ҮНЭН БАГГҮЙ БАЙДАГ
С1 телевизийн “Цензургүй яриа ” нэвтрүүлгийн “Багтай хүн ”-тэй хийсэн ярилцлага үзэгчдэд “хариулт ” өгсөнгүй, харин “асуулт” үлдээгээд одлоо. Багтай хүн хэн байв? Багтай хүний үгэнд үнэн байна уу? Баг зүүх шаардлага байсан уу? Асуултыг бүхэлд нь базвал ийм.
Энэ мэт асуулт цахим ертөнцөд “хариулт” хайж хэд хоног хөвөрлөө. Бас багтай хүнийг ярьж эхлэнгүүт л хэн бэ гэдгийг нь илчилсэн мэдээлэл твиттер, фэйсбүүкт гарч ирсэн. Монголчууд цөөхүүлээ, хэн хаана юу хийж явдгийг мэддэг болохоор баг зүүгээд ч нэмэр алга. Магадгүй ярилцагчийнхаа дуу хоолойг өөрчлөөгүй зэрэг техникийн алдаатай холбоотой биз. Гэхдээ энд би багтай хүн хэн байсныг илчлэх зорилго тавьсангүй. Тэгэх шаардлага ч байхгүй, сонин биш. Бас нэвтрүүлгийн багийн зөв бурууг шүүх гэсэнгүй. Харин “баг” зүүж аваад үнэнийг хэлэх нэрээр хүн гүтгэх, бүхнийг хараар будах нь хэр зохистой вэ гэдэг ноцтой асуултанд хариулт хайхыг хичээлээ.
Кинонд баг зүүж банк дээрэмддэг шиг энэ нэвтрүүлэг итгэл үнэмшилийг минь цөлмөж орхив. Цахим ертөнцийг харвал олон хүн хүн ингэж боджээ. Нүүрээ багны ард нуучихаад хөлрөн хөлрөн сандчиж суух нь таатай зүйл яав ч биш. Тэр тусмаа тийм насны хүнд. Монголын нийгэм арай ч үнэнийг хэлсэн хүнийг гудамжиндаа буудчихдаа хүртэл дор ороогүй. Улс маань буурай, хөгжил тааруу, амьдрал барзгар байж болно. Хөгжилд хүрээгүй улс бүрийн тойрдог бус дайрдаг хүндрэлээр түрий барьж бүхнийг үгүйсгэж болохгүй. Нэг ордын төслийн маргаандаа улайрч нийгмийг хагалж болохгүй. Сонгууль ойртсон сургаар нэр хүндээ өсгөхийн тулд төрийн эсрэг нийгмийг турхирч болохгүй. Монголын төр хуйвалдааны уурхай болсон мэт туйлшрах нь зөв үү. Хэнд ч гэм буй. Гэхдээ тэр гэм хуулийн хүрээнд байх ёстой. Монголын төр, засагт ажиллаж байсан, одоо алба хашиж байгаа тэр хүмүүст ч бас нэр төр бий. Хүний нэр төрд халдаж хардсанаар улс хөгжих үү, иргэд хөлжих үү.
Баг зүүгчдэд ёс зүй, үнэн, хариуцлага байдаггүй. Тэр тусмаа үүнийгээ үг хэлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө гэж ойлгож байгаа бол том эндүүрэл юм. Монголчуудын 1990 онд оготнын хамраас цус гаргалгүй олж авсан үнэт зүйлийг багтай ганцхан хүн баллуурдаж чаддагийг л энэ өдрүүдэд харлаа. Хойшид ийм багтан олон гарах бололтой. Монголын төр, нийгэм ийм эмзэг дархлаагүй болжээ.
Баримттай, нотолгоотой зүйл тэр багны дотроос гарсан гэхэд хэцүү. Магадгүй улс төрийн үйл явдал өрнөсөн он сар нь таарч болох ч бусад бүх яриа нь өөрөө багны цаанаас ярьсан шиг нь баттай биш л хов жив шиг сонсогдсон. Хамгийн гол нь ийм ярианд ач холбогдол өгч зориуд гаргаж, энийг хөшигний араас хөөргөж байгаа нь энэ цагийн гашуун эмгэнэл юм даа. Хөгжсөн нийгэмд бол ийм шоунд дөжирч гүйцсэн байдаг биз.
Хэн ч, хэнийг ч хардаж болно. Хардах эрх хүн бүрт бий. Гэхдээ хардсаны зоргоор багны ард нуугдчихаад бусдыг өдөөн хатгалагад турхирах нь яавч эрүүл үзэгдэл, эрүүл нийгэмд байх ёс зүй биш ээ. Жишээ нь, Монголын төрд шударга хүн байхгүй, үнэн гэж үлдээгүй, бүгд хуйвалдаан гэсэн тэр “баг”-тай хүний үг нийгмийг хагаралд хүргэвэл хэн хариуцлага хүлээх вэ. Багтай хүн лав хүлээхгүй. Тийм учраас багтай гарч ирсэн биз. Хаврын улс төр дуусаагүй байна, эдийн засгийн хямрал гүнзгийрч байна, иргэд бухимдалтай байна. Энэ үед нийгмийг өдөөн турхирсан үгс нь хуурай өвсөнд зурсан шүдэнз шиг дүрэлзэнэ. Ийм юм болбол яг л долдугаар сарын 1 шиг нийгмээрээ, нийтээрээ л хохироод үлдэнэ. Түүнээс багтай хүн хохирохгүй. Яагаад гэвэл, багны цаана хэзээ ч үнэн байдаггүй юм. Үнэн багны ард нуугддаггүй.
Л.Тулга /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Улсаа нураах хошин жүжичдэд хариуцлага гэж баинауу?
Монголоор дүүрэн БАГГҮЙ ХУДАЛ БАЙХАД ДАА!!! Үнэн хаана байгаад байгаам бэ???