Хатан Туулын мөхөл айсуй
Улсын минь нийслэл Улаанбаатарыг ундаалан тэтгэгч Туул гол минуу. Ухаант өвөг дээдэс минь тандаа туулж барагдашгүй их усыг ерөөхдөө Туул гэдэг нэрийг хайрлав уу. Харин урсах усны тань усгал дүрийг бахдахдаа хатан гэж өргөмжилжээ. Хатан Туул таны харамгүй хайр хишгийн үрээр Улаанбаатарчууд бид ундаасахын зовлонг амсаагүй билээ.
Алдрай бяцхан байхаасаа эхийн сүүг амлахтай зэрэгцэн Туул голынхоо усаар угаалгаж бас ундаалсан юм. Гэвч ачийг бачаар гэгч яасан хатуу үнэн бэ. Энэ их ачийггагцхүү бачаар хариулах болсон Улаанбаатар хотын ухамсаргүй иргэдийг яалтай.
Цагийн сайханд бургасан шугуй гэгдэж байсан, усны нь ундарга болсон бургас модод хайр найргүй хядлагад өртөж түлшинд явахын зэрэгцээ тэр хавьд байшин барилга барьж, барилгын суурь тавих гэсэн хүмүүсийн санаатай үйлдлээр шатан үгүй болдог байна.
Угтаа усны хуулинд зааснаар Туул голын эргээс 200 метрийн зайд орших хэсгийг энгийн хамгаалалтын бүс, 50 метрээс дотогш хэсгийг онцгой хамгаалалтай бүс гэж тогтоосон байдаг. 200 метр болон 50 метрийн зайд ямар нэгэн барилга барих ёсгүй билээ. Гэтэл голын эрэг хавиар элдвийн байшингууд энэ тэндгүй ээлжлэн сүндэрлэж буйг та бид бэлхнээ мэднэ. Туулын эрэгт шахам барьсан тэдгээр барилгууд гол ус хатаж ширгэх үйл явцад ихээхэн нөлөөлж байгаа. Үүний цаана хэний эрх ашиг явагдаж, хэний ёс үйлчилж буйг бүү мэд. Уваагүй энэ үйлдлүүдэд улсын засаг захиргаа ултай арга хэмжээ авах нь байтугай ус балгацгаасан мэт загнах нь даанч дэндүү. Тэдний үнэн дуу хоолой, бодит өмгөөлөл хамгаалал тэнд байсан сан бол Туул гол минь өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан гэдэгтээ хэн ч маргахгүй биз ээ.
Хамгийн гол нь энэ мэт гол ус, байгаль дэлхийгээ гэх энэрэх сэтгэл үгүй үйлийн цаадах ноцтой үр дагавар бол арвин баялаг устай ариун их гол минь аймшигтай бохир болж, хамаг загас нь хатаж үхэн, өөрөө амь тавьж буй явдал юм. Хэтрүүлсэн хэрэг биз гэж хэн хүнгүй хачирхах магад. Харин Туул голыг бохирдуулагч олон шалтгаан дундаас онцолж заримыгдурдахад ийм байна.
Туулыг бараадсан хэт төвлөрөл
704 км урттай 49616 ам.км ус хурах талбайтай Туул гол нь Хэнтийн нурууны Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуураас эх авч, нийслэл Улаанбаатар хотын урдуур урсаж өнгөрөн Орхон голд цутгадаг. Хамрах хүрээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 3.2 хувийг л эзлэх боловч улсын хүн амын тэн хагас нь энэ сав газарт амьдарч, уснаас нь ундаалж байна.
Гэхдэээнэ бол тиймгайхаад байх зүйл биш юм. Дэлхийн бараг бүх хот аль нэг голын эрэг даган үүссэн байдаг. Харин тэдгээр хотын ард иргэд ахуй амьдрал болоод ирээдүйн үндэс болсон уг голоосоо үргэлж ундаалж, үеийн үедээ өвлүүлж байхын тулдгол усаа бохирдохоос ямагт сэргийлж, хайрлаж хамаалахын зэрэгцээ усны нөөцийг нь хадгалж байхын тулд далан барьж, голыг сэлбэх хиймэл усан санг хүртэл барьж байгуулдаг байна.
Харин манай улсын хувьд үүний яг эсрэгээр ажиллаж байгаа гэхэд хилсдэхгүй. Туул голыг бараадсанхүн амын төвлөрөл тэлэхийн хэрээрхүнээс үзүүлж буй дарамт шахалт өдрөөс өдөрт нэмэгдэж, гол усаа үндсээр нь бохирдуулж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Ялангуяа Туул гол нийслэл хот орчмоос эхлэн урсгалынхаа дагуу хүний үйл ажиллагаа болон технологийн нөлөөлөлд өртөж, найрлага шинж чанар нь өөрчлөгдөх болсон юм.
Үүнийг батлах мэт нэг хот болоод 5 аймгийн 37 сумыг дамжин урсах Туул голыг 2014 онд ДЭМБ-аас дэлхийн хамгийн их бохирдолтой голуудын тавдугаарт бүртгэсэн юм. Мөн зүүн хойд Азийн орнуудын гол, мөрөнд хийсэн шинжилгээгээр бохирдлын түвшингээр нэгдүгээрт Хятадын Шар мөрөн орсон байдаг бол хоёрдугаарт Туул гол оржээ.
Энэ бол гуравхан сая хүн амтай хэр нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн 230 орноос 18-т жагсдаг манай улсын хувьд байж болшгүй асуудал мэт. Тэгвэл уг байж болшгүй уг асуудал яагаад байгаа болохыг, байх байхдаа бодитоор оршин буйг уншигч авхай танд хүргэе.
Ачааллаа дийлэхээ больсон ТЦБ
Туул голын усны чанар нийслэл хот орчмоос эхлэн найрлага, шинж чанар нь өөрчлөгдөн бохирдож байдгийг дээр өгүүлсэн билээ. Тэгвэл үүний гол шалтгаан нь хотын хэрэглээнээс гарсан бохир усыг хүлээн авч цэвэршүүлэн байгальд нийлүүлэх үүрэгтэй ТЦБ-аас гарч буй хаягдал ус юм. Туул голын бохирдлын гол эх үүсвэр болсон уг бохир ус нь жилийн турш Туул голд цутгадаг тул голын энэ хэсгийн бохирдол нь экологи төдийгүй хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрчээ.
Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын ТЦБ-аас гарсан бохир ус Туул голд цутгаснаас дооших хэсгийн усны үзүүлэлт маш бохирдолтой байгааг тогтоожээ. Түүгээр зогсохгүй ТЦБ-ийн бохир ус нийлсэн хэсгээс Төв аймгийн Алтанбулагийн гүүр хүртэлх голын ус нь унд ахуйн хэрэглээ болон малын усалгаанд тохирохгүй гэсэн үзүүлэлттэй гарсан юм.Уг цутгаж байгаа хэсэгт очсон хэн ч гэсэн итгэхийн аргагүйгээр ялгарах өмхий үнэрт нь байж суухын эцэсгүй болдог байна. Угтаа ТЦБ стандарт нийцсэн ус Туул голд цутгах ёстой ч ийнхүү цэвэрлэсэн нэрээр гол руу хаяж байгаа нь цаанаа бас учиртай ажээ.
Учир нь хотын хүн амын өсөлтийг даган хаягдал усны хэмжээ эрс нэмэгдсэнээр цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больж, хүчин чадал нь нэгэнт хүрэлцэхгүй болсон байна. Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд байгуулахдаа нийслэл хотыг 600 мянган хvн амтай байхаар тооцоолон 45 мянган шоо метр бохир ус цэвэршvvлэх хvчин чадалтайгаар байгуулж байжээ.Тийнхүү нийслэл хотын хөгжилтэй уялдуулан 1979, 1986 онд өргөтгөл хийснээс гадна Испанийн засгийн газрын 14 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн тусламжаар 2003-2004, 2007-2009 онуудад тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн байдаг ч энэ нь техникийн шинэчлэл төдий тул технологийн хувьд ямар ч өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл хэдэн ширхэг төхөөрөмж сольсноос хэтрээгүй гэсэн үг юм.
Тиймээс ТЦБ-ын тоног төхөөрөмж хэт хуучирсан, ачаалал их гэдэг шалтгаанаар өнөөдрийн байдлаар өдөрт 155-165 мянган м/куб бохир усыг дутуу цэвэрлэн Туул голд цутгасаар байгаа юм. Түүнээс гадна цахилгаан тасрах үед бохир усыг цэвэрлэлгүйгээр голд шууд хаядаг гэхээр тус байгууламжийн үйл ажиллагаа хэчнээн учир дутагдалтай болох нь харагдаж байна.
Ашгийн төлөө улайрахарьс ширний үйлдвэрүүд
Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс гарч буй бохир усыг дутуу цэвэрлэж нийслэлийн бохирын шугаманд өгөх юмуу эсвэл огт цэвэрлэхгүйгээр Туул голд нийлүүлж байгаа нь голын ус бохирдох бас нэгэн шалтгаан болдог.
Сав газрын ихэнх үйлдвэрүүд Улаанбаатар хотод байрлах бөгөөд тэдгээрийн бохир ус нь ахуйн бохир уснаас эрс ялгаатай, органик бохирдуулагч ихтэй хорт нэгдлүүдийг агуулдаг юм. Ялангуяа арьс ширний үйлдвэрүүд усны чанарт шууд аюул учруулах бохирдлыг үүсгэдэг байна.
Улаанбаатар хотод 2008 оны байдлаар арьс ширний 46 үйлдвэр бүртгэгджээ. Үүнээс байнгын ажиллагаатай нь 26, үлдсэн нь зөвхөн өвлийн улиралд ажилладаг байна. Ноос ноолуур, арьс шир боловсруулах тэдгээр үйлдвэрүүд Туул голын татам буюу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт төвлөрөх бөгөөд үйлдвэрүүдийн зарим нь бохир ус цэвэрлэх байгууламжтай ч үйл ажиллагаа нь хэвийн бус гэнэ.
Усны тухай хуулийн 24-р зүйлийн 1.1 дэх заалтад ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь “Ус ашиглалтын явцад ялгарах бохир усаа стандартын түвшинд хүртэл цэвэршүүлэх барилга байгууламжтай байх”, 24-р зүйлийн 1.2 дахь заалтад хаягдал усыг дахин ашиглах, хэмнэлттэй зарцуулах технологитой байх шаардлагатай гэжээ. Үүнээс үзэхэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс ширний бүх үйлдвэр бохир усаа ТЦБ-д нийлүүлэхийн өмнө урьдчилан цэвэрлэх ёстой юм. Гэвч тэдгээрийн ихэнх нь цэвэрлэх байгууламжгүйгээр зогсохгүй зарим нэг нь бохирын төв шугамд ч холбогдоогүй гэхээр үнэхээр юу ч гэхэв.
Ийнхүү 40 гаруй үйлдвэр химийн хортой усаа ТЦБ-руу шууд цутгадгаас болж ахуйн бохир цэвэрлэх зориулалттай тус байгууламжийн бичил биетүүд устан, улмаар усаа хангалттай түвшинд цэвэрлэж чаддаггүй байна. Түүнээс гадна арьс ширний үйлдвэрийн үс ноос болсон хог хаягдал эдгээр тоног төхөөрөмжийг эвдэж сүйтгэдгээс сар тутам 60 сая төгрөгний зардал гардаг аж.Тиймээс энэ зөвхөн Туул голыг бохирдуулсан асуудал биш, улс орны эдийн засагт хүртэл хохирол учруулж буй хэрэг юм. Асуудал ийм байтал хотын засаг захиргаа өнөөдрийг хүртэл таг чиг байсан нь үнэхээр сонирхол татах аж.
Манай улс нэмүү өртөг шингээж, ашиг олохын тулд арьс ширээ боловсруулан БНХАУ-руу гаргадаг болсон. Гэтэл энэ шийдвэрийн хариуд бид үе удмаараа ундаалж ирсэн гол усаа золиослоход хүрчээ. Монгол улс өнөөдөр Хятадын түүхий эдийн бааз болсон төдийгүй арьс ширний үйлдвэрийн эзэд голдуу хятадууд байдгаас гол усанд маань ийнхүү хүний сэтгэлээр ханддаг байна.
Асуудлын гарц
Тэгэхээр энэ мэт хариуцлагагүй байдал цаашид үргэлжилсээр байх уу, асуудлыг шийдвэрлэж байгаа юу гэдэг нь үнэхээр орхигдуулж болшгүй зүйл билээ. Энэ асуудлаар үйлдвэрийн ус болон ахуйн усыг тус тусад нь цэвэрлэдэг болъё, үйлдвэрүүдийг хотоос гаргая гэж яриад удаж байна. Мөн хотын захиргаа шинэ цэвэрлэх байгууламж барина хэмээн төлөвлөгөөндөө тусгаж байгаа. Гэвч энэ нь ялгаагүй биологийн цэвэрлэгээ хийх байгууламж тул шинэ цэвэрлэх барингуут байдал өөр болно гэж бодож болохгүй.Гагцхүү ирж байгаа бохирдлын хэмжээгээ стандартад нийцүүлсэн цагт уг асуудлыг шийдвэрлэнэ чадна гэдгийг хэлэх нь зүйтэй.
Цэвэрлэх байгууламжийн хүлээн авах бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээ гэж MNS 4943-д заасан байдаг. Жишээлбэл, уг заалтад тусгасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс деликат 1-4, умбуур 3, амек 3-7 дахин их бохирдолтойгоор ирдэг байна. Энэ бол арьс ширний үйлдвэрүүд ажиллаж байх үеийн үзүүлэлт юм. Харин тэдгээр үйлдвэрүүд 5 сараас үйл ажиллагаагаа зогсоохоор стандарт нь хэвийн хэмжээнд очиж, ажиллаад эхлэхээр эргээд нэмэгддэг ажээ.
Үүнээс ТЦБ-ын бүтээмж арьс шир боловсруулах эдгээр үйлдвэрүүдээс шууд хамааралтай болох нь харагдаж байна. Тэгэхээр асуудлыг шийдэх гол гарц бол арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах эсвэл тэдгээр үйлдвэрүүд хувьдаа урьдчилан цэвэрлэх байгууламжтай болж, түүнийгээ технологийн дагуу явуулдаг болох юм. Гэхдээ үүнээс нэг асуулт ургаж гарч ирнэ. Асуудлын гарц ийм энгийн байхад үйлдвэрүүд яагаад одоог хүртэл УЦБ-тай болчхож болоогүй юм бэ? Асуултын хариу их энгийн.
УСУГ нь биологийн цэвэрлэгээ явуулдаг ТЦБ-д стандартаас хэтэрсэн химийн бохирдолтой ус нийлүүлдэг тэдгээр байгууллагуудад хуулийн дагуу албан шаардлага хүргүүлж “Стандартад нийцсэн ус өг” хэмээн шаарддаг байна. Харинуг шаардлагийг биелүүлээгүй тохиолдолд усны мөнгөн торгууль төлдөг ажээ. Тэр нь айхтар их мөнгө биш тул асар их зардал гаргаж цэвэрлэгээ хийж байхаар бохироо ТЦБ-аар цэвэрлүүлээд багахан хэмжээний торгууль төлөөд явах нь үйлдвэрүүдэд харин ч ашигтай тусдаг гэнэ. Хэрэв энэ торгуулийн мөнгийг 10,20 дахин нугалаад өгвөл тэд эдийн засгийн хувьд алдагдал орж, улмаар хаягдлаа цэвэрлэхгүй бол болохгүй юм байна гэдгийг хүссэн хүсээгүй ухаарна.Харин манай улсад энэ хөшүүрэг нь байхгүй болохоор тэд байгалийн зөөлөн усыг хямд үнээр ашиглаад зүгээр сууя гэж бодохоос, ашигласан усаа дахин дахин боловсруулж өндөр зардал гаргая гэж бодохгүй нь ойлгомжтой.
Тиймээс усыг эргүүлэн ашигладаг технологийг нэвтрүүлэхийн тулд усны үнийн босгыг нэмэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.Харамсалтайн усны үнийг нэмье гэхээр иргэд “Ард түмний амьдрал хэцүү энэ тэр байна” гэж хэл ам гаргах нь ихэсдэг.Мөн засгийн газраас усны үнийг хуульчлаад тогтоогоод өгчихдөг болохоор тэдэнд уг үнийг хөдөлгөх эрх нь ч байдаггүй байна.
Аливаа асуудлыг хариуцдаг байгуулага нь шийдвэрлэх эрхгүй, ганцхан төр засгийн шийдвэрийг харж хүлээдэг уг байдал өнөөдөр улс орны хөгжлөөс хойш татаж буйн нотолгоо энэ биз ээ. Монголд нэг ч гэсэн үйлдвэр хөл дээрээ босч, улс орны эдийн засагт сайнаар нөлөөлөх нь юу нь буруу байх билээ. Гэвч энэ нь эргээд амьтай бүхний оршихуйн үндэс болсон байгаль дэлхийнхээ эсрэг чиглэж байвал түүнээс муу, буруу, мунхаг зүйл гэж үгүй.Гагцхүү хэрхэн дүгнэж цэгнэх эрхийг уншигч авхай таны гэгээн оюунд үлдээе.
Аврал эрэн, амь гуйх ай хөөрхий Хатан Туул минь
Эцэст нь өгүүлэхэд Туул гол ийнхүү бохирдож байгаа нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой байна. Ялангуяа Улаанбаатар хот орчмоос эхлэн хүний үйл ажиллагаанд өртөн, химийн бохирдолтонд орж байгаа нь дээр өгүүлснээс тодорхой болсон биз ээ. Энэ нь нэг талаас хүн ам, үйлдвэр, аж ахуйн газруудын усны хэрэглээ өссөнөөр хаягдал усны хэмжээ нэмэгдэж, ТЦБ-ийн хүчин чадал хүрэлцэхгүй болсон, тоног төхөөрөмж, техник технологи нь хуучирсан зэрэгтэй маргашгүй холбоотой.
Гэвч нөгөө талаас хүн зоны байгаль дэлхийгээ гэсэн сэтгэл алдарч, өнөөдрийн ашгийг гэхээс ирээдүйгээ харах алсын бодолгүй, харалган сэтгэлтэй хүмүүсийн үйлдлээс болж байгаа гэдгийг ч дурдах хэрэгтэй. Өнөөдөр Туулын эхийг нь хүртэл өрсөн эзэгнэх гэсэн хүмүүсийн довтолгоо голын эко системийг тэр аяар нь сүйрүүлэх дөхөж байна.
Нийслэлчүүд та бидний хэзээ ч дуусахгүй мэт хэрэглэж байсан энэ гол нэг л өдөр эцсийн хүчээ шавхан байж бидэнд сүүлчийн дуслаа хайрлаад амь тавих аюулт мөч ойртсоор л… Харин тэр цаг ирэхэд та бид араас нь хичнээн хашгирч халаглаад тусыг олох болов уу даа. Гэвч одоо бол бид оройтоогүй. Асар бэрхийг туулан байж амь голтой урсан биднийгээ ундаалах агуу тэвчээрт ариун гол тайшавралын гараа сунгаж, “3а” гэж хэлцгээе. Түүнийг хайрлаж эс чадваас өөр юуг хайрлах сан билээ.
Ийнхүү Туул гол хүмүүсийн буруутай үйлдлээс болж жилээс жилд бохирдон, сараас сард татарч буй энэ цагт уг асуудалд холбогдох байгууллага төдийгүй иргэн бүр анхаарлаа хандуулж, гол усаа хайрлан хамгаалж, усыг нь бохирдуулж, нөөцийг нь хомсдуулахаас ямагт сэргийлж, улмаар гол усны эсрэг чиглэсэн аливаа үйлдэл бүрт тавих хяналтыг чангатгаж, мөн байгаль орчинд нэгэнт учруулаад буй хор хохирлыг нь үйлдэгч этгээдүүдээр арилгуулах тал дээр ажиллах цаг хэдийн болжээ.
С.Нарангарав
new.mn
URL: