Б.АЛТАНСОЁМБО: ШӨХТГ-ААС ТАВЬСАН АСУУДЛЫГ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГААС ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗСЭН

Нийслэлийн нутаг дэвсгэрт жолоочийн замын хөдөлгөөнд оролцоход саад учруулж, зөвшөөрөлгүй газар буюу автозамын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьсан жолоочийн автомашины дугуйг түгжих, ачиж зөөвөрлөх ажилтай холбогдуулан  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд захиргааны хариуцлага тооцож, торгох арга хэмжээ авсан талаар мэдээлэл өгсөн. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.АЛТАНСОЁМБО-оос тодрууллаа.

p19l7uo2lo1unfpr1vq9gst1rho1

-ШӨХТГ-аас Хотын захиргаа хувийн компаниудтай хамтран хэрэгжүүлж байгаа автозамын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээтавьсан жолоочийн автомашины дугуйг түгжих, ачиж зөөвөрлөх ажлыг хууль бус гэж үзэн зарим албан тушаалд торгууль ногдуулсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ асуудлыг эхнээс нь ярих хэрэгтэй байх. Анх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” журам болон Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, хураамж авах” тухай А/769 дүгээр захирамжуудыг хууль бус шийдвэр хэмээн Захиргааны хэргийн анхан шатны 20 шүүхэд ШӨХТГ-ын нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэнийг тус газар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Давж заалдах шатны шүүхийн тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу эцсийн шийдвэр болсон юм. Гэтэл ШӨХТГ-аас дээрх журмыг хэлэлцэн батлах үед НИТХ-ын Тэргүүлэгч байсан төлөөлөгч нарт Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж торгууль оногдуулсан асуудал нь ойлгомжгүй байна.

Нийслэлийн иргэдийг төлөөлөн сонгогдож гарч ирсэн төлөөлөгч нийтийн эрх ашгийн төлөө санал өгөхийг  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч хязгаарлах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үл тоосон үйлдэл төдийгүй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагч хэрнээ Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох зэрэг Төрийн жинхэнэ албан хаагчид хориглох зүйл, мөн хуулиар хүлээсэн үүрэг, өргөсөн тангаргаа зөрчсөн явдал болж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” журмыг хэлэлцэж батлах үед төслийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлж санал, дүгнэлтийг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 7/557 дугаар албан бичгээр  хүлээн авч байсан бөгөөд тус газраас эдгээр журам нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн зүйл заалтууд зөрчигдөөгүй тухай албан ёсны хариуг ирүүлсэн юм. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т  Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш З сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно гэж заасан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.4-т заасны дагуу зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй гэж хуульчилсан байдаг тул уг шийтгэвэрийн хуудас нь өөрөө хүчин төгөлдөр бус учраас хүлээн зөвшөөрөх шаардлагагүй гэдгийг албан  ёсоор хэлмээр байна.

-ШӨХТГ-аас удаа дараа хууль бус шийдвэр, иргэдэд мөнгийг буцааж олгоно гэж мэдээлсэн.Энэ нь иргэдийг төөрөгдүүлж, дүрэм зөрчсөн жолооч нарыг өөгшүүлсэн үйлдэл болж байна гэж үзэх хүмүүс байна?

-Дээрх тайлбараас хэн нь хууль бус, хэн нь хуулийн дагуу ажиллаж байна вэ гэдэг ойлгогдохоор байгаа. Тухайн асуудалтай холбоотой нийслэлийн шийдвэрүүд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд гарсан хүчин төгөлдөр шийдвэр. Тиймээс торгуулийг буцаан олгох асуудал байхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих