Ким Чен Ун бол араатан
Хойд Солонгосоос амжилттай зугтааж, олон улсын байгууллагын тусламжтай Сөүл хотноо түр орогнож буй Пак гэгч “CNN” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагын эхэнд гэр бүл, найз нөхөд нь өнөөдрийг хүртэл Пхеньянд амьдарч буй учир нүүр царайгаа нийтэд харуулах боломжгүй хэмээн мэдэгджээ. Түүний хүсэлтийн дагуу царайг нь нууж, дуу хоолойг нь өөрчилсөн байна.
-Та Хойд Солонгосоос хэзээ зугтаасан вэ. Эх орноо орхин гарсан шалтгаанаа сонирхуулаач?
-Би эх орондоо хайртай. Миний эх оронд нэг л өдөр шударга бус үгүй болно гэдэгт итгэдэг.Харамсалтай нь энэ гэгээлэг мөрөөдөл өдрөөс өдөр үгүй болж, харанхуй үүл эх орныг минь бүрхэж, алтан нарыг халхаж эхэллээ. Миний тойрон хүрээлэлд байгаа хүмүүсийн ахуй амьдрал эцэстээ хүртэл доройтож, туйлдаж гүйцсэн. Талхны төлөө тэмцэж байна. Бурхан минь энэ бол амьдрал биш. Бид алхам тутамдаа доромжлол, шударга бус шийдвэрийн золиос болж байна. Энэ бүхнийг тэвчиж чадаагүй учир эх орноосоо зугтаасан юм.
-Хэрхэн хилийн дээс алхав?
-Би 2013 оноос эхлэн Пхеньянд нууцаар үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын шашны байгууллагад элссэн. Тэдэнд бүх зүйлээ учирлаж, амь өрссөн алхам хийж, өнгөрсөн оны эхээр хилийн дээс алхсан.
-Таны гэр бүл өнөөдрийг хүртэл Пхеньянд байгаа гэсэн. Тэдэнтэй ямар нэгэн байдлаар холбоо тогтоосон уу?
-Үгүй. Гэр бүлийнхэндээ санаа зовж байгаа. Учир нь намайг оргохоос хэдэн хоногийн өмнө цэргүүд үнэр авсан аятай гэрийн минь үүдээр эргэлдэх болсон. Намайг явсны дараа гэр бүлээ ямар хувь тавилантай учирсан эсэхийг мэдэхгүй байна. Үхсэн ч байж магад. Хойд Солонгост үхэл бол энгийн зүйл болсон.
-Хойд Солонгосын жинхэнэ төрхийн талаар яриач?
-Хэдхэн хүн л сайхан амьдардаг улс. Ард түмэн нь өлссөн ч тэдэнд ямар ч хамаагүй. Бүгд дарангуйлагч байхыг хүсдэг. Хойд Солонгосын нөхцөл байдал Ким Чен Уныг удирдагч болсны дараа улам доройтож, ажилгүйдэл, өлсгөлөн газар авсан. Энэ эрхэм бидний хоолны мөнгөөр зэвсэг худалдан авдаг. Тэрбээр гэр бүлээ ч хайрладаггүй. Эгч, ах, дүү ер нь өөрийнх нь эсрэг урваж чадах бүхнийг устгадаг. Үргэлж л хамтран ажилладаг бүхнээ хардаж, тайван ажиллах боломж олгодоггүй. Нэг жишээг дурьдахад, тэрбээр авга эгч Ким Гён Хиг цаазлах тушаал гаргасан. Та бүхэн мэдэж байгаа. Удирдагч авга эгчийнхээ нөхөр Чон Со Тэкийг өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын сүүлээр өөрийг нь эсэргүүцсэн хэргээр цаазалсан. Энэ хэргийн дараа Ким Чен Ун, Ким Гён Хигийн харилцаа муудаж, удирдагч эгчээ хүчээр эмнэлэгт хэвтүүлэх зарлиг буулгасан. 2014 оны тавдугаар сарын 5, 6-нд цаазаар авах тушаал буулгаж, эгчээ Пхеньяны төв шоронд буудан хөнөөсөн. Цаазын ялын өмнө Ким Гён Хи дүүгээ “араатан” хэмээн дуудсан.
-Тэгэхээр Ким Чен Ун эгчээ алах тушаалыг өгчээ?
-Тиймээ. Тэрбээр өөрөөсөө өөр хүнд итгэдэггүй. Өдрөөс өдөр түүнийг тойрон хүрээлж буй хүмүүс гэнэт л алга болдог.
-Танд улсын нууцад хамааралтай мэдээллийг ямар эх сурвалж өгдөг вэ. Ер нь солонгосчуудын дунд иймэрхий төрлийн яриа хүчээ авбал?
-Сонссон ч сонсоогүй мэт байдаг. Харамсалтай нь өлсч эсвэл гэмтсэн ч хүн аминдаа л хайртай байдаг юм байна лээ. Эх сурвалжаа нууцлахыг хүсч байна. Тэр хүнд ч гэсэн амьдрах боломж олгож байна.
-Өнгөрсөн онд л гэхэд Км Чен Ун 15 хүнийг цаазлах зарлигт гарын үсэг зурсан гэсэн. Энэ тухай мэдээлэл танд байна уу. Ямархуу албан тушаалтай хүмүүс цаазын ял сонсов. Ер нь ямар шалтгааны улмаас цаазын ялыг Ким Чен Ун өгдөг юм бол?
-Миний олж мэдснээр өнгөрсөн онд өндөр албан тушаал хашдаг таван хүн, урлагийн дөрвөн хүн цаазаар авахуулсан гэж сонссон. Бусдынх нь талаар мэдээлэл дутмаг байна. Энэ асуултад хэрхэн хариулахаа ч сайн мэдэхгүй байна. Зүгээр л Хойд Солонгост хүний эрх ноцтой зөрчигддөг. Энэ асуудалд НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд гол анхаарлаа хандуулж, гэмгүй хүмүүст туслах хэрэгтэй. Эмэгтэйчүүд хүүхэд гаргахаас ч эмээж эхлээд олон жилийн ардаа үлдээлээ.
Б.Дэлгэрцэцэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
medrel n muudsan bhaa hun bolgoniig hardaj alsaar bgaad