Баар болсон циркийн нэг тал бие засах газар боллоо

6fe92033ee7f21dcoriginal

Дэлхийд Монголоо сурталчилдаг урлагийн авьяастнуудын тэргүүн эгнээнд циркчид багтана. Эх орондоо орох оронгүй, уран бүтээлээ үзэгчдэд толилуулах тайз, манежгүй шахам болчихоод байгаа тэд гадаадын циркэд гэрээгээр тоглож, дэлхийн шилдгүүдийн шагналыг “хамдаг”.
Харин эх оронд нь хотын төвд орших цэнхэр дээвэртэй барилга нь өнгө зүсээ өөрчилж, баар, банк, автомашины дугуйн засварын, PC тоглоомын газар болж, зарим хэсгээ түрээслүүлчихээд байгаа. Жорлон нь хүрэлцэхгүй байгаа, эсвэл төлбөртэй ариун цэврийн өрөөнд 200 төгрөг өгөхөөсөө “нарийлсан” зарим хүн түрээслүүлсэн хэсгийн эргэн тойронд “бяруугаа аргамжиж”, “морио харсаар” үнэр танар ч амьсгалахын аргагүй болгож байгаа аж. Мөн хажууд нь барьж буй барилгын хашаа ч нэг “жорлон” нь болсоор байгаа гэнэ.
Яагаад тэр хэсэгт ийм “жорлон” үүсчихээд байна вэ гэвэл циркийн жүжигчдийн өрөө, амьтад байсан хэсгийг “АСА цирк”-ийн удирдлагууд бусдад түрээсэлдэгтэй холбоотой. Уг нь “IT zone” компьютерийн дэлгүүр түрээсэлж байсан ч ашиггүй байснаас гарсан бололтой. Өдгөө тэнд Автотээврийн үндэсний төвийн харьяа Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар үйл ажиллагаа явуулж байна. Тус газраар өдөртөө дор хаяж 500-гаас дээш хүн үйлчлүүлж, машиндаа улсын дугаар авах, хуучин машинаа бусдад шилжүүлэх гээд дугаарлан зогсдог, ачаалал ч ихтэй байгууллага. Циркийн урд талын төлбөртэй зогсоолд ачаалал ихтэй зарим өдөр ямар ч машин багтахгүй болж, түгжрэл үүсгэн ойр хавийнхаа замд ч нөлөөлөх нь энүүхэнд. АСА циркийн төлбөртэй зогсоолынх нь мөнгө хураагчтай уулзахад “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газраар үйлчлүүлэхийн тулд өдөрт дунджаар 300-350 машин орж ирдэг. Ер нь ихэнх машины жолооч энэ зогсоолд зогсохгүй ойролцоох сургууль, орон сууц, үйлчилгээний газрын хажууд тавиад эзэд нь алхаад орчихдог юм” гэж ярилаа.
АСА циркийн нэг хэсгийг түрээслэн үйл ажиллагаа явуулж буй Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн газартай Сүхбаатар дүүргийн III хорооны 3, 3/18 дугаар байр зэрэгцэн оршино. Тэдгээр байрны оршин суугчид хөрш албан байгууллагадаа ам муутай. 3/18 байрны нэг оршин суугчтай уулзахад “Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн газраас блокон ханаар тусгаарласан ч явган хаалгатай болохоор тус газар руу орж гарсан хүмүүс манай байрны хашаан дотор, эсвэл хажуугийн барилгын хашаа руу “сарьчихдаг”. Бас тэгээд машинаа энэ рүү оруулаад зогсоочихдог байсан. Энэ хавиар нь ерөнхий боловсролын олон сургууль бий. Энэ байгууллагаар үйлчлүүлж буй олон машин хүүхэд хөгшдийг дайрчих гээд хэцүү л байдаг юм. Хотын төвийг “жорлон” болгох үндэс болсон энэ байгууллагыг эндээс нүүлгэвэл таарна” хэмээн бухимдаж байв.
Хажуугийн гуравдугаар байрны СӨХ-ны дарга “Урд талаасаа циркэд байрладаг цахим тоглоомын газар, ар талаасаа Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар гэж хоёр байгууллага энэ хоёр байрны оршин суугчдад, ойролцоо байдаг ерөнхий боловсролын гурван сургуулийн сурагчдын амьдрах эрх, аюулгүй байдлыг маш ихээр зөрчиж байна. Цахим тоглоомын газар нь өдөр шөнөгүй ажиллаж, шөнөжингөө тоглосон хүүхдүүд нь үүрээр гарч ирээд энэ хавиар тойроод бие засаад зогсчихдог юм. Өдөр нь болохоор Автомашины дугаар олгодог энэ газарт нь ариун цэврийн өрөө байдаггүй юм уу, эсвэл мөнгөө нарийлаад байдаг юм уу, хашаа дагаад шээгээд зогсчихдог. Би нийслэлийн ЗДТГ-ын гомдол мэдээллийн төвд хэд хэдэн удаа хандаж, эдгээр байгууллагын талаар хэлж байсан боловч ямар ч арга хэмжээ авдаггүй. Аргаа ядаад оршин суугчид бид нэгдэж хашааны автомат удирдлагатай хаалгатай суурилуулж, оршин суугчид өөрсдөө машиндаа удирдлагатай болж орж гардаг болоод байна. Түүнээс биш энд байгаа ногоон байгууламж дээгүүр ч машинаа тавьчихдаг хэнэггүй нөхөд энэ хоёр байгууллагаар үйлчлүүлдэг юм билээ. Уг нь Автотээврийн үндэсний төвийн салбарууд “Да хүрээ” техникийн зах, Баянзүрхийн автовокзал, “Хөсөг трейд”, “Автобус-2” гээд олон л газар байдаг шүү дээ. Хотын төвд ийм газар байлгаж, түгжрэл ачааллыг нэмж байхаар хотын төвөөс гадагш гаргавал зохилтой” гэж байлаа.
Иргэдийн хүсэлтээр Циркийн барилгад байрлаж байгаа Автотээврийн үндэсний төвийн тоо бүртгэлийн салбарыг эндээс гаргахыг зарим удирдлагууд нь хүсч байгаа ч дээд албан тушаалтнуудаас элдэв дарамт шахалт ирдэг тухай иргэд ярьж байв.

Г.РАВЖАА

Эх сурвалж: ontslokh.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 14 May 2015

Сугар луйварчин яалаа гэж энэ танхай нөхдөд ганцхан байдаг Циркийг минь өгөө вэ Өвөрхангайнхан гэсэн юм уу Улс буцааж аваач ээ

Нэр: . Огноо: 14 May 2015

Хотын төв шүү дээ. Наанаа цирк гэж халхалдаг ч цаана нь урд тал нь авах юм байхгүй хог новш шээс баас байдаг нь үнэн. Циркийн сайхан цэнхэр дээвэр холоос тэнгэртэйгээ ижилсээд гоё харагддаг байсан одоо шар дээвэртэй их муухай харагдаж байна. Урд талд нь залгаад барьсан ой гутмаар өргөтгөл, түрээс нь даанч нэг өчүүхэн өрөвдмөөр шүү.

Сэтгэгдэл бичих