“Тахар”-ыг татан буулгаснаар дахиад л халаа, сэлгээ явагдана
Тахарын албыг татан буулгах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Өчигдрийн чуулганы үдээс хойшхи хуралдаанаарШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Тодруулбал, хуралд оролцсон 54 гишүүний 33 нь буюу 61,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Гэвч энэ чуулганы танхимд нэлээдгүй маргаан дэгдээсэн. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин уг хуулийн төсөл дээр эсрэг саналтай байгаагаа илэрхийлж, харамсаж байна гэлээ. Тэрээр “Тахарын албаны гүйцэтгэх ажиллагаа Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албатай хамааралгүй. Ардчилсан намаас байгуулагдсан Засгийн газрыг олонхи нь унагаж байхад, тухайлбал зарим нэг дарга нар унагаж байхад би харамсаж байна гэдэг үгийг гурван удаа хэлсэн. Одоо харин таван удаа харамсаж байна гэдэг үгийг хэлье. Шүүгч, прокурор нарын хамгаалалтыг шийддэг байсан байгууллагыг татан буулгаад шоронгийн харгалзагч нараар буцаагаад харуул хамгаалалт хийлгэх гэж байгаа юм билээ. Шүүх, прокурорын нэр хүнд ингэтлээ уначихсан юм уу.
Гэрч, хохирогч нарыг ялтан харгалзагчаар хамгаалуулах гэж байна. Тахарын албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албатай нийлүүлснээр Авлигатай тэмцэх газрын чинээний байгууллага бий болно.
Төрснөөсөө хойш үхэтлээ хяналтад байх шоронд суух тогтолцоог бий болгож байгаа. Хамгийн харамсалтай нь, Ардчилсан нам Засгийн эрхийг толгойлж байхдаа ийм орчин бүрдүүлж байгаад харамсаж байна. Тахарын албаны иргэний байдал үгүй болж, төрийн бус байгууллагуудтай түншилж хийх олон боломжийг үгүй хийлээ. Эрхээ зөрчүүлсэн иргэд, энэ намд итгэл үзүүлсэн юм шүү” гэв.
Зарим гишүүд ч гэсэн түүнтэй адил санаатай байгаагаа илэрхийлж байлаа. Харамсалтай ньТахарын алба татан буугдах өндөр магадлалтай боллоо. Засгийн газраас Тахарын албаны яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй давхардсан, түүнчлэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг агентлагийн хэмжээнд зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай нэгтгэхээр болоод байгаа юм.
Тахарын албаны тухай хууль 2013 оны долдугаар сард батлагдаж гарсан. Хууль хэрэгжиж эхлээд хоёр жил болох гэж байна. Бүрэн хэмжээнд ажиллах боломж бүрдээгүй байхад нь татан буулгах гэж байна.
Тус алба нь гэрч, хохирогч нарыг хамгаалахад маш чухал ач холбогдолтой болох нь өнгөрсөн хоёр жилд батлагдсан гэсэн зүйлийг эсэргүүцэгчид ярьж байгаа.
Энэ асуудлаа Хүчирхийллийн эсрэг төвийнхөн ч гэсэн өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэд “Гэмт этгээдүүд хохирогчийг цаг ямагт дарамталж байдаг. Хууль хяналтынхан урд нь хохирогчийг төдийлөн хамгаалж чаддаг байгаагүй. Харин Тахарын алба байгуулагдсан цагаас хойш хохирогч, гэрчүүдийг маш сайн хамгаалж чаддаг болсон. Бүр шүүхийн танхимд тэднийг байрлуулах өрөөг хүртэл байгуулсан. Яг амьдрал дээр энэ байгууллага маш хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Магадгүй нэгэнт байгуулаад үйл ажиллагааг нь явуулаад эхэлсэн байгууллагыг ингэж татан буулгах нь буруу. Татан буулгах болсон гол шалтгаан нь агентлагийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах шаардлагагүй. Тахарт зарцуулах төсвийг хэмнэх боломжтой. Цаашид Засгийн газар үүнд мөнгө зарцуулах боломжгүй хүнд байдалд байна гэсэн зүйлийг ярьж байна.
Хэрвээ татан буулгалаа гэж бодоход ахиад л сандал ширээний тэмцэлдээн. Дахиад л төрийн албан хаагчид ажилгүй болно. Байр сууцнаас авахуулаад өч төчнөөн зардал гарах учиртай. Шийдлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа бүс чангалах төлөвлөгөөндөө хамгийн түрүүнд Тахарын албыг үгүй хийхээр төлөвлөсөн. Гэвч эсэргүүцэлтэй тулгарч Ерөнхий сайд хуулийн төслөө буцаан татсан. Харин энэ удаа Тахарын албыг бүр мөсөн үгүй хийхээр сэтгэл шулуудсан бололтой.
Г.Бат
URL: