л муу муухайгаар цэвэрлэхээр гал дүрэлзэж эхэлсэн нь өдгөө хүрээгээ тэлж байгаа нь энэ.

 

 

Ч.Дорж

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 18 May 2015

songuuli songuuli songuuli

Сэтгэгдэл бичих