Газрын тосны салбарт шинэ хөрөнгө оруулагчид айсуй

162094-13052015-1431479292-1431022524-1Энэ оны төсөвт 286 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Газрын тосны салбарт Английн томоохон “Бритиш газ” групп орж ирж байна. Тус групп “Сентрал Азиан петролеум корпорэйшн” компанитай хэлэлцээ хийж, газрын тосны хайгуулын хоёр талбайг эзэмших ажээ. Засгийн газрын хуралдаанаар “Сентрал Азиан петролеум корпорэйшн” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “Бритиш газ”-д шилжүүлсэн юм. Ингэснээр “Богд-IV”, “Онги-V” талбайн 78 хувийг “Бритиш газ”, үлдсэн хувь “Сентрал Азиан петролеум корпорэйшн” компанийн мэдэлд шилжсэн байна.

Харин уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүрэг 100 хувь “Сентрал Азиан петролеум корпорэйшн” компанид үлдэж

буй аж. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тос илэрч, гарсан тохиолдолд Монголын Засгийн газар 47 хувийг авах эрхтэйг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн онцолсон. Тэрбээр “Монгол Улсад барууны компани орж ирж байгаа нь анх удаагийнх бөгөөд энэ нь “Бритиш газ” групп” гэж тодотгов.

“Сентрал Азиан петролеум корпорэйшн” компани нь өнгөрсөн хугацаанд хоёр талбайд нийт 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс хайгуулын үйл ажиллагаанд 17 сая ам.доллар зарцуулжээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт хоёр сая ам.доллар төлсөн байна.

Засгийн газарт хоёр сая ам.доллар төлжээ

Засгийн газраас газрын тосны хайгуулын “Увс I”, “Хэрлэн тохой XXVIII” зэрэг талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шийдвэр гаргаад удаагүй байна. Ингэснээр хоёр талбайд нийт 338.97 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтойг Уул уурхайн сайд Р.Жигжид хэлсэн юм.

Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах болсон газрын тосны салбарт шинэ эрх зүйн орчин бий болж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ зах зээлд “Бритиш газ” групп томоохон тоглогч болох нь. Дээр дурдсан “Увс I” талбайд “Увс петролиум”, “Хэрлэн тохой XXVIII”-д “Хонконг велпек” компани орж буй аж.

Өндөр эрсдэлтэй газрын тосны салбарын олборлолт 2017 он гэхэд 1.7 сая тоннд хүрэх төлөвлөгөөтэй байгааг дуулгая. Сүүлийн 10 жилийн хугацаанд тус салбарт нийт 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Энэ жилийн хувьд нэг сая гаруй тонн газрын тос олборлох бөгөөд тус салбараас төсөвт 286 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Хэдий орлого 30 гаруй хувиар тасарсан ч хүлээгдэж буй хөрөнгө оруулалтын дүнд төлөвлөгөө биелэх боломж бий ажээ.

Б.Тулгат

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих