Булган аймгийн Засаг даргын томилгоог хууль бус болохыг тогтоожээ

uls_55559dec1745d_1Авлигатай тэмцэх газраас Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатад гаргасан шийдвэрээ хүчингүй болгохыг хүссэн албан бичгийг хүргүүлэв.

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Л.Алтангэрэлийг тус аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/139 дүгээр захирамжаар Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилсон шийдвэр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 18.1.8-д заасныг зөрчсөн болохыг Авлигатай тэмцэх газраас 2013 оны 3 дугаар сард албан бичгээр мэдэгдсэн юм. Гэвч Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нь 2013 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаараа Л.Алтангэрэлийг уг албан тушаалд түр томилж, авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг дахин гаргажээ.

Авлигатай тэмцэх газраас дээрх захирамжийг хүчингүй болгох арга хэмжээ авч, дүнг 2015 оны 5 дугаар сарын 22-ны дотор ирүүлэхийг хүссэн албан бичгийг Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, хувийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүллээ. Түүнчлэн цаашид сум, орон нутгийн хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дээрх зөрчлийг дахин гаргуулахгүй байх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг анхааруулав.

Б.Анир

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих