Төр, засаг ба мөнгө

mungu-uih_700x700

Монголын эдийн засаг хүнд байдалд орлоо гээд байна. Гэтэл зарим эдийн засагчид эдийн засаг уруудсан биш мөнгөний хямралд автагдчихлаа гэж хэлээд байгаа юм. Энэ үнэн байхаа. Хүн бүр л мөнгө ярих. Цалин цагтаа өгөхгүй байна. Нэмнэ гэсэн нь чимээгүй гэцгээх. Үнэндээ төрийн зарим байгууллагын ажиллагсад цалингаа хүлээгээд 10-20 хонолоо гэдэг. Сангийн сайд Ж.Эрдэнэбат саяхан нэгэн ярилцлагадаа “Манай улс цалин, тэтгэвэр, халамжинд төсвийн 60 хувийг зарцуулдаг. Гэтэл төсвийн орлогын бүрдүүлэлт өнөөгийн байдлаар 250 орчим тэрбум төгрөгөөр тасарсан байгаа. Иймээс хүндрэл гарч магадгүй гэдгийг хэлээд байгаа юм. Түүнээс биш одоогоор цалин, тэтгэврийг ямар ч тохиолдолд хэвийн олгож байгаа гэсэн байна.

Алив сангууд хоосрох гэж байна гэсэн яриа бий. Тухайлбал, тэтгэврийн сан найман их наяд төгрөг байх учиртай. Тэр дундраад хэзээ язаагүй ёроол нь харагдах дээр хүрлээ гэж байдаг. Үүнээс үүдээд хойтонгоос албанаасаа суух хүмүүс тэтгэвэр авч чадах эсэх нь бүрхэг болж байгаа бололтой. Үнэндээ гэхэд найман их наядыг нөхөөд бий болгочихно гэдэг хэцүү. Уг нь Монгол Улс ядуу биш ээ. Баян. Хүн амын дийлэнх нь ядуурсан гэж зарим нэг тайланд дурдсан бий. Гэтэл харин хүн амын дийлэнх тансагхан байгаа шүү дээ. Ядуу юм бол яагаад цагаан сарын тавагтай идээгээ тэр чигээр нь хогийн цэг дээр шидчихэж байгаа юм. Дэлгүүрт байгаа цувдай, толгойг маш цөөн хүн авч харагддаг. Орон гэргүй нүх шуудуунд хоноглодог гэх хүмүүс яагаад өндөр үнэтэй архи зооглочихоод согтуу явдаг юм бэ. Энэ дүр зураг ядуурлын үнэн бишээ.

Харин яагаад мөнгөний дутагдалд орчихоод зам, барилга зэрэг бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй байнав гэвэл монголчуудын үрэлгэн, тооцоогүй зан нөлөөлж байна. Гадаад, дотоод өр зээлийн хэмжээ өсч хэлэхэд хэцүү болов. “Чингис”, “Самурай” гэх зэрэг анхаарал татахаар том нэр зүүсэн бондууд гаргаад өвөр, түрий дүүрэн мөнгөтэй боллоо л гэсэн. Мөнгө хөрөнгийн талаар төрөөс баримтлах бодлого үүлэн чөлөөний нар шиг солигдомхой Засгийн газрын үрэлгэн байдлаас болоод тав, арван км зам, амбаар сав барих мэтэд цацаж байгаад дуусгасан. Тиймээс өнөөдрийн байдлаар улсын дотоод бондын өр 3.1 тэрбум төгрөгт хүрчихжээ. Энэ нь улсын эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний 33 хувь гэсэн үг юм. Гадаад өр бүр талийсан. Монголын хүн ам, тэр дотор өлгийтэй хүүхэд хүртэл өрөнд баригдсан тухай мэдээлдэг. Монголчууд баялаг бүтээгч уламжлалтай ажилсаг түмэн. Гэтэл өнөөгийн төр, засгийн алдаатай бодлогын уршгаар юу ч бүтээдэггүй зөвхөн зээл, тусламжаар амьдарч болдог мэт ойлголтыг бий болгосон.

Нөгөө талаар төр, засгийн данхар бүтэц төсвийн мөнгийг залгилж байгаа гэж болно. Бас Монгол Улсын мөнгө цөөн хэдэн хүний авдарт байна шүү дээ. УИХ-ын 76 түшээ гэхэд мөнгө хүүлэгчид болсон. Тэдний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад жилийн орлого нь урьдынхаасаа тэрбум, тэрбумаар өссөн байх юм билээ. Хөрөнгийн дундаж нь 30-40 тэрбум төгрөг. Байж байгаад л нэг банк байгуулдаг. Тэр нь иргэдийн мөнгийг угааж цөөн хэдэн хүнийг л баяжуулах зорилготой мэт. Хөгжлийн банк байгууллаа. Одоо л улс орон хүнд байдлаас суга үсрээд гараад ирэх нь гэсэн байдаггүй ээ. Сураг нь танил талаа харж зарим компанид хэдэн зуун тэрбумын зээл өгч байдаг. Банкны захирал нь гэхэд сард 160 сая төгрөгийн цалин хүртээд сууж байна. Ийм их цалин авдаг хүмүүс гадаадад зугаалж хоногийн хэдэн зуун долларын буудалд тухалж тансаглаж явдаг гэх юм. Энэ мэт атаархмаар цалин хүртэж суудаг төрийн албаныхан зөндөө л дөө. Авлигатай тэмцэх газрынхан, шүүхийнхэн гээд л. Тэд сардаа л дундаж цалинтангуудын жилийн орлогыг олж байна. Үүнийг тийм байхаас аргагүй байдлаар тайлбарладаг. Улстөрчид гэж их ярьдаг хүмүүс. Тэд их ярьсныхаа төлөө цалинждаг юм шиг. Тэгэхээр мөнгөтэй байхаас ч яахав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих