Тэд улам нэгдэж байна.

1Бид нэг юмыг их яриад эхлэхээрээ л тухайн зуйлийнхээ мөн чанар болоод үнэлэмжийг муутгадаг гэмтэй. Эх орон  гэж ээж аав үр хүүхэд гэдэг шиг энгийн эрхэм ойлголтыг үнэр ортол нь  улстөржүүлж байна.

Улс төрчид  улс төрчидөө муулах юм аа. Загаснууд нэгийгээ “нүдээ цавчдаггүй” гэж шоолж байгаатай  адил.  Гэхдээ бид одоо энэ шоунд нь дасал болжээ. Тулаад буу барьж эх орноо хамгаалах бол хэд нь нүхнээсээ гарч ирэх юм бол доо.

“Аав нь хүүгээ согтуу явахыг харлаа. Азгүй хүндээ би…” гэж Б.Лхагвасүрэн гуай зүрх зүстэл мөр татлан буулгасны адил “улс төрчдийг улсаа бодохгүй байхыг мөн ч их харлаа.  Арай л юм даа …” гэж захын хүн шүлэглэхээр болж байна. Төр түвшин оршихуй нь улс гүрний хөгжихүйн нэг үндэс болох тухай бид ярьж бичсээр байгаа ч дуулгах хүндээ үл хүрэх үглэл болжээ.

Шил архиар саналаа өгчихдөг байсан буруутай бид. Бэлэн мөнгөний амлалтаар уралддаг байсан улс төрчид одоо хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн замаа засдаг боллоо. Нөгөө талд нь хуулиудад өөрчлөлт орж төгөлдөржиж байгаа ч утгаараа амьдралд хэрэгжихгүй байх тул хуулиар засаглах зарчим  бүх шатанд алдагдаж эхэлжээ.

Одоо манай “Ардчилал” тэгээд юун дээр оршиж байна. Үндсэн хууль дээр суурилсан ардчиллын үнэт зүйл нь өдөр тутам алдагдаж байгааг зогсоочих улс төрийн хүчин үндсэндээ байхгүй боллоо. Төрийн эрхийг барих замаар улс орныг авч явах хөтөлбөр бодлого хэрэгжүүлэх ёстой намуудад  зүүний барууны энэ тэр гэсэн чиглэл ялгаа нь ч байхгүй болж байна. Намаар дамжуулан бизнесээ өргөжүүлэх бүлэг фракцуудын сонирхлоороо л ялгарах болжээ. Улс төр судлаачид эрдэмтэн мэргэд үүнд дүгнэлт хэлж намуудын нүд чихийг нээмээр болсон санагдана.

Яагаад ?

Хөрөнгө оруулалт татаад хөгжих ганц гарц дээр гацаа үүсгэснийхээ дараа улс төрчид  ээлжит “буруутны” эрэлд яаралтай гарцгаалаа.Мэдээж ард олон буруутан байж болохгүй тул бие биенийгээ өрсөлдөн чичилж “ энэнээс болсон” гэж итгүүлэх хэвлэлийн дайныг том санхүүжилтээр эхлүүлсэн харагдана. Эндээсээ олж авсан давуу байрлалаараа залгаад сонгуулийн сурталчилгааруугаа шууд шилжих угсраа мэхэндээ намууд дадамгай. Иргэддээ тайван оршилд бодох дүгнэх сэхээ өгөлгүй туйлдуулж эх орон нь аюулд орсон, эрдэс баялгийн гадныхан залгих гэж байгаа \аюул занал гэгчийг өдөр болгон чимээлсээр.   Энэ хорт үр дагаврыг таслах, доллар атгасан харийнхныг үргээж үлгэрийн мэт хөгжилд өөрсдөө хүрэхийн тулд төр барих хүсэлтээ байгаагаа ирэх хавраас ярих төлөвтэй.

С. Ганбаатар нарын хийж буй баялгийн өмөөрөл зөв юм. Тавантолгойг няхуур авч үзэж байгаа УИХ-ын ч зөв.Энийгээ зохих хүрээнд хийгээд хөгжлийн дараагийн хаалгыг нээх шийдлийг гаргахгүй байсаар ирэх сонгуулийг хараалаад байгаа нь харамсал төрүүлж байгаа юм. Ард олны “ юугаарч үл солих эх орон” гэсэн омогшилыг хийрхэл болгох нь улс төрчидөд хурууны үзүүрийн ажил болжээ.

Монголчууд мөнгөтэй том бизнесүүдийн баян гэж ад үзэхээ болиод удсан. Үндэсний баячууд олноор бий болж дэлхийн зах зээлд нэр хүндтэй болж цаашдаа энэ улсыг авч явна үйлдвэр фабрик босгоно. Ажлын байр бий болгоно гэж битүүхэн дэмжиж байгаа. Архины үйлдвэрийн төсөвт төлсөн татвар толгой цохиж байхад “бид архичин болжээ” гэж уруу харсан хүмүүс тийм олон байхгүй. Үндэсний үйлдвэр тэлж томорч байна. Улсын төсөвт их мөнгө оруулж байна гэж үнэлж харсан. Энэ зөв ойлголтыг иргэддээ төлөвшүүлэх үндэсний эв нэгдлийн ухамсрыг батжуулах бус сарниулж нам бүлэгт нь ашиггүй бол гадуурхан шахах гадаадын компанитай нийлсэн бол “урвагч” гэж зарлах хэмжээний тархи  угаалт үндсэндээ хоёр ч төр дамжин өргөжиж байгааг улс төрийнь намууд, ард нь суугаа гишүүд тодорхой зорилгоор өөрсдөө гардан хийж байгаа юм .

Төрийн эрх та нарын гэрт байгаа гэж хошгируулсаар бидний өмнөөс шийдвэр гаргах эрхээ ч намууд хэрэгжүүлэх чадамжгүй болж ирж байна. Өнгөрөгч долоо хоногоосс эхлэн МАН засгаас гарах чимээ өгч эхэллээ. АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж засагт ороогүй гэнэ. АН бас МАН-ын хөтөлбөрийг дагахгүй гэнэ. Тэр мөрийн хөтөлбөр гэдэг нь өөр хоорондоо ялгаатай ч эцсийн дүндээ энэ улсыг хөгжүүлэхээр боловсруулсан баримт бичиг биш юм уу гэж асуумаар. 1996-2000 он шиг засгийг нь дараалан унагааж чадахгүй ч засаглах чадваргүй гэдгийг нь харуулах сөрөг хүчний энэ том улс төрийн ард Монголын хөгжлийн хурдны заалт тэгээсээ дөнгөж өндийх төдий л  заах боллоо. Жоохон налууд хар энерцээрээ арай ядан өнхөрч байгаатай адил. Хөгжлийн нэгдмэл бодлого алдагдаж арай дээр замыг сонгох улс орны боломж улс төрийн намуудын эрх ашгийг давж гаралгүй алдагдсаар байна.

Монголын улс төрийн намууд гэсэн дүлий оргих цул хаданд нэг том тэсэлгээ хэрэгтэй болсон харагдана.

Үүнийг бид ирэх сонгуулиар хийж болох ч УИХ –аар хэлэлцэгдэхээр бэлэн болоод буй сонгуулийн пропорцианаль тогтолцооны ард нуугдсан жагсаалтын боломж одоогийн улс төрийн намуудын засаглах боломжийг эргээд бараг л 100 хувь хадгалсан үр дүн харуулах нь тодорхой болж ирж байна. Тэгэхээр ирэх сонгуулиар засаглалын чанарт өөрчлөлт орохыг үзэх найдвар үгүй. Ард иргэдийн төрдөө итгэх итгэлийг унагаах гэсэнгүй. Хоёр намд ужгирч буй мөнхөд засаглах хэнээрхэл хуулиар дархлагдсаар байгааг сэрэмжлүүлж байна.

Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох хуулийн төсөл нэрээр намаа төсвөөс санхүүжүүлэх төгөлдөршлийг хийхээр эрх баригчид үгссэн болтой байна

Төрд төлөөллөө шууд сонгох үндсэн хуулийн заалтыг бүрхэгдүүлсээр одоо хоёр муугийн аль нэгийг л сонгох сонголт дээр иргэдийг хөтөлж гаргах бүх бэлтгэл парламентийн түвшинд хийгдсэн байна гэж дүгнэж болохоор. Иргэдийн намуудад итгэх итгэл санал асуулгаар унасаар байгааг соргог мэдэрч байгаа тул баараггүй гарч ирэхээ хуулиар бат нягт хийх төсөл бэлэн болжээ.

Хариуцлага алдсан гишүүнээ бид эргээд татах боломжтой болох хууль хийсэн гэх бурам шиг сайхан үгийг Бурмаа сайд хэлж байна. Энэ заалтыг сонгогчид бид хэрэглэхээс илүүтэй улс төрчид бие биенээ дэгээдэх хэрэгсэл болгон гаргуун хэрэгжүүлэх биз.  Сайн улс төрчид бус сайн бодлого боловсруулах төр барьчихаж чадах ёс зүйтэй төлөөлөл бие даагаад гараад ирэх наац нэг боломж л үлдлээ. Үүнийг  тооцсон урилгагүй зочид улс төрд олширох төлөвтэй.  Намууд зэрэгцүүлээд захиалгаар бие даан нэр дэвшигчдийг төрүүлж саналыг хувааж байгаад өөрсдөө сугараад гарахаа ч хийчих л байх.

Бид биш намын дарга сонгоно.

Ирэх сонгуульд хэн ялах вэ гэдгийн өмнө хэн нэр дэвших нь одоо бидний харах зүйл боллоо. Нэр дэвшүүлэх энэ онцгой эрхийг  дотоод дүрмээрээ  намын дарга нь атгаж байна. Тэр лидер нь намаасаа хэн нь төрийн эрх дээд байгуулагын тогоонд хошуу холбож болохыг шийдэх. Энэ талаас нь харвал одоогоор АН-ын хувьд монголын төрийн дараагийн зураглалыг Н.Энхболд гэж улс төрч их хурлын даргын хүнд алхтай нь  хамт атгачихсан сууж байна. Энэ бол галаар тургих хүчтэй луу мэт болсонтой адил эрх мэдлийн төвлөрөл. Таалагдахгүй бол ганц үлээгээд тойргоос гаргачихна. Одоо ч Мига төсөл зэрэг асуудал дээр том галаар үлээж чадахаа үзүүлээд эхэлчихсэн байна.

Нөгөө намын М.Энхболд дарга нь арай зөөлөн нямбай үзэж магадгүй. Гэхдээ МАН олон ялагдлаасаа зарим алдаагаа ухаарсан ч энэ нь улс төрийн үйл ажиллагааны дүгнэлт төдийхнөөр хязгаарлагдаж улс орныг сэргэтэл хөгжүүлчих хэмжээний юм хийчэхээр салхи орох найдвар байхгүй хэвээр. Ирэх сонгуульд МАХН-тай нэгдэж хүчээ зузаатгаж ороод ялсан байлаа гэхэд МАНАНГИЙН талд байгаа МАН-ын одоогийн гишүүдийн чанарт нэг их өөрчлөлт орохгүй.

Одоо яах вэ ?

Төрийн түшээдийг шууд сонгох Үндсэн хуулийн үндсэн заалтыг хэрхэн аврах талаар ухаанаа уралдуулах  цаг ирсэн байна гэж хэлмээр байвч бараг хожимдсон байна. 1992 онд баталсан Үндсэн хуулинд оруулсан “Улсын Их Хурлын гишүүнийг иргэд шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” гэсэн заалт үнэндээ байхгүйтэй адил болсон.

Үе үеийн үндсэн хуулиудад хэлбэрэлтгүй суусаар ирсэн сонгогч төрд төлөөллөө нууц саналаар шууд сонгох Үндсэн хуулийн энэ заалт түрүүчийн парламентийн үед улс төрийн намуудын өмнө нэгэнтээ хүчгүйдсэн. Одоо үндсэндээ намын  даргын үзэмж, намдаа өгсөн хандив мөнгөний дараа  бидний сонголт  эрэмбэлэгдсэн байдалтай байна. Нэг мөсөн ардчилсан зарчмаасаа ухарч үндсэн хуулийн дээрх заалтын “шууд” гэсэн ганц үгийг шуудхан хусаж өгөөд нэг талдаа гаргах нь тодорхой байна. Одоогийн бэлэн болсон гэж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр “ шууд” гэсэн үг байхгүй болж байх шиг байна.УИХ-ын гишүүнийг сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэсэн өөрчлөлтийн хувилбар бэлэн болсон байна.

Ингэснээр  ядаж Үндсэн хууль нь сонгуулийн хуультайгаа зөрчилдөхгүй болчих юм даа гэж сэтгэлээ засах үлдлээ. Үндсэн хуулиас шууд гэсэн үгийг авч хаях бүх бэлтгэл хангагдаж намуудын ард шивээлэх улс төрчид  эрх ашгаараа энэ төсөл дээр нэгдсэн байна. Манантсан хоёр нам мөнх биш гэхэд мөддөө буухааргүй засаглахын тулд улам бүр нэгдэж байгааг үүгээр сэрэмжлүүлье. Бид одоо юу хийж чадах вэ гэсэн асуултыг та бүхний мэргэн оюунд үлдээе.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/


URL:

Сэтгэгдэл бичих