БОНДЫН 180 ТЭРБУМААР Л ЛАВ ЧАНАРГҮЙ ЗАМ ТАВЬЖЭЭ

a1f85c92-68db-4db5-a404-e4bb0b19bd18

Өнгөрсөн хоёр жилд манай Засгийн газрынхан маш их зам тавьж мундаг ажилласнаа гайхуулдаг. Гэвч тэдгээр зам нь чанарын шаардлага хангах талаар тун муухан байгаа аж.

Зарим нь сүүлийн 70-80 жилд хийгээгүй их ажил хийлээ гээд твиттерээр жиргэж, нүүр номоороо бахархан зураг хөргийг нь тавиад байсан. Гэтэл эдүгээ тэрхүү бахархаад байсан ажлууд нь хулхи чанаргүй зүйлс байсан нь ил боллоо.

Өнгөрсөн онд Улаанбаатар-Дархан, Чингис-Чойбалсан, Чингис-Баруун урт чиглэлийн замд хийсэн зам засвар, шинэчлэлтийн ажилд энэ удаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зам тээврийн яамнаас хамтарсан шалгалт хийжээ.

Энэхүү шалгалтаар зам барилгын ажил стандартын шаардлага хангаагүй, технологийн горим зөрчсөн, ямар ч зураг төсөлгүй замын ажлыг эхлүүлсэн зэрэг олон төрлийн зөрчлүүд илэрсэн байна.

Тухайлах юм бол Улаанбаатар-Дархан чиглэлийн Хустайн даваанаас цааш “Жипи ар”, “Зэст хүлэг”, “Ачит мөнхийн зам”, “Дархан АЗЗА” гэсэн дөрвөн компанийн барьсан 25.4 километр зам технологийн горим зөрчиж, хүйтний улиралд хучилтыг нь хийсний улмаас эвдэрч, цөмөрчихсөн байна.

Мөн Улаанбаатар- Чингис-Чойбалсан чиглэлийн 95 километр замын ажлын хоёр дахь багцад багтсан Хансун компанийн тавьсан 27 километр зам эвдрэл ихтэй, стандартын шаардлага хангахгүй замын хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлж эхэлжээ. Энэ бүх замын ажилд 180 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ.

Шинээр тавьж буй замуудад нөгөө алдарт Эзэн хааны нэрээр нэрлэгдсэн мөнгөнөөс санхүүжилтийг нь олгож байсан. Тэгэхээр 2017 оноос төлөгдөж эхлэх ёстой мөнгөөр ийм чанаргүй ажил хийсэнд хариуцлага заавал тооцох ёстой болов уу.

Нэгэнт чанаргүй зам хийсэн нөхдүүдэд хатуухан хариуцлага хүлээлгэх нь зүйтэ байх. Энэ нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлж байна гээд их ажил хийж, их зам тавьсан болж харагдах гэсэн АН-ын зарим дээдсүүдийн ам руу алгадсан хэрэг болж байгаа нь энэ.

Г.Самбаа


URL:

Сэтгэгдэл бичих