УИХ-ын дарга дэлхийн банк группын гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд
Дэлхийн банк группын гүйцэтгэх захирал бөгөөд Санхүү
хариуцсан захирал Бэртранд Бадрэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.05.15/ хүлээн авч уулзав.
Ноён Бэртранд Бадрэ УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсад Дэлхийн банкны үйл ажиллагааны явц байдалтай танилцахаар ирсэн тухайгаа дуулгаад, эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах талаар саналаа хэлж, Дэлхийн банкнаас Монгол Улсын Их Хурлаар батлуулах шатанд байгаа гурван төслийн талаар тодруулсан юм.
УИХ-ын дарга хэлэхдээ, “Тогтвортой амьжиргаа-3” төслийг Улсын Их Хурлаар баталсан. Одоо хэрэгжих “Цахим эрүүл мэнд” , “Ухаалаг засаг”, “Боловсролын чанарын шинэчлэл” төслүүдийн мөнгөн дүн, нэрийг өөрчлөхгүйгээр агуулгыг нь өөрчлөх чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон. Эдгээр төслүүд удахгүй батлагдана. Түүнчлэн УИХ-ын Тамгын газар дахин инженерчлэлийг хэрхэн явуулж байгаа талаар өмнө нь Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жим Андерсонд танилцуулж байсан. Цаашид энэ байдлаар бүх төрийн байгууллагуудад дахин инженерчлэл хийгдэнэ. Тиймээс эдгээр төслийн зарим нь үүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм гэдгийг онцоллоо. Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа.
URL: