200 айлын эрх ашгийг “Hotel”-оор сольсон “Ти Си Ди”
Баянгол дүүргийн хоёрдугаа хороо “Гранд плаза” худалдааны төвийн ард боссон “The Hill Side” хотхоны оршин суугчид байрныхаа тагт бүрт эсэргүүцлийн үгтэй самбар нааж, урд талынхаа барилгын хашааг тойруулан эрх ашгийг нь зөрчиж байгаа утгатай үгс бичиж бухимдлаа илэрхийлжээ. Одоог хүртэл улсын комисс хүлээж аваагүй байранд амьдарч байгаа 200 орчим оршин суугч ингэж бухимдсан нь олон шалтгаантай.
Манай сонин жил орчмын өмнө “The Hill Side” хотхоны талаар сурвалжилж байсан билээ. Анх хотхоны нийтийн эзэмшлийн талбайд усан оргилуур барих зураг төсөл танилцуулж захиалга авсны дараа зочид буудал барихаар “Хаушин” рестораныг буулгаж байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл одоо 16 давхар зочид буудлын суурь аль хэдийнэ тавигдаж оршин суугчид хаана хандахаа мэдэхгүй бухимдаж байна.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Си Ди” компанийн захиалгаар “Тод чоно” компани хотхоны барилгын ажлыг эхлүүлжээ. Нийт дөрвөн блок барилгын суурь боссон бөгөөд С, Д блок нь ашиглалтад оржээ. Энэ хоёр блокод 200 орчим айл амьдарч байна. Харин нөгөө хоёрынх нь барилгын ажил үргэлжилж байв. Хотхон П хэлбэртэй бөгөөд хотхоны дунд энэ сарын эхнээс зочид буудлын суурийг тавьж эхэлжээ. Оршин суугчид зочид буудал баригдах ёсгүй гэж эсэргүүцэж байв. Хотын төвд байрлалтай, хуучнаар “Хуашин” ресторан ажилладаг байсан уг газарт 2008 оноос орон сууцны хороолол барих ажил эхэлсэн бөгөөд ашиглалтад орохгүй удсаар 2012 онд захиалагчдаа авчээ. Иргэд ороод төд удалгүй паар нь задарч дөрвөн давхрын оршин суугчид тэр чигээрээ усанд автаж байсан удаатай аж. “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдгийн адилаар тус хотхон нь гаднаа өнгөлөг ч иргэд дотор нь амьдрахад тав тухгүй, чанаргүй гэдгийг хэлж байлаа. Хамгийн гол нь иргэдийг захиалга өгөхөд хотхоны дунд хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол зэргийг иж бүрнээр нь байгуулах зураг төсөл харуулж байсан гэнэ. Тус байрны оршин суугч О.Эрдэнэбаяр “Анх биднийг ороход хотхоны дундах талбайд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулна гэсэн зураг харуулж байсан. Гэтэл одоо барилга бариад эхэллээ. 16 давхар зочид буудал баригдвал бид нар үзэхгүй болж таарна. Дөнгөж хоёр блок барилга ашиглалтад ороод байхад автомашин нь багтахгүй байна. Хүүхдээ машинаас хамгаалж гарч орох юм. Нөгөө хоёр байранд нь хүмүүс орвол багтахгүй шинжтэй” гэж байв. Бусад иргэн ч ийм гомдлыг хэлж байлаа.
“The Hill Side” хотхоны нийт талбай нэг га орчим юм байна. Хотхоны барилгуудыг “Ти Си Ди” захиалсан бол зочид буудлын барилгын талбай нь “Солонго лайн” компанийнх. Анх “Солонго лайн” компани тус газрыг эзэмшиж байгаад “Ти Си Ди”-д зарж, оронд нь хотхоны захын хэсгийн блокийг авчээ. Ингэснээр хотхоны барилгын үйл ажиллагаа тэдний мэдлээс гарсан гэнэ. Харин оршин суугчдад анх “Ти Си Ди” компани өмнөх талбайд нь ямар ч барилга байшин барихгүй, нийтийн эзэмшлийн талбайнхаар тохижуулна гэж байсан тул “Солонго лайн” компанийг хууль зөрчиж байна гэж үзэж байв. Тиймээс тус компанийн гүйцэтгэх захирал М.Мөнх-Эрдэнэтэй уулзаж зарим зүйлийг тодруулав.
ЗОЧИД БУУДЛЫН ГАЗРЫГ ОРОН СУУЦНЫ БАРИЛГААС 10 МЕТРЭЭР ХОЛДУУЛЖЭЭ
Оршин суугчид танай компанийн захиалгатай зочид буудлын барилгыг баригдах ёсгүй байсан гэж байна.Хотхоныхон захиалга авахдаа тэнд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулна гэсэн байна?
-Манай компани энэ хотхонтой ямар ч холбоогүй. “Ти Си Ди” компанитай газраа өгч авалцсанаас хойш манай мэдлийнх байхаа больсон. Харин зочид буудлын барилгын тухайд анх төлөвлөгөө батлуулахад л орчихсон байсан.
-16 давхар барилга баригдвал иргэд нар үзэж чадахгүй болох юм биш үү?
-Бид барилга хоорондын зай талбай ямар байх ёстой тэр стандартаар нь барьж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 45 метр байх ёстой гэж зөвлөсний дагуу барьж байна. Тоглоомын талбай, автомашины зогсоол баригдана. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөгөөгөө батлуулсан. Хэдий бид энэ хотхонтой холбоогүй ч иргэд гомдол гаргаад ирэхэд хүлээж авч учирлаж хэлдэг. Хотхоны гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч компаниудад барилгаа чанартай, цаг хугацаанд барих талаар удаа дараа шаардлага хүргүүлж байсан гэв.
Өнгөрсөн жил тус компанид мэргэжлийн хяналтынхны шаардлагаар зочид буудлын газрыг 10 гаруй метрээр татжээ. Мөн холбогдох төрийн байгууллагууд тус компанид шаардлагатай зөвшөөрлүүдийг олгосон гэж байв. Гэвч 400 орчим айл өрхийн хүүхэд багачууд тоглох, автомашинаа тавих, 16 давхар зочид буудлаар үйлчлүүлэгчдэд тохирсон талбай хангалтгүй байлаа. Хамгийн гол нь хотын төв хэсэгт дурлаж үнэтэй орон сууц худалдаж авсан хүмүүсийг хуурч тав тухгүй амьдруулах болсон “Ти Си Ди” компанид ямар хариуцлага тооцох вэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: