Хятад улс түүхий нүүрснээс татгалзаж байна

1

Монгол Улс яах вэ?

Нүүрсний олборлолт, хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг өмнөд хөрш БНХАУ нүүрсний хэрэглээ, тэр дундаа түүхий нүүрсний импорт, хэрэглээнд тавих стандарт шаардлагуудаа улам чангатгаж байна. Өнгөрсөн оны 9-р сард тус улсаас Нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журам баталж, энэ оны 1-р сараас хэрэгжүүлж эхэлснээр Хятадад түүхий нүүрс экспортолдог орнууд бүтээгдэхүүнийхээ чанарт нарийн анхаарахаас аргагүйд хүрсэн. Гэтэл ердөө өнгөрсөн долоо хоногт буюу 5-р сарын 5-нд Хятадын Эрчим хүчний үндэсний газраас 2015-2020 онд Нүүрсний цэвэр хэрэглээ, технологи нэвтрүүлэх 5 жилийн төлөвлөгөө гаргаснаа мэдэгдлээ. Төлөвлөгөө ёсоор тус улс түүхий нүүрсний хэрэглээнээс үндсэндээ татгалзаж буй бөгөөд нүүрсийг зөвхөн угааж баяжуулж, чанарын нарийн шаардлага хангасан байдлаар хэрэглэх, түүхий нүүрсээр ажилладаг цахилгаан станц, аж үйлдвэрийн цогцолборуудыг цөөлөх, хаах зэрэг арга хэмжээнүүдийг шат дараатай авах юм. Хамгийн гол нь ирэх 5 жилийн хугацаанд Хятадад нүүрс баяжуулах, гүн боловсруулах олон тооны үйлдвэр, цогцолборууд шинээр баригдана. Ингэснээр 2017 он гэхэд дотоодын хэрэглээнд ашиглагдах нийт нүүрсний 70%-ийг заавал баяжуулж хэрэглэх, 2020 он гэхэд энэ үзүүлэлтийг 80%-д хүргэх том зорилт тавьжээ.

Ер нь Хятад руу түүхий нүүрс гаргах бизнес зах зээлээс өдрөөс өдөрт “шахагдаж” байгааг олон зүйлээс харж болохоор. Манай Өмнөговиос түүхий нүүрс авч, Хятад руу зуучлан борлуулдаг Хятадын Винсвэй Энтерпрайз компани гэхэд сүүлийн үед санхүүгийн хүнд байдалд орж, дампуурахад ойрхон ирсэн. Тус компани өнгөрсөн сард бондын хүүгийн төлбөрт 13.15 сая ам.доллар төлөх ёстой байсан ч чадаагүй, дараагийн 1 сарын боломжит хугацаанд ч төлбөрөө гүйцэтгэсэнгүй. Энэ утгаараа хөрөнгө оруулагчид  болон зах зээл шинжээчид Винсвэй болон ижил төстэй компаниудын санхүүгийн байдлыг ихээхэн анхаарч байна. Коксжих нүүрсний үнэ ойрын нэг жилдээ лав сэргэхгүй тул Винсвэйн санхүүгийн байдал сайжрах магадлал муу гэдгийг шинжээчид анхааруулж байгаа юм.

Хятад улс нүүрсний цэвэр технологид эргэлт буцалтгүй шилжиж байгаа нь нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах гээд олон чухал шалтгаантай. Энэ утгаараа Хятадад түүхий нүүрс экспортолно гэдэг ойлголт ерөнхийдөө байхгүй болж байна. Австрали, Канад зэрэг орнууд бүгд нүүрсийг угааж баяжуулсан байдлаар Хятадад нийлүүлдэг. Харин хувийн хэвшлийн Энержи Ресурсыг эс тооцвол уурхайн амнаас нүүрсээ түүхийгээр нь зарж ирсэн, коксжих нүүрсний экспортоос төсвийнхөө чамгүй хувийг бүрдүүлдэг манай улсын хувьд дээрхи мэдээ тун таагүй сонсогдох нь мэдээж. Товчхондоо, нүүрсийг угааж баяжуулж, нэгдсэн стандарт шаардлага хангасан байдлаар экспортлохгүй бол Хятадын зах зээл ойрын нэг өдөр бидний өмнө тас хаагдаж мэдэхээр байна.


URL:

Сэтгэгдэл бичих