Аав ээжийн намаар нь залуусыг ялгаварладаг болжээ

Өнөөдөр дэлхий дээр 1.8 тэрбум хүн залуучууд гэх тодорхойлолттой аж төрөн амьдарч байгаа нь урьд өмнө байгаагүй хүн ам зүйн өндөр үзүүлэлт аж. Харин манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насны залуучууд эзлэж байгаа нь Монгол Улс залуучуудын орон болсныг илтгэж байна.

1ap70mks7hl3eo8fa14sdet22c

2013 онд Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангаас гаргасан дэлхийн улс орнуудын залуучуудын бодлогын судалгаанд 198 орон хамрагдсаны 122 улс залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлогын баримт бичигтэй байгаа бол тухайлсан бодлогогүй 76 оронд манай улс багтжээ. Иймд энэ онд “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын төслийг Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөсөн байна.

Энэхүү бодлогын төслийг боловсруулахдаа залуучуудын оролцоонд тулгуурлаж тэдний дуу хоолойг түлхүү сонсож, олон улсын чиг хандлагыг тусгах зорилгоор “Залуучуудын хөгжил-оролцоо” үндэсний чуулганыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан энэхүү чуулганд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн залуучуудын төлөөлөл болсон 18-35 насны залуучууд, эрдэмтэн судлаачид нийлсэн 600 гаруй зочид төлөөлөгч оролцсон юм.

Энэхүү чуулганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний хорооны дарга С.Эрдэнэ, Монголын залуучуудын холбооны ерөнхийлагч А.Мөнхбат, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Дэлхийн залуучуудын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Эдиола Пашолари, БСШУЯ-нб Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Насанбаяр, Хуульч С.Эрдэнэболд нарын хүмүүс үг хэлж, илтгэл тавьсан юм.

Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй залуусын боловсрол эзэмших боломж, хүртээмж 60 хувьтай байгаа аж. Мөн залуусын дунд зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ, халдварт өвчин эрсдэлтэй зуршил харьцангуй өндөр гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн залуу эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэх боломж ажлын байр хязгаарлагдмал байдаг. Эрэлттэй ажлын байранд ур чадвар, ажлын туршлагын шалгуур тавьдагаас тэнцэхгүй байх зэрэг нь олон залуусын боловсролдоо зарцуулсан хөрөнгө оруулалтын үр шимийг бүрэн дүүрэн хүртэх боломжгүй болгож байна.

Өсвөр залуу үеийг хөгжүүлэх, тэдний аливаа эрхийг хамгаалах хүмүүжих, суралцах, хөдөлмөрлөх таатай нөхцлийг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Иймд өсвөр залуу үеийнхэнд чиглэсэн “Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого 2015-2025” баримт бичигт дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай багтаасан аж.

Чуулганд оролцогчдын төлөөллүүд ийн хэлж байна.

Залуучууд улс орны хөгжлийг авч явах маш том хүч

Тус чуулганы үеэр Дэлхийн залуучуудын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Эдиола Пашолари илтгэл тавьсан. Түүний илтгэлээс онцолбол, “Дэлхий нийтээр залуучууд, өсвөр үеийнхэн гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар өртөх хандлага өсөн нэмэгдэж, эрүүл мэнд бэлгийн замын халдварт өвчин, ялангуяа халдварт бус өвчинд өртөх нь нэмэгдэж байна. Иймд нийгмийн бүхий л салбарынхан залуучуудаа дэмжиж, ажиллаж хөдөлмөрлөхөд шаардлагатай бүхий л хэрэгтэй бүх боломжоор нь хангаж, түүнийг зөв ашиглах хэрэгтэй. Залуучуудыг эрх мэдэлжүүлж тэднийг оролцуулах манлайлал бий болгох, залуучуудад зориулсан ээлтэй орчинг бий болгох хэрэгтэй байна.

Тиймээс залуусын бодит оролцоог хангах, хөгжлийн бүхий л үйл явцад оролцуулах ёстой гэдгийг олон улсын төр засгийн удирдлагуудад хэлж зөвлөдөг. Залуучууд гэдэг тухайн улс орны хөгжлийг авч явах маш том хүч байдаг тул тэднийг боломжоор хангах хэрэгтэйг сануулж, өөрсдийн санал санаачлагыг шийдвэр гаргагч нарт хүргэхэд анхаардаг. Залуу хүмүүст туслахын тулд тэдэнд зориулсан бодлогоо боловсруулах нь хамгийн чухал байдаг. Залуучуудын тухай бодлого нь дан ганцаараа үр дүнгүй, харин тухайн улс орны хөгжлийн бодлогод шингэсэн байх хэрэгтэй”.

НҮБ-д  монголын залуучуудын талаар илтгэл явуулна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний хорооны дарга С.Эрдэнэ энэ үеэр “2012 онд Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаад энэ яамыг байгуулсан. Хүн амын бүлгүүдийг хариуцсан газар байгуулж, Залуучуудын хөгжлийн бодлогыг хариуцан ажлаад явж байна. Хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулахад анхаарлаа хандуулж, мөн НҮБ-ын Хүн амын сан болон бусад салбар байгууллагууд, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч ажиллаж ирлээ.

Залуучуудад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж залуучуудын хөгжих, сурч боловсрох, нийгэмд болон шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлж,амьдралын болон хөдөлмөрлөх зөв зан үйлийг хэвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бололцоог хангасан Залуучуудын хөгжлийн төвийг байгууллаа. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Баянхонгор, Дорнод, Дархан-Уул, Дорноговь, Орхон аймгуудад 2014 онд байгуулсан бол энэ онд зургаан төвийг нэмж байгуулахаар төлөвлөснөөс Баянгол дүүрэг, Говь-Алтай аймагт энэхүү төвийг нээгээд байна.

Монгол улсын Засгийн газар энэ жил НҮБ-д Хүний хөгжлийн 6 дахь илтгэлийг явуулах гэж байна. Энэ илтгэл нь залуучуудын тухай байх юм. Нийгэмд үүсээд байгаа ажилгүйдэл, ядуурлын асуудал, эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой нийт хүн амын амьдралын ёанарыг дээшлүүлэх чиглэлээр төрөөс маш олон ажил санаачлан хийж байгаа.

Тэр дундаа манай улсын нийт хүн амын 38.5 хувь нь залуучууд учраас хүнээ хөгжүүлж, залуусаа дэмжихэд анхаарч байна. Гэхдээ манай залуучуудын оролцоо хөгжил хангалттай биш байна. Мэргэжлээ сонгох тал дээр алдаж байна. Ажилгүйдлийг багасгах, боловсролтой, мэдлэгтэй залуу үеийг төлөвшүүлэхэд төрийн бодлого чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого, НҮБ-д илгээх илтгэлд хэрэгтэй санал санаачлагыг авах зорилготой чуулганыг зохиолоо” гэв.

Байр орон сууц, цалин гэдэг тулгамдсан асуудал

Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын  менежер Б.Амгалан “Залуус их дээд сургуулиа төгсөөд хүссэн мэргэжлээрээ өөрийн орон нутагтаа очиж ажиллах боломж маш бага байдаг.

Орон нутагт зориод очсон хүнд ая тухтай ажиллаж амьдрахад  шаардалагатай орчин нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Би театр ажилладаг. Нутагтаа очоод ажиллана гэхээр гэр бүлтэйгээ очиж таарна. Байр орон сууц, гэр гэдэг тулгамдсан асуудал болж байна.

Цалин хөлсний хэмжээ бас хэцүү байдаг. Мэдээж дөнгөж ажиллаж эхэлж байгаа учраас маш бага цалинтай. Амьдралд хүрэлцэхгүй. Эдгээр шалтгаанаар маш олон залуус орон нутагт ажиллахаас татгалзаж байна” гэв.

Залуучуудыг ажилд авахдаа эцэг эхийн намаар нь ялгавартай ханддаг

Завхан аймгийн залуучуудын холбооны тэргүүн Б. Мөнхбат “Орон нутагт ажлын байрны сонголт харьцангуй хязгаарлагдмал байдаг. Тиймээс  залуучууд Улаанбаатар луу зүтгэдэг. Хотод ажлын байрны сонголт олон байгаа. Миний бодлоор залуучууд өөрсдөө ажлын байр бий болгох гэж хичээж, санал санаачлага их гаргадаг. Тэр үед нь төрөөс дэмжээд өгөх хэрэгтэй.

Тэр дэмжлэг нь зээл. Яагаад гэвэл банкны шаардлага өндөр,  0 гарааны бизнесийг дэмжиж зээл олгодоггүй болохоор төрөөс анхаарч, бодлого боловсруулаасай. Нөгөө талаар дөнгөж төгсөөд ирсэн залуу хүн ажлын байрны дадлага туршлага дутуу байх нь мэдээж. Гэтэл ажилд авахад хөдөө орон нутагт намчирхах гэдэг асуудал хэрээс хэтэрч байна.

Мэдлэг боловсрол эзэмшээд диплом өвөртлөөд нутагтаа очоод ажил орьё гэвэл хамгийн түрүүнд аль намын гишүүн бэ гэж асуудаг. Залуучууд ихэнхдээ намын харъяалалгүй байгаа шүү дээ. Гэтэл аав ээж нь аль намын хүн бэ гэдгийг нь тодруулж, тэр намын хүний хүүхэд гэдэг асуудал нилээн ужгирах хандлагатай байгаа. Эрх барьж байгаа хүмүүс залуучуудыг намын харъяалал, эцэг эхийн намаар нь ялгавартай ханддаг асуудлыг таслан зогсоох хэрэгтэй байна” гэлээ.

Сүүлийн 20 гаруй жил залуучуудад чиглэсэн бодлогогүй явж ирлээ

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг  боловсрууллаа. Санал авах үедээ явж байна. “Монгол залуу хүн” хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөрөөр залуучуудын байгууллага нь юу хийх вэ, төр засгийн хүрээнд юу хийх вэ гэдгийг тодорхой болгож байгаа.

Манай улс сүүлийн 20 гаруй жил залуучуудын оролцоог хангах, тэдэнд чиглэсэн тодорхой бодлогогүй явж ирлээ. Хөдөөнөөс хот руу шилжиж ирсэн залуу, хотоос хөдөө рүү шилжсэн залуус хэрхэн амьдралаа босгох юм бэ гэдэг асуудал орхигдсон. Хөдөө орон нутагтаа амьдарч байгаа залуучуудын амьдрал, ажил хөдөлмөрийн асуудал бүгд орхигдоод байсан.

Тэгвэл МЗХ бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж, залуучуудад тулгамдсан 16 асуудлын хүрээнд шийдлийг боловсрууллээ. Тэдгээр 16 асуудлын шийдлийг гаргаж, хэрэгжтэл анхаарал хандуулдаг 16 байнгын хороотой болж байгаа. Боловсрролын, спортын, орон сууцын, эрүүл мэндийн,  хүмүүнлэгийн гэх зэргээр хуваасан. Өмнө нь эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хэн хариуцах, хэрэгжилтийг хэрхэн хянах талаар тодорхой хариуцсан эзэнгүй байсныг харж хандах эзэнтэй болголоо.

Эзэнтэй болсноор асуудлыг шийдвэрлэх талаар дуу хоолойгоо төр засагт хүргэж байна. Эхнээсээ залуучуудад чиглэсэн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж,  хэд хэдэн тогтоол гаргуулсан. Тухайлбал, орон сууцтай холбоотой буюу 8 хувийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгох, уг 10 хувийг гэр бүл болсон хосуудад нэг удаа зээлийн дэмжлэг болгон сангаас олгох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх гэж байна” гэлээ.

П.Наран


URL:

Сэтгэгдэл бичих