Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган үргэлжилж байна
Төрийн ордонд өнөөдөр өглөө эхэлсэн Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган хоёр дахь шатны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
21 аймгийн 1629 нөхөрлөлийг төлөөлж ирсэн 800 төлөөлөгчид өнгөрсөн 15 жилийн хугацааны ололт амжилт, туршлага, цаашид байгаль хамгаалах нөхөрлөлийг дэмжихэд юун дээр анхаарах, тулгамдаж буй бэрхшээл тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож байна.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су. Батболд оролцогчдод хандан үг хэлсэн юм. Тэрээр, Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн чуулган зөв цаг үедээ зохион байгуулагдаж байна. Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар төрөөс Ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичигт ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүдийг төрөөс дэмжиж, хамтарч ажиллах талаар олон талын санал тусгагдсан.
Хуульд байгалийн баялагаа ашиглаад олсон орлогоо эргүүлээд байгалиа хамгаалахад зарцуулна гэж заасан байдаг. Гэвч энэ сасуудал орон нутагт төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Тиймээс ойрын хугацаанд энэ асуудлаар орон нутгийн Засаг дарга нарт санал, зөвлөмж хүргээлнэ” гэв.
Өнөөдрийн чуулганд тогвортой үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай олон нөхөрлөлийн төлөөлөл оролцож байгаагийн нэг нь ойн санг гэрээгээр эзэмшдэг Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Хургалаг” нөхөрлөл юм. “Хургалаг” нөхөрлөлийн ахлагч Д.Оюунгэрэл өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилт, туршлагаа бусадтайгаа хуваалцахдаа 2004 онд “Бэлчээрийн тогтвортой менежмент” НҮБ-ын төсөлд хамрагдаж 21 өрх, 39 гишүүнтэй малчдын бүлэг болон ажиллаж эхэлсэн. 2007 онд албан ёсоор “Хургалаг” ойн нөхөрлөл болж одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Нөхөрлөл тогвортой үйл ажиллагаа явуулахын гол суурь нь санхүүгийн дэмжлэг байдаг. Тиймдээ ч Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг, Даян дэлхийн байгаль орчны сан, Дэлхийн зөн гээд олон улсын байгууллагуудын дэмжлэтэйгээр зөгийн аж ахуй, чацарганы аж ахуй, ойг зөв зохистой ашиглаж, нөхөн сэргээх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд экологи, эдийн засаг, зах зээл болон бодлогот суурилсан зарчмуудыг шаардлага болгох хэрэгтэйг олж харсан. Үүний үдсэн дээр манай нөхөрлөл менежмент төлөвлөгөөгөө байгалийн нөөц, хүнийхээ чадамжинд тулгуурлан хийсэн гэлээ.
Улсын хэмжээнд байгалийн нөөцийн хамтын менежментийн 1629 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаагийн 1218 нь 3,1 сая га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшдэг. Эдгээр нөхөрлөлд нийт 16994 өрхийн 41295 гишүүн хамрагдаж байгаагийн 1148 нь идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилладаг ажээ.
URL: