Чөдөрлүүлсэн чөлөөт бүсийн гунигтай түүх дуусах цаг айсуй
Өмнөд хөршийн эх газрын анхны чөлөөт худалдааны бүс бол Шанхайн чөлөөт худалдааны бүс. Нээлтээ хийгээд нэг жил найман сар болсон уг бүсийг БНХАУ-ын саарч буй эдийн засгийн хурдыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулж, шинэлэг бөгөөд зоригтой туршилтыг эхлүүлсэн. Тэдний тооцоо ч буруу байсангүй, хүлээсэн үр дүн эхнээсээ гарч эхэлсэн байна. 2014 он гарснаас хойш идэвхтэй хөрөнгө оруулах сонирхол бүхий гаднын аж ахуйн нэгжийн бүртгэл сар бүр 200 орчмоор нэмэгдэж, эхний нэг жилийн хугацаанд банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг 87 аж ахуйн нэгж уг бүсэд нэгдэн оров.
Ингэснээр өнөөдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо хэдийнэ 3000- д хүрчээ Шанхайн чөлөөт худалдааны бүсэд 300 орчим төсөл хэрэгжиж, нэг жилийн хугацаанд гадаадын худалдаачдын хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн тоо 10 дахин нэмэгдсэн байна.
Бүх зүйл төрийн хатуу хяналт дор орших коммунист нийгэмтэй өмнөд хөршид гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байдал бүрдүүлэх үүднээс Шанхайн чөлөөт бүсийг “вант улс” болгон, тодорхой хоригуудыг сулласан нь энэ үр дүнг авчирсан гэж болно. Тухайлбал, хатуу бодлогоор ханшийг нь барьж байсан юанийг Шанхайн чөлөөт бүсэд бусад валюттай чөлөөтэй хөрвөхөөр болгосон, твиттер, фейсбүүк зэрэг нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжийг нээж, энэ бүс дэх интернетийн хоригийг цуцалсан, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хувьцаа худалдан авах эрх олгосон гээд БНХАУ- д хориотой олон заалтыг энд чөлөөлжээ.
Үр дүн тэдний тооцоолсноос илүү байсан тул уг төслийг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэж, өнгөрсөн гуравдугаар сард Хятадын Гүандүн, Фүжянь, Тяньжиний худалдааны чөлөөт бүсийн төсөл батлав. Шанхайн худалдааны чөлөөт бүсийн сүлжээ болох эдгээр чөлөөт бүс нь гадаадад нээлттэй, илүү өргөн хүрээнд шинэчлэл хийж, тогтвортой хөгжүүлэх бодлого барьж байгаа аж. Энэ бол ердөө хоёр хүрэхгүй жилийн хугацаанд гарч буй үр дүн. Тэд чөлөөт бүсээ байгуулахаасаа өмнө хууль эрх зүйн орчин хийгээд дэд бүтцээ урьдчилан тооцоолж чадсан хэрэг.
Гадаадын хөнгөлөлттэй зээлээс 31.3 сая ам.доллар зарцуулсан
Тэгвэл Монголд чөлөөт бүсийн хөгжил ямар түвшинд байна вэ?. Хүнд хэлэхэд ичмээр дамшиг гэгчээр хөгжил гэж хэлэхэд ч ахадмаар тийм бүтэц манайд бий. Бид чөлөөт бүсийн талаар яриад яг 20 жилийн нүүр үзжээ. Анх 1995 онд Чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлал батлагдаж, 2002 онд Чөлөөт бүсийн тухай хуультай болсон. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг мөн онд баталж, олон жил ярьсны эцэст өнгөрсөн онд нээлтийг нь хийсэн байх жишээтэй. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн болон “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль 2003 онд батлагдсан ч одоо болтол нэр томьёонд нь нийцсэн бүтээн байгуулалт хийгдээгүй хэвээр.
Дэд бүтцийн тухайд яриад ч хэрэггүй. Замын-Үүдийн чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг одоо л хийж дуусаж байна. Ирэх оны зун тохижилт, туршилтын ажлаа хийж, Улсын коммист хүлээлгэж өгөхөөр төлөвлөж буй талаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Д.Батсайхан ярьсан. Хамгийн амжилттай яваа нь “Алтанбулаг”. Ялангуяа энэ онд ОХУ болон манай иргэд харилцан визгүй зорчих эрх үүссэнээр энэ бүс хөдөлгөөнд ороод буй.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидний хийж чадсан зүйл гэвэл чөлөөт бүсүүдээ байгуулах гэж Чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тоог Засгийн газраас баталж, үйл ажиллагааг нь явуулахад улсын төсвөөс 6.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Зураг төсөв, дэд бүтэц, барилга байгууламжийн ажилд улсын төсвөөс 31.7 тэрбум, гадаадын хөнгөлөлттэй зээлээс 31.3 сая ам.доллар тус тус зарцуулсан гэсэн тооцоо мөн бий. Чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт хийхээр гадаад, дотоодын 86 аж ахуйн нэгж бүртгүүлснээс ердөө гурван аж ахуйн нэгж бодит хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа эхлүүлсэн гээд бодохоор 20 жилд хийсэн энэ ажил үнэхээр чамлалттай. Хоёр хүрэхгүй жилийн дотор өмнөд хөршид томоохон чөлөөт бүс бий болж байхад 20 жил яриад ч хөгжүүлж чадаагүй бидний гол алдаа нь эрх зүйн төгс бус орчин байсан гэдгийг сүүлийн хоёр жилд сая нэг ухаарав.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр өнгөрсөн оны зургадугаар сард өргөн барьсныг хагас жилийн дараа УИХ баталснаар бид Чөлөөт бүсийн тухай шинэ хууль эрх зүйн орчинтой болов. Манайд байгаа гурван чөлөөт бүсийн хоёр нь худалдааных, нэг нь эдийн засгийнх. Өмнөх хуульд зааснаар бол худалдааны чөлөөт бүсэд зөвхөн худалдан борлуулах, бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайжруулахаас өөр үйл ажиллагаа явуулах боломжгүй байв. Харин шинэ хууль батлагдсанаар чөлөөт бүсийг хэлбэрийн хувьд нээлттэй байхаар зохицуулжээ. “Чөлөөт бүсэд эрхлэх үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээ, олон улсын банк санхүү, төлбөрт таавар, бооцоот тоглоом зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болно. Чөлөөт бүсэд үйлчлэх тусгай дэглэмийг маш сайн хуульчилж өгсөн.
Чөлөөт бүсэд үйлчлэх Гаалийн тусгай дэглэмээр чөлөөт бүсэд бараа ороход дагалдах баримтыг үндэслэн зөвхөн бүртгэл хийлгэж орно. Чөлөөт бүсээс хилийн чанадад бараа гаргахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ. Мөн хилийн боомтын чөлөөт бүсэд хил залгаа орны иргэн 30 хоногийн хугацаатай визгүй нэвтрэх зохицуулалт орсон. Мөн чөлөөт бүсэд ажиллах гадаад ажилчдын тоонд ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй төдийгүй гадаадын иргэнийг ажлын байраар хангаж буй аж ахуйн нэгж ажлын байрны төлбөр төлөхгүй” хэмээн шинэ хуулийн талаар Аж үйлдвэрийн яамны Чөлөөт бүсийн хөгжил, аж үйлдвэрийн паркийн хэлтсийн дарга Б.Чимэгсанаа онцолсон.
Гэвч хууль хэрэгжээд үр дүнгээ өгтөл багагүй хугацаа шаардлагатай. Ялангуяа, гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээчихсэн, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед бид чөлөөт бүсийг утгаар нь хөгжүүлэх тийм ч амар биш. Хамгийн түрүүнд шийдэх зүйл бол дэд бүтэц. Гэвч дэд бүтцийг зам тавьж, цахилгаан татахаар хязгаарлах аргагүй. Өмнөд хөршийн шилдэг жишигт тулгуурлан хөрөнгө оруулагчдыг татах урьдач нөхцөлийг бүрдүүлж гэмээнэ бид энэ бодлогоо хэрэгжүүлэх үүд хаалга нээгдэнэ. Гэхдээ чамлалтгүй, эрх зүйн орчноо шинэчилж чадсан нь бидний хувьд том амжилт гэж хэлж болно. Энэ бүхэн 20 жилийн турш чөдөрлүүлсэн чөлөөт бүсийн гунигтай түүхийг дуусгах боломж олгоно гэж найдъя.
Р.Оюунцэцэг
URL: