“Ингэт толгой” ХК хаврын тариалалтаа дууслаа
Булган аймгийн нутагт газар тариалан эрхэлдэг “Ингэт толгой” ХК хаврын тариалалтаа хамгийн түрүүнд дууслаа. Тэд нийт 4400 га-д улаанбуудай, 120 га-д рапс тариалжээ. Шүрэнгийн усан цахилгаан станц барих гэж байгаа Цагаан нуурын орчим, Эгийн голын усан цахилгаан станц барихаар төлөвлөж буй газрууд бол Ингэт толгой ХК-ийн гол талбайнууд юм. Үржил шимтэй эдгээр талбайд тариалсан улаанбуудай цавуулаг хамгийн өндөр, старндартын шаардлага бүрэн хангасан чанар сайтай ургац өгдөг гэж агрономчид дүгнэдэг. Тэд үндэсний компаниуддаа улаанбуудайгаа нийлүүлж, дотоодын хүнсний хэрэгцээний тодорхой хувийг дангаараа хангадаг. Газар тариалангийн салбарт жараад жил ажиллаж, сүүлийн үеийн техникээр бүрэн хангагдсан тус компанийн тариаланчид хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын ачааг үүрэлцэх тулхтай хамт олон болон тогтворжжээ.
Энэ жилийн хувьд хамгийн эрт тариалалтаа дуусгаж байгаа амжилтаа тэд “Архигүй хамт олон” болох зорилго тавин ажилласантай холбож байгаа ажээ. Хаана сахилга бат байна, тэнд ажлын бүтээмж бий гэдгийг харуулахаар зорьж, 3-р багийн нутагт архины эмчилгээний төв хүртэл байгуулан, зохих хүмүүсийг хамруулсан аж. Газар тариалангийн салбарт насаараа зүтгэсэн энэ хамт олон ирэх жилээс тариалах талбайгүй, ажилгүй болох вий гэсэн айдас дунд байгаагаа хэлсэн. Учир нь төрөөс хэрэгжүүлж буй усан цахилгаан станцын төслийн хүрээнд тариалангийн газруудыг нь хурааж авахаар төлөвлөсөн ч хаана ямар газар нөхөн олгох талаар шийдвэртэй хариу өгөх эрх мэдэлтэн олдохгүй байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL: