Ч.Сайханбилэгийг сандлаас нь буулгаж, М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэнэ
Тавантолгойн нүүрсний ордыг ухах төсөл УИХ-ын дарга З.Энхболдоос болж зогсов. Ер нь жаахан мордохын хазгай гэдэг шиг юм эхнээсээ цухалзаж байсан л даа. Наад зах нь энэ гэрээний төслийг хийсэн сайд М.Энхсайхан энд ард түмнээсээ нуух юм байгаа талаар ярьж гайхшруулав. Гэвч энэ нь гайхшруулах зүйлийн зөвхөн эхнийх нь байлаа.
Тэрбээр жинхэнэ, хуурамч гэж хоёр гэрээ байгаа тухай өгүүлж, юм мэддэг байтугай, юу ч мэддэгүй шахам нэгнийхээ амыг ёстой нэг ангайлгаж орхих нь тэр. Ингэхэд жинхэнэ, хуурамч гэрээ нь чухам яг хэн, хэнд зориулагдсан тухай ямар нэгэн тайлбар хэлсэнгүй. Ард түмнээ хулхидах гэрээ байв уу, эсвэл хятадуудыг уу гэдэг нь тодорхойгүй үлдэв.
Ерөнхийдөө MCS-ийн Ж.Оджаргалаар дамжсан АН, МАН-ын бүлэглэл буюу Ц.Мөнх-Оргил, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэх маш олон хүнтэй бүлэглэлийн энэ гэрээг батлуулах “Цахилгаан дайны” төлөвлөгөө нуран уналаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн намынхандаа бөөн уур. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч бухимдаад сүйд. Ерөнхийдөө Оюутолгойн араас орох байсан Тавантолгойн энэхүү гэрээний нарийн ширийнийг манайхан маш сайн мэдэх болсон учир эдүгээ энэ тухай дурдах нь илүүц зүйл. Харин одоо хэрэг явдал хэрхэн цаашаа өрнөх вэ гэдэг л хэн хүнд тун сонин байна.
• Монголын синдикатууд
Дэлхийн түүхэнд далай шиг хөрөнгө мөнгөтэй Ротшильд, Рокфеллерүүд эдийн засаг, улстөрийн хязгааргүй эрх мэдлийг зуун, зуунаар хуваан атгаж ирсэн байдаг. XIX зуунд Ротшильд, XX зуунд Рокфеллерийнхэн атгаж байв. Одоо Бушийнхан уу, эсвэл Расселийнхэн үү? Бүү мэд. Ямар ч байсан эдгээр синдикатуудын мөнхийн хүсэл нь мөнгөний хүчээр улс орноо удирдагчидтай нь атгаж, яваандаа дэлхийн Засгийн газрыг байгуулах явдал. Хуруу гар нь ч урт. Хойд хөршийн М.Ходорковскийг В.Путины эсрэг босгож, нөгөөх нь Төрийн Думдаа л гэхэд өөрийн гэсэн 200 гишүүнтэй болоод байв. Гэвч Путин дийлсэн. Түүнийг нэг тэрбум долларын татварын хэргээр 10 жил шоронд хатаав. Ингэж тэр Ротшильдийнхэнд “бэлэг” барьжээ.
Монголд MSC-ийг тойрсон синдикатархуу юм бий болсныг дээр доргүй ярьдаг. Гэхдээ чанга биш. Шивнэж. Яагаад гэхээр өдгөө чинь мөнгө “сонсч бас ярьдаг” нийгэмд амьдарч байгаа болохоор тэр. Мөнгөнд дургүй хэн байна? Мөнгө хэрэггүй хэн байна? Мөн энэ синдикатархуу юмны толгойлогчид нь хууль зүйн сайд байгаад нөгөө алдарт долдугаар сарын үймээнээс хойш яагаад ч юм таг чиг болсон МАН-ын Ц.Мөнх-Оргил, “Петровис”-ийн Оюунгэрэл, АН-ын С.Баярцогт, MCS-ийн Ж.Оджаргал нар гэлцэх болж. Ч.Сайханбилэг нарын хүмүүс нь энд шатраар бол муугүй хүчтэй “боднууд”. Харин М.Энхсайхан бол зүгээр л нэг муу шатрын хүү. Нохойд барьсан мод. Могойноос хамгаалах саваа.
Тэд энэ “саваагаар” ямар ч байсан Тавантолгойн ордыг MCS дангаараа эзэмших, гурван сая иргэнийхээ 1072 ширхэг хувьцааг зүгээр л нулимаад хаях гэрээг хийлгэж дөнгөжээ. Ухаантай, учир мэддэг хүмүүсийг сонсвол MCS хятадуудад зээлтэй, байдал эвгүйтвэл ирээдүйд зээл нь өр болж хувирах магадлалтай, тэгсэн тохиолдолд Монголын энэ уурхай шууд хятад компанийн мэдэлд бүрэн шилжих аюултайг тун нухацтай өгүүлэх болж. Хамгийн гол нь ийм үгийг ямар нэг улстөрийн амбицгүй, эд хөрөнгийн гэх шуналгүй, эрдэм номын мөр хөөдөг, хашир, туршлагатай нөхдүүд яриад байгаа юм.
Тэгэхээр синдикатууд наанаа маш их буян үйлдэж байгаа дүр үзүүлэвч, цаанаа зөвхөн өөрийнхөө хөрөнгө мөнгийг арвижуулахын төлөө хамаг бүхнээ зориулсан байдаг. Улс гүрний хооронд дайн дэгдээх зэрэг тэдний хувьд юу ч биш. Нэг үндэстэн газрын хөрснөс арчигдлаа гэхэд эндээс хэр ашиг олов гэдгээ бодоод л инээгээд сууж байдаг хүмүүс. Манай бурхан дүртэй, янз бүрийн нэр алдартай хүмүүс түүнтэй адилхан. Ашгийн төлөө, мөнгөний төлөө л зүтгэнэ. Ийм хүмүүст эх орон, газар нутаг, ард түмэн гэх ойлголт зөвхөн нүүрний баг төдий хэрэглэгддэг. Зүрхэнд нь байдаггүй. Зүрхэнд нь зөвхөн мөнгө харагддаг. Мөнгөний төлөө зүрх сэтгэлтэй хүмүүс улс орноо хөгжүүлдэггүй нь мөн л нэг ёсны хууль болсон зүйл.
• М.Энхсайханы эцсийн арга
Түүнийг “Ганцаардсан чоно” гэх нь бий. Нэгэн кинон дээр “Чоно оо, чоно…” гэдэг шиг угийн чоно санаатай гэлцдэг юм. Гэхдээ түүнд анхандаа өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил байсан юм шүү. Ардчиллыг жинхэнэ сонгодог агуулгаар нь харж асан үе бий. Гэвч ардчиллынхаа ололтыг хувьдаа ашиглах гэсэн намынхаа толгойлогчидтой санал нийлдэггүйгээс ганцаардсан чоно шиг болсон нөхөр гэвэл зохилтой. Яагаад гэхээр С.Зоригийн ёс бус цаг зуурын үхэл түүнд олон зүйл ойлгуулсан байж магадгүй. Одоо түүний итгэл үнэмшил бүрэн өөрчлөгдсөн. Дуусч байгаа улстөрийн карьер, өдөр ирэх тутам эвхэгдэх нас, шинээр эхэлсэн амьдрал, мөнгө төгрөг гээд нөлөөлөх юм бий. Ерөнхийдөө амьдрал юм даа. Тиймээс хуучин бүхнээ хаяаад үлдсэн амьдралаа цоо шинээр харах болж, ямар сайндаа л мөнхийн дайсан Н.Энхбаяртайгаа очоод тэврэлдэж байхав дээ.
Түүний ийнхүү сэтгэл шуударсныг С.Баярцогт маш сайн анзаарсан байна. Тавантолгойн гэрээг байгуулахад яг ийм хүн хэрэгтэй байлаа. Тиймээс М.Энхсайхныг “цэрэггүй” сайдаар авав. Үүрэг нь ганцхан. Тавантолгойн гэрээгний төслийг тэдний санаснаар хийх. Байгуулах. Батлуулах.
Ингэхэд “Ганцаардсан чоно” өдгөө хөгширсөн байна. Тиймээс хоёр улсын хооронд хийгдэж байгаа гэрээг хуурамч, жинхэнэ гэсэн хоёр юм бий гэсэн маягтай юм ярьж будилдаг болж, хөөрхий. Нууц ч гэж үзэв. Ингэхэд “Ганцаардсан чонын” эцсийн удаа мөнгө олох алтан боломж үнэхээр энэ байсан байж магадгүй. Насны бөгсөнд юугаар ч дутахгүй, амар тайван амьдрахыг хүн бүхэн л хүснэ шүү дээ. Ямар Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн хоногийн хоолоо олохын тулд гудамжинд гутал тахлаад сууж байлтай биш. Нөгөөдүүлийнхээ адил гадаадад амьдарч, гадаадаар зугаалмаар санагддаг байлгүй дээ. Тиймээс М.Энхсайханыг ард түмнийхээ эсрэг гэрээ хийжээ гэдгийг сонсохоор нэг их буруушаадаггүй. Амьдрал л юм чинь Ардчиллын төлөө анхнаасаа зүтгэсэн нөхдүүдээ бас хараад бяцхан атаархдаг байлгүй дээ.
• Мартагдсан 1072 хувьцаа
Бидэнд ийм хувьцаа байдаг гэдгийг үнэндээ таг мартчихсан явж байсан юм. З.Энхболд л ашгүй санууллаа. Энэ байтугай амлалтанд бид хууртсаар байгаад дассаны илрэл энэ л дээ. Ялангуяа сонгууль бүхний өмнө өгдөг амлалтад эхлээд итгэдэг, учиргүй хөөрдөг, дараа нь мартдаг. Түүнийгээ эргэж хэзээ ч нэхдэггүй. Болох ёстой юм болоод өнгөрсөн юм шиг санадаг, тийм л газар нутаг шигээ уудам сэтгэлтэй, нуур нугас шиг амгалан ард түмэн. Энэ бүхэн үнэнийг хэлэхэд цэнхэр, ягаан тасалбараас эхтэй. Тиймээс хувьцаа энэ тэр гэсэн үгийг огт тоодогүй.
Хэрвээ зөв ойлгосон бол энэ гэрээ батлагдсанаар бидний хувь хүртэх нэг ёсны батламж 1072 ширхэг хувьцаа хувийн MCS компанийн мэдэлд очих байжээ. Төр нь хувьцааныхаа ашгийг өгүүлж чадахгүй байхад, ашиг мөнгө хөөдөг зарчимтай хувийн компани бидэнд хувь хишиг хүртээх үү? Үгүй байлгүй дээ. Тийм тэнэг бизнесмэн өнөөдөр энэ дэлхий дээр байдаг бол цөөхөн биз. Харин манайхан өгнө гэж ярьж өлхөн чадна. Ингэхэд MCS ч тэр, нөхөр С.Баярцогт ч тэр, М.Энхсайхан ч тэр энэхүү хувьцааг ард түмэн аль хэдийнэ мартсан гэдгийг анзаарсан байж таараа. Тоохгүй гэдгийг ч мэдэлгүй яав гэж.
Хувьцааны ногдол ашиг гэж амьдралдаа авч үзээгүй бидний буруу гэж энд юу байхав. Өнөөдөр хувьцааныхаа ногдол ашгаар баяжсан жирийн иргэн бий юу, ингэхэд. Байхгүй. Одоо ч учрыг нь сайн ухаж ойлгоогүй хүн надаас авхуулаад зөндөө. Гэхдээ хувьцаа гэдэг юмныхаа ашгаар өлхөн амьдраад байж болох юм гэсэн нэг муу бүрэг бараг ойлголт өдгөө хүмүүст төрөөд байгаа бололтой харагддаг. Тиймээс 1072 ширхэг хувьцаатайг сануулсан энэ гэрээнд баярлалаа гэхээс яахав.
• Яах бол?
Өдгөө Тавантолгойн талаар ярихгүй хүн гэж алга. Шаагилдаад л байна. З.Энхболд дарга сайндаа ч биш, “Женко”-г дэмжсэндээ энэ гэрээг зогсоож байгаа гэх нэгэн ч таарах л юм. М.Энхсайхан гайхалтай гэрээ хийсэн гэх нэгэн ч байж л байна. Ч.Сайханбилэгийг өмөөрөх хүн ч харагдаж л байна. Гэхдээ ингэж шуугиулсан гэрээ явж явж хэсэг бүлэглэлүүдийн хооронд тохиролцсоноор олон нийтийг хөөрхөн мангартуулсан нэг юм гаргаад тавихаа наадуул чинь мэднэ ээ гэх хүн ч байна. Гэхдээ өнөөдөр манайд үнэхээр шударга төр байгаа юм бол, хуулиа ягштал дагадаг юм бол ийм гэрээ хийсний төлөө Ч.Сайханбилэгийг сандлаас нь буулгаж, М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэлцэх хүмүүс олон болсон байна. Яагаад гэхээр хуулиа уландаа гишгэх тусам, синдикатархуу юмнууд хоорондоо хэрэлдэх бүр ёс суртахуун гэгч юм алгуурхнаар хаа хаанаа алдагдаж, дунд нь савлаж явдаг иргэддээ нөлөө нь илүү муугаар тусдаг нигууртайг өнгөрсөн хугацаанд бид чамгүй олон жишээн дээр харжээ.
Д.Гал
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ямарч гоёор бичлээ Цаад санаа чинь төслийг зогсоох Монголоо боомилох
Н-ын бүлэглэл буюу Ц.Мөнх-Оргил, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэх маш олон хүнтэй бүлэглэл
2008 onii 7 -r sariin 1 nd Ts MunkhOrgil hariutslaga huleeh uu?
энэ төсөл хэнд хэрэгтэй юм малуудаа. тэртэй тэргүй ашигтай ажиллаж байгаа таван толгойг гадаадынханд үнэгүй зарж яах гээд байгаа юм тэнэгүүдээ. төслийг зогсоох могссох гээд ямар мал хуцаад байна аа. чамд үр хүүхэд бий юу шунхуузаа
М.Энхсайханы ард хүзүүгүй Дэлбэгдорж ёронхий цээжээрээ хамгаалан зогсоо.